Үзэгчид солонгос киноноос залхаж байна.

Нэгэн хэвийн уйтгартай, улиг болсон үйл явдалтай, уйлаан, дуулиантай эдгээр кино хэдийг хүртэл телевизийн дэлгэцийг эзэгнэх юм бол.
Сериал буюу олон ангит кино гэдэг нь дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн телевизийн киноны нэг төрөл л дөө. Гэвч ийм төрлийн кино нь урлагийн талаасаа хүмүүсийн оюун ухаан, сэтгэхүйд өгөх таашаал, нөлөөлөл, үр өгөөж, мэдээлэл тун хомс байдаг. Ер нь гэрийн эзэгтэй нарт зориулсан савангийн дуурь шүү дээ. Харин сүүлийн үед манай телевизүүд арай л дэндээд байх шиг. Зурагтаа асаамагц л бүх сувгаар нөгөө л улиг болсон солонгос кино. Ядахдаа тэр олон киногоо телевизүүд давхардуулахгүй гаргаж болдоггүй л юм байх даа. Бүр залхмаар Арилжааны телевизүүд нэгдсэн зохион байгуулалтгүй, өөрсдийн бодлого, төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг болохоор ингэж давхардуулан гаргаад байдаг байх. Овсгоотой нэгэн нь Солонгосоос авчирсан киногоо бүх телевизэд бөөндчихөө биз. Нөгөөх киног нь дуу дуугаа авалцсан мэт бүх сувгууд орой бүр нүдэж өгнө. Тусдаа биеэ даасан үйл ажилллагаагаа явуулж буй телевизүүдэд бид тэг, ингэ гэж зааж зааварлах нь утгагүй юм л даа. Бидний үгийг сонсоод арга хэмжээ авах нь юу л бол. Ямар сайндаа л кино найруулагч Г. Жигжидсүрэн гуай Би заримдаа өөрийнхөө хаана байгааг мэдэхээ больчих юм. Монголд уу, эсвэл Солонгост уу. Саяхан телевизүүдийн удирдлагууд уулзаж яилцаад телевизийн нэгдсэн холбоо байгуулахаар болсон гэсэн. Тийм холбоо байвал ядаж тохиролцоо хийгээд солонгос киног телевизийн дэлгэцээс шахан зайлуулах , үгүй ядаж тэдгээр залхмаар кинонуудаа давхардуулахгүй байх талаар ярилцах байлгүй дээ гэж халаглан суух вэ дээ.
Энэ талаар зарим нэг телевизийн кино программын албаныхны санал бодлыг нь сонслоо.
UBS телевикийн кино программын албаны дарга Д. Эрхэмбаяр
-Манай телевизээр Солонгосын олон ангит кино гардаг нь үнэн. Гэхдээ бидний гаргаж буй кинонууд бусад телевизийнхээс арай өөр, онцлогтой болов уу. Өөрөөр хэлбэл, танин мэдэхүй, хүнд өгөх мэдээллийн хувьд илүү өгөөжтэй. Сүүлийн үед бид үзэгчиддээ дандаа Солонгосын түүхэн сэдэвт кинонуудыг түүвэрлэж, цуврал болгон хүргэж байгаа. Манай телевизээр гарсан Тэжангым, Лим Сан У, Хө Жүн зэрэг кино үзэгчдийн сонирхлыг ихэд татсан. Одоо олны хүртээл болж буй Мён Сон хатан кинонд ч үзэгчид ам сайтай байгаа. Сонирхон үзэхгүй байгаа бол манай телевиз рүү тэд байнга утасдаж, энэ киноны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүснэ гэж үү. Хэрэв үзэгчид сонирхсоор байвал бид цаашид түүхэн киногоо цувралаар гаргасаар байх болно.
ТВ-5 телевизийн кино программын албаны найруулагч С. Онон
-Өнөөдрийн байдлаар манай телевизээр Баатрууд, Харвардад учирсан хоёр гэсэн кинонууд гарч байна. Солонгос кино олдоцын хувьд элбэг, үнэ мөнгө нь ч боломжийн байдгаас шалтгаалан манай телевизийнхэн их гаргадаг. Гэхдээ энэ хавраас бид өөрчлөлт хийхээр төлөвлөөд байгаа. Одоо гарч буй кинонуудаа дуусахаар Оросын олон ангит кинонуудыг гаргана гэв.
ТВ-9 телевизийнхэн ч ийм бодолтой байгаагаа ярьсан.
Үнэн бол бид нэг хэсэгтээ ч атугай зарим нэг телевизээр улиг болсон солонгос киноноос салж, нүд, чих амрах нь. Харин MN-25-р суваг телевизийн хувьд нэлээд эртнээс энэ тал дээр анхаарч, солонгос киноноос татгалзаад байгаа аж. Одоо тус телевизээр Хөөрхий Настя гэх Оросын олон ангит кино гарч байгаа билээ.
Хэрвээ телевизийн дэлгэцээр заавал олон ангит кино гарах ёстой л юм бол манайхан өөрсдөө ийм кино хийж болдоггүй юм болов уу. Хөрөнгө мөнгөний хувьд хэцүү л байдаг байх. Гэхдээ харийн хүмүүсийн уйлаан, дуулааныг үзсэний оронд өөрсдийнхнийхөө зовлон жаргалыг үзэж суусан нь дээр шүү дээ.
Ингэхэд үзэгчдээ бодох цаг үнэхээр болсон юм биш үү, эрхэм телевизийн удирдлагууд аа. Хэдий болтол биднийг улиг болсон Солонгосын савангийн дууриудаар бөмбөгдөх юм бэ.
Р. Сарангэрэл
2005.02.26, Монголын мэдээ