Шуудан тээвэрлэлтийн үнэ нэмэгдээгүй

Харин Зам, тээвэр аялал жуулчлалын яам, МИАТ компани, Төрийн өмчийн хорооноос шуудан тээвэрлэлтийн үнэ нэмэгдээгүй гэж хэвлэл, мэдээллийнхэнд мэдэгдлээ. Үнэн хэрэгтээ МИАТ өнгөрсөн онд байгуулсан гэрээнийхээ дагуу хуучин тарифаар үйлчилж байгаа аж. Мөн Аэро Монголиа-гийн үнэ тарифанд ямар ч өөрчлөлт ороогүй гэнэ. Тиймээс Төрийн мэдлийн компани учраас алдагдалтай ч гэлээ ард түмэндээ сонин хэвлэлийг цаг алдалгүй хүргэ. Шуудан тээвэрлэлтийн үнийг нэмэхгүй. Шуудангийн компаниуд алдагдлаа өөр арга замаар нөхөж ажиллахыг хүсч байна гэж Зам, тээвэр аялал жуулчлалын яамны сайд Г.Батхүү эдгээр компанийн удирдлагуудтай хийсэн уулзалтын үеэрээ онцолсон юм.
Мөн ТӨХ-ны дарга З.Энхболд Шуудангийн үнийг нэмэх тухай ямар ч шийдвэрийг бид гаргаагүй. Энэ бол Монгол шуудан компанийн захирлын шийдвэр. Тус компани ТӨХ-ны мэдэлд байгаа цагт үйлчилгээний үнэ тарифийг нэмэхгүй байх бодлого барина гэв. Үүнийг дуулсан Монгол шуудан компанийн дэд захирал Г.Чинзориг Тээврийн компаниудын үнийг нэмсэн тухай бичиг манайд ирсэн болохоор тэгж ойлгосон. Хуучин тариф хэвээр гэдгийг ойлголоо гэсэн тайлбар өгөв.
Э.ГАНАА
(өнөөдөр 2005-02-28 048)