Ярвигтай дахин сонгууль өчигдөр яс саллаа

ӨВЛИЙН ХҮЙТЭН ДЭХ ИДЭВХТЭЙ СОНГУУЛЬ
Өчигдөр болсон 18 дугаар хэсэг дээрх санал хураалт хууль ёсоороо өглөөний 7.00 цагт эхэлжээ. Орой 20.00 цагт биднийг Баянзүрх дүүрэг дээр ирж 59 дугаар тойргийн хорооны дарга Ё.Сүхбаатартай уулзахад тэрээр нэрсийн жагсаалтад 4361 хүн бичигдсэнээс 1870 нь саналаа өгч санал хураалт 42,8 хувьтай байгааг мэдэгдсэн юм. Саналын хуудсыг үзэхэд анх өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд болсон УИХ-ын сонгуульд уг тойрогт нэр дэвшсэн МАХН-ын Ж.Гүррагчаа, Эх орон-Ардчилал эвслийн Сам.Отгонбаяр, Монголын Үндэсний эв нэгдлийн нам (МҮЭНН)-ын М.Намсрай, Монголын Либериал нам (МЛН)-ын Ц.Сайнбаяр, БНН-ын Б.Энхсайхан, бие даагч Д.Хувьтөгөлдөр, Г.Галина нарын долоон хүний нэр хэвээрээ байлаа. Харин Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч Сам.Отгонбаяр дээрх сонгуульд оролцохгүй гэдгээ шүүхэд гаргасан нэ хэмжлэлдээ учирласан боловч СЕХ үүнийг хууль ёсоор боломжгүй гэж үзсэн учир өчигдөр болсон 18 дугаар хэсгийн дахин сонгуульд яах аргагүй оролцоход хүрчээ. Сам.Отгонбаяр аль зун болсон анхны сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчааг илт давуу ялсан гэж үзсээр ирсэн юм. Тэрээр УИХ-ын сонгуулийн эцсийн дүнгээр өөрийгөө 2118, МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчааг 1863 хүний санал авсан гэсэн дүн гарсан гэж үзэж байгаа. Гэвч нийслэлийн Захиргааны хэргийн шүүх үүнийг нь эс харгалзан үзэж 59 дүгээр тойргийн болон уг тойрогт багтах 18, 22 дугаар хэсгүүдийн дарга нарын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн ийнхүү тойргийн хэсгүүдэд дахин сонгууль явуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнийг нь хэдийгээр нэр дэвшигч Сам.Отгонбаяр эсэргүүцэж шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим үл хэрэгссэнээр тэрээр ийнхүү сонгуульд оролцож байна. Энэ тайлбарыг тойргийн хорооны дарга Ё.Сүхбаатар мөн өчигдөр бидэнд өгч байлаа. Ингээд түүнээс өчигдөр болсон дахин санал хураалтын явцын талаар зарим зүйлийг тодруулсан юм.
-Санал хураалт дахь иргэдийн оролцоо идэвхи хэр байна вэ? Ноцтой, маргаантай зүйл гарав уу?
-Зун, намар дамжсан нөхцөлд, өвөл хүйтэн байдалд болж байгаа гэхэд иргэдийн идэвхи, оролцоо харыцангуй өндөр, сайн болж байна. Ноцтой зүйл алга. Бидэнд ямар ч байсан энэ талаар хэсгийн хорооноос болон сонгогч иргэдээс маргаантай асуудал гарсангүй. Уг нь дахин санал хураалт болж буй 18 дугаар хэсэгт Улиастай, Хужирбулан, Баатархан уулын гээд хол ойрын хороонууд хамрагддаг, өргөн хүрээлэлтэй газар юм байна.
-СЕХ-ноос энэ удаагийн санал хураалтыг сүулчийн удаа болж байгаа гэж мэдэгдсэн. Санал хураалтад хэдэн хүн оролцсон, хэдэн хувьтай ч бай, гарах дүнгээс үл хамааран гол нь сонгууль буюу санал хураалт хууль ёсны гэдгийг батлах учиртай гэдгээр эцсийнх гэж үзээд байгаа юм уу?
-Яг ингэж ойлгож болохгүй. Сүүлчийн удаагийнх гэ-дэг нь үнэн. Манай 59 дүгээр тойргийн дүн одоо бол гол хоёр нэр дэвшигч Ж.Гүррагчаа 10206 хүний, Сам.Отгонбаяр 10072 хүний санал авсан, Ж.Гүррагчаа С.Отгонбаяраас 134 хүний саналаар илүү ийм байдалтай байгаа шүү дээ. Энэ бол өнгөрсөн оны зургадугаар сарын 27-нд болж өнгөрсөн УИХ-ын сонгуулийн дүн. Манай 59 дүгээр тойрог сонгуулийн санал хураалтын долоон хэсгээс бүрддэг. Дээрх дүн 18 дугаар хэсгээс бусад үлдсэн 6 хэсэг дээр гарсан дүн. Өнөөдөр энэ 134 хүний зөрөөн дээр 18 дугаар хэсэг дээр ийнхүү санал өгөгдөж байна гэж хэлж болно гэв.
АЖИГЛАГЧИД ЗӨРЧИЛТЭЙ 300 ХҮНИЙГ ХӨӨЖ ГАРГАЖЭЭ
Биднийг дахин сонгууль болж буй 18 дугаар хэсгийн санал хураалт явагдаж буй байранд 20.30 цагт очиход гадаа хэдий харанхуй болсон ч хэл хөдөлгөөн ихтэй, хэсгийн сонгуулийн санал хураах байрны өмнө микро автобусууд эгнээд зогсчихсон байлаа. Тэнд очиход хүмүүс саналаа өгөхөөр 3-5-уулаа ирцгээж байгаагаас харахад санал хураалт их идэвхитэй болж байгаа нь мэдрэгдэнэ. Саналаа өгөөд гарч буй Сарантуяа, Авид зэрэг хүнээс санал бодлыг сонсоход Сонгууль яршигтай, ярвиг ихтэй болж байгаа ч бид тухайн нэр дэвшигчээ дэмжих уүднээс ийнхүү ирж саналаа өгч оролцож байна гэлээ. Санал хураалтын байранд ороход ажиглагчаар гэхэд арваад хүн эгнээд суучихсан хэл ихтэй, их сонгууль болсон зургадугаар сарын 27-ны өдрийг өөрийн эрхгүй санагдуулж байлаа. Энд нэр дэвшсэн 7 хүнээс бие даагч хоёрынхоос бусдын ажиглагчид бүгд оролцож байлаа. Тэр ч байтугай Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (БНОУХ)-гийн төлөөлөгч, АНУ-ын Элчин сайдын яамны улс төрийн зөвлөх гээд гадаадын хоёр ч хүн ажиглагчаар сууж байна. Хэдийгээр нэр дэвшигч Сам.Отгонбаяр дахин санал хураалтад оролцохгүй гэсэн боловч түүний нэр дэвшсэн Эх орон-Ардчилал эвслийн төлөөлөгч, ажиглагч энд оролцож байв. Ч.Нарантуяа гэж өөрийгөө танилцуулсан түүнтэй уулзахад
-Би яг нэр дэвшигч С.Отгонбаярын бие төлөөлөгч ажиглагч биш, Эх орон намаас сууж байгаа юм. Энд бэлтгэл, зохион байгуулалтын хувьд үнэхээр санаанд таарсан юм алга. Аль өнгөрсөн намрын бүртгэл, сонгогчдын нэрсийн жагсаалт тэр хэвээрээ байна. Тэгсэн мөртлөө зургадугаар сарын 27-ноос хойш энэ хэсэгт шилжин ирсэн, суурьшсан хүмүүсийг санал хураалтад оруулж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болж байна гэв. Түүнийг хэлснийг дэргэд нь суугаа БНН-ын ажиглагч дэмжиж, бид зөрчилтэй 300-400 хүнийг хөөж гаргаад байна. Бүр хаа байгаа Баянгол дүүргийн болон Төв, Дундговь аймгийн хүмүүс ч ирж саналаа өгч байна гэлээ. Энэ талаар хэсгийн хорооны дарга Л.Раднаасэд, нарийн бичгийн дарга Б.Эрдэнэчимэг нараас асуухад гар ч буй ноцтой зүйл байхгүй. Шилжиж ирсэн хүмүүс саналаа өгөх явдал гарч буй боловч бид зохицуулж болиулах арга хэмжээ авсан. Ийм хүмүүст сонгогчийн үнэмлэх бичигдсэн явдал бий гэж байлаа. Дахин санал хураалтад зардал хэр нэмэгдэн гарч буйг эсэхийг хэсгийн хорооны дарга Л.Раднаасэдээс тодруулахад унаа, хоолны мөнгө гэж бидэнд 150 мянган төгрөгийг өгсөн гэж байв.
Дугаар шилжих мвчид Санал хураалт хууль ёсоор 22.00 цагт зогсч саналын хуудсыг тоолох мөчид бид 18 дугаар хэсгийн хорооны төлөөлөгчтэй холбоо барихад нийт 1990 хүн саналаа өгчээ. Ийнхүу хотын тээврийн газраас мөнгөө төлж хөлсөлсөн микроавтобуснуудаар сонгогчдоо урьж залсан энэхуу сонгууль хэмээх жүжигт хувьсгалт нам нь ялсан тухай мэдээ эхний явуулын дөрвөн хайрцагнаас гарлаа. Дахин санал хураалтын албан ёсны дүнг бид маргаашийн дугаартаа мэдээлнэ.
Б.БОЛД
(өдрийн сонин 2005-02-28 053)