Х.Балсандорж Харалган болж буй удирдлагадаа л туслах гэсэн юм, бид

Жигүүрийг санаачлагчдын нэг, УИХ-ын гишүүн асан Х.Балсандоржтой хийсэн ярилцлага маань МАХН-ыг цочоосон энэ явдлын талаар нэг мөр ойлголт өгөх байх хэмээн найдна.
Тэрбээр ярилцлагын эхэнд хэлэхдээ, боловсон хүчний нөөц чадавхи, бодлого, үйл ажиллагааны хувьд улс орноо аваад явчих тэнхээтэй улс төрийн хүчин нь МАХН болох нь цагийн саалтад улам бүр мэдрэгдсээр байна. Эвсэл задарлаа. АН-ын дотор тодорхой бус, ээдрээтэй байдал бий болоод байна. Ингээд үндсэндээ МАХН л тулхтай хэвээр үлдэж байна…гэсэн юм.
-Та бүхэн жигүүр байгуулахаар шийдсэн нь МАХН-ын дотоодод ардчилал хумигдсантай холбоотой юу. Та бүхэн тэгж үздэг үү?
-Холбоотой. Манай намын дотоод ардчилал, шударга ёсонд тодорхой хэмжээгээр гажиг суусан гэж бид үздэг. Үүнийг тодруулахын тулд зарим зүйлийг дэлгэрүүлж хэлье. Манай жигүүр Уламжлал-шинэчлэл, ардчилал-шударга ёс гэсэн нэртэй шүү дээ.
Юуны урьд манай нам хамтын шийдвэр гаргадаг байснаа больсон. Боловсон хүчний бодлого алдагдаж, хүмүүсийн ажлыг дүгнэдэг, хариуцлага тооцдог зарчмыг мөрдөхөө байсан. Аливаа шийдвэр гаргахдаа, боловсон хүчнийг шилж сонгохдоо намын бодлого гэдэг үгээр далайлган дээрээс тулгадаг болсон. Мэдлэг, боловсрол, чадварын хувьд тухайн ажил албанд тохирохгүй хүнийг намын удирдлагын цөөн хүний үзэмжээр, танил тал, бэл бэнчинг нь харж томилдог болсон.
Нам нь улс төрийн байгууллагын хувьд улс төрийн нөхцөл байдалд зохицон шинэчлэгдэж байх ёстой. Эргээд харахад манай намын мөрийн хөтөлбөр, дүрэмд өөрчлөх зүйл бий.
Цаашилбал, намын удирдах ажилтнуудын ажлын арга барилыг өөрчлөх шаардлагатай болжээ гэж бид үзсэн. Гишүүдийнхээ үгийг тэд сонсохоо больсноос намын доод шатны байгууллага, гишүүд идэвхгүй болсон. Намын анхан шатны байгууллагуудын бие даасан байдал алдагдсан. Гишүүд нь өөрсдөө мэдээд даргаа сонгохоо больсон. Түрүүчийн хэлснээр Энэ хүнийг сонго гээд дээрээс нь тулгачихна.
Мөн ил тод байдал, олон ургальч үзэл хумигдсан. Үгээ чөлөөтэй хэлж, санаа бодлоо эмээлгүй илэрхийлж болохоо байсан. Ийм байдлаар хандсан хэнийг ч намын удирдлага араандаа зууж, хавчиж хяхан, ад шоо үзнэ.
-Таныг яриаг таслаад нэг зүйлийг тодруулъя. Ийм байдал танай намын дотор чухам хэдийнээс эхэлсэн гэж бодож байна. Энэ чинь хэдхэн өдөр, тэр ч бүү хэл цөөн сарын дотор бий болчихдог зүйл биш шүү дээ?
-2000 оноос эхтэй. Өнгөрсөн дөрвөн (2000-2004 онд) жилийн дотор бүр даамжирсан. Би түрүүчийн ярьж байснаа үргэлжлүүлье. Намын гишүүдэд тавьдаг шаардлага, тэднийг үнэлэх үнэлэмж шударга бус болсон. Төрийн албанд хүмүүсийг томилохдоо ч, тэдэнтэй хариуцлага тооцохдоо ч шударга бус хандана. Намын удирдлагын санаанд л нийцэхгүй бол ямар ч чадалтай хүнд таарах тохирох ажлыг нь өгөхгүй. Шударга шүүмжлэлийг намын дотор хүлээж авахаа байсан. Энэ бүхнийг засч залруулахгүйгээр манай нам цаг үеийн шаардлагаар өөрт нь ногдож байгаа өндөр хариуцлагыг үүрч явж чадахгүй нь гэж бид үзсэн. Тэгээд ч МАХН-д хань болохоор улс төрийн хүчин харагдахгүй байна. Ингээд л харалган болж эхэлж буй намын удирдлагадаа туслах зорилгоор жигүүр байгуулахаар шийдсэн юм.
-Та нарын тухайд янз бүрийн яриа бий л дээ. Ажил албагүй үлдсэн хүмүүс гоморхохдоо жигүүр байгуулсан. Тийм биш юм бол үүнээс өмнө УИХ-ын гишүүн байхдаа, намаа төр засгийн эрхийг дангаар барьж байх үед нь үүнийгээ хэлж байхгүй яасан юм бэ…гэх мэтээр. Би ч бас ийм асуулт тавимаар байна.
-Бид өнгөрсөн дөрвөн жил УИХ-ын гишүүнээр ажилласнаар намынхаа удирдлагад, шийдвэр гаргах төвшинд, улс төрд их ойртсон. Ингэснээр юмыг ойроос харах боломжтой, мэдээлэл ч ихтэй юмсан. Бидэнд нам маань ажил өгөөгүй ч жигүүрийнхний дотор гараа хумхиж, талхны мөнгөө олж чадахгүй байгаа хүн байхгүй. Тийм болохоор ажилгүй хоцорлоо гэж хорсох шалтгаан бидэнд байхгүй. Түүнээс гадна тов нь тодорхой болоогүй ч удахгүй болох намынхаа ээлжит их хурлын өмнө бидний ажилд бий болоод байгаа алдаа дутагдлыг ил гаргаж тавьснаар түүнийг засах боломжийг илүү болгож байгаа юм. Яагаад гэвэл их хурлаар намын даргыг сонгож, хөтөлбөр, дүрэмдээ өөрчлөлт оруулдаг юм. Намын Бага хурлыг бас сонгоно. Өөрөөр хэлбэл, үр дагавар ихтэй томоохон шийдвэрийг их хурлаас гаргадаг.
-Жигүүрийг нам хэрхэн хүлээж авсан талаар зарим мэдээлэл олон түмэнд хүрсэн ч нухчин дарчихав уу эсвэл эвийг нь олоод амыг нь барьчихав уу гэх хардлага байсаар байгаа. Өнгөрсөн бага хурлаас хойш жигүүр нам гүм болсон нь энэ хардлагыг улам лавшруулж байх шиг байна.
-Намын Бага хурлаас өмнө Удирдах зөвлөл, намын дарга нар биднийг зөв зүйтэй асуудал тавьж байна гэж үзсэн. Бидний тавьж буй шаардлагыг Бага хурлаар хэлэлцүүлээгүй ч гаргасан шийдвэрт нь тусгасан. Түүнчлэн жигүүр байгуулах асуудлыг судлаад Бага хуралд танилцуулахыг Удирдах зөвлөлд даалгасан.
Энэ бага хурлаас хойш бид нам гүм болчихоогүй. Намын Удирдах зөвлөлтэй хэрхэн хамтарч ажиллах тухай саналаа ерөнхий нарийн бичгийн даргад хүргүүлчихээд байгаа. Бид намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын асуудал, намын байгууллагуудын үйл ажиллагааны талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах ажлын хэсгүүд байгуулахыг түүндээ санал болгосон.
-Тэгэхээр жигүүр байгуулах асуудлыг судлаад Бага хуралд танилцуулна гэдэг чинь хугацааны хувьд тодорхой биш байна. Удирдах зөвлөл үүнийг судалчихаад Бага хурал болохыг хүлээгээд байх хэрэг үү, эсвэл судалж дуусмагц Бага хурлыг зарлан хуралдуулж уг асуудлыг хэлэлцэх юм болов уу? Ерөөс судалж байна гээд л Бага хуралд оруулахгүй байгаад байх юм биш биз?
-Үүнийг нам л шийдэх байх. Бага хурал чинь жилд хоёроос доошгүй удаа болдог юм. Цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэхээр тусгайлан зарлаж хуралдуулдаг ёс ч бий.
-Эвсэлд багтаж байсан намуудаас сонгогдсон гишүүд УИХ дахь МАХН-ын бүлэгт нэгдэх талаарх та бүхний болгоомжлолыг үл хайхран тэдгээр хүмүүсийг МАХН-ын бүлэг өөртөө нэгтгэж авсан. Үүнийгээ Төр, засгаа тогтвортой ажиллуулахын тулд… гэсэн үгээр халхавчлаад байх шиг санагддаг…
-Энэ асуудалд намынхаа дүрмийн хүрээнд, болгоомжтой хандахыг бид анхааруулсан ч үнэндээ түүнийг хайхраагүй л дээ. Тэгэхээр нь энэ үйлдэл дүрэм зөрчсөн эсэхийг хянаж өгөхийг бид намынхаа Хяналтын ерөнхий хорооноос хүссэн. Тэгээд тус хороо нягтлаад сүүлийн үед Монгол Улсад бий болж буй улс төрийн нөхцөл байдалтай уялдуулж МАХН-ын дүрмэнд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг Удирдах зөвлөлд өгсөн. Ил шууд хэлж чадаагүй ч, энэ нь намын дүрэм зөрчигдсөнийг Хяналтын ерөнхий хороо зөвшөөрсөн болохыг нотолж буй юм.
Уг нь Хяналтын ерөнхий хороо маань зөвлөмж өгөх биш мөрийн хөтөлбөр, дүрмийн биелэлтийг хангуулах, аль алинаас нь гажсан, зөрчсөн шийдвэр гаргасан тохиолдолд түүнийг шууд хүчингүй болгох эрхтэй байгууллага юм шүү дээ. Намын бага хуралтай дүйцэхүйц бие даасан статустай Хяналтын ерөнхий хороо л үүргээ биелүүлж чадахаа байчихсан байна гэдэг чинь манай намд шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй болсныг харуулж буй нэг томоохон баримт. Энэ хороо ажиллах чадваргүй, намын удирдлагын захиалгаар шийдвэр гаргадаг болсон байна.
Хяналтын ерөнхий хороо шийдвэр гаргахдаа улс төрийн үр дагаврыг нь тооцоогүй. Улс төрийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж намын дүрэмд өөрчлөлт оруулдаг байж хэрхэвч таарахгүй. Яагаад гэвэл улс төрийн нөхцөл байдал чинь өдөр хоногоор өөрчлөгдөж байгаа. Намын дүрэмдээ бид мөн өдөр хоногоор өөрчлөлт оруулаад байх хэрэг үү.
Улс төрийн нөхцөл байдал ийн хурдан өөрчлөгдөж буй нь МАХН-аас биш улс төрийн хариуцлагагүй сөрөг хүчний үйл ажиллагаанаас үүдэлтэй юм. Тэгэхлээр дүрэмдээ тэр болгонд өөрчлөлт оруулна гэдэг чинь намаа үгүйсгэсэн, хариуцлагагүй улс төрийн хүчин, хүмүүсийн үйл ажиллагааг дэмжиж өөгшүүлсэн байдлаар хандсан явдал болно. Түүнээс гадна намын дүрмийг хэн ч зөрчиж хэрэгжүүлэхгүй байж болдог юм гэсэн ойлголтыг гишүүд, дэмжигчдэдээ төдийгүй нийгэмд өгнө.
-Та нар Хяналтын ерөнхий хороондоо хандахдаа УИХ-д нэгдсэн бүлэг байгуулсан нь намын дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж өөрсдөө үзэж байна уу, эсвэл зөрчсөн эсэхийг нь мэдье гэсэн юм уу?
-Ерөөсөө УИХ-д нэгдсэн бүлэг байгуулсан нь МАХН-ын дүрмийг зөрчсөн гэж бид үзсэн учраас л ийн хандахад хүрсэн юм.
МАХН-аас л нэр дэвшиж сонгогдоогүй бол УИХ дахь түүний бүлэгт орж болохгүй гэсэн дүрмийн заалттай. Энэ зөрчигдлөө. Намын мөрийн хөтөлбөр, дүрмийн хүрээнд бүлэг үйл ажиллагаагаа явуулна. Намын Удирдах зөвлөл УИХ дахь бүлэгт чиглэл өгнө гэж дүрэмд бий. Тэгэхлээр нэгдсэн бүлэгт орсон сөрөг хүчний 25 хүн манай намын мөрийн хөтөлбөр, дүрэмд захирагдах болж байна уу? Манай намын Удирдах зөвлөл тэдэнд чиглэл өгөх юм уу? Нэгдсэн бүлэг байгуулснаар УИХ дахь МАХН-ын бүлэг дүрмийн энэ заалтыг мөрдөх боломжгүй болж байгаа юм.
УИХ-ын бодлого шийдвэр, түүнээс батлан гаргаж буй хуульд намын бодлогыг тусгуулах үүргийг бүлэгт дүрмээр өгсөн байдаг. Одоо тэгвэл энэ үүргээ биелүүлж чадах уу гэдэг эргэлзээтэй.
УИХ дахь манай намын бүлэг нь гишүүдийнхээ үйл ажиллагааны ёс зүйд дүгнэлт өгөх ёстой. Энэ дүгнэлтийг тэр 25 хүн өгөлцөх үү? Бүлэг нь өөрийн үйл ажиллагааны талаар намын Удирдах зөвлөл болон Бага хуралд мэдээлэл байх ёстой. Энэ мэдээллийг нөгөө намынхан бэлдэлцэх үү? Ийм ийм шалтгааны улмаас бид дүрэм зөрчигдөж
И.Рэнчинханд
/Зууны мэдээ 2005-02-25/