Айвенхоу Майнз гэрээг Хятадтай хийсэн байж болохыг үгүйсгэхгүй.

Төслийг боловсруулах ажлын хэсэгт орж ажилласан УИХ-ын гишүүн Ц. Цэнгэлтэй энэ сэдвээр ярилцлаа.
-Цахилгаан хангамжийг манай тал өөрийн дотоодын эх үүсвэрээс шийдвэрлэх боломжтой гэж үзсэн техник эдийн засгийн үндэслэлд Айвенхоу Майнз -ийнхэн эргэлзэж байгаа. Үүнд та ямар байр суруьтай байна?
-Одоо манай цахилгаан станцуудын хүчин чадлын ашиглалтыг эрс нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашгийг сайжруулахын тулд цахилгааны хэрэгцээг нэмэгдүүлэх том хэрэглэгч хэрэгтэй байгаа. Тийм том хэрэглэгчийн нэг нь Оюу толгойд байгуулах уулын баяжуулах үйлдвэр бөгөөд энэ нь Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрээс хоёр дахин их цахилгаан хэрэглэж, улмаар улсын хэмжээний цахилгааны хэрэглээг нэмэгдүүлэхээр байгаа юм. Өнөөдөр хэрэглээний төвшин доогуур байгаагаас голчлон цахилгаан станцууд суурилагдсан хүчин чадлынхаа 50 хүрэхгүй хувийг ашиглаж байна. Оюу толгойд баригдах үйлдвэр 2013 онд бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд нийт 1,9 тэрбум квт цаг цахилгаан хэрэглэж одоогийн ханшаар тооцоход 50 орчим тэрбум төгрөгийн орлого оруулах тооцоо гарч байна. Ийм бололцоог дотоодын үйлдвэрлэгчдэд олгосноор бүтээгдэхүүний өртөг хямдарч үйлдвэрлэж түгээсэн цахилгааны орлого нэмэгдэн салбарын санхүү, эдийн засгийн байдал ч сайжрах юм. Улаанбаатараас Оюу толгой хүртэл Мандалговиор дайруулж 580 км урт хоёр шугам барих замаар шийдвэрлэх боломжтой талаар манай мэргэжлийн инженерүүд холбогдох тооцоог хийсэн байгаа.
-Хамгийн гол нь манай төвийн эрчим хүчний системийн найдвартай ажиллагааны баталгаанд асуудлын гол байгаа гэж тэд үзэж байгаа юм билээ?
-Энэ шугамын найдвартай байдлыг дээшлүүлэхийн тулд Мандалговьд 220/35/10 кв-ын дэд станц барин Чойр-Мандалговийн шугамтай холбон ТЭЦ-4 Мандалговь, Мандалговь-Оюу толгой гэсэн холбоосыг бий болгосноор Улаанбаатараас Мандалговь хүртэл гурван шугамтай болж цахилгаан дамжуулах системийн найдвартай ажиллагааг бүрэн хангах бололцоо бүрдэх юм.
-Энэхүү шугам дэд станцыг барихад шаардагдах хөрөнгийн асуудал мөн л хүндрэлтэй биш үү?
-Шугам дэд станцыг барихад шаардагдах хөрөнгө оруулалт 50 орчим тэрбум төгрөг. Зардлаа нөхөх хугацаа нь найм хүртэл жил байх урьдчилсан тооцоо гарсан. Үүнээс гадна манай төвийн эрчим хүчний систем ОХУ-ын системтэй холбоотой ажилладаг учраас шаардлагатай үед эрчим хүчийг тасралтгүй дамжуулах бололцоотой.
-Айвенхоу Майнз -ийн зүгээс эрчим хүч авах санал тавьж байгаа Өвөр Монголын эрчим хүчний системийн гол станцууд хамаагүй ойр биш үү?
-Оюу толгойн ордод хамгийн ойр оршдог 220 квт-ын дэд станц нь 300 гаруй км зайтай л даа. Гэхдээ зайны хол, ойр нь ажиллагааны найдвартай байдалд төдийлөн нөлөөлөхгүй. Хятадын хойд хэсгийн эрчим хүчний системийн гол станцуудын нийлбэр хүч чадал нь 3000 Мвт орчим бөгөөд цахилгаан дамжуулах гол шугам нь Бээжин болон төв хэсэгт чиглэсэн урсгалтай. Хэрэглээний өсөлтийн хурд ихтэй тул эх үүсвэрүүдэд нь хүч чадлын дутагдал гарч байгаа. Тэгээд ч хойд хэсгийн цахилгаан хангамж хүрэлцдэггүй тул Оросоос импортоор авах талаар ярилцаж байгаа юм билээ. Байгаль цаг уурын хувьд ч манайтай ижил төстэй учраас цахилгаан дамжуулах шугамд гарах тасралт саатал нь манайтай ижил.
-Айвенхоу Майнз -ын мэргэжилтнүүд байгаль орчинд хортой аргаар үйлдвэрлэсэн эрчим хүч ашиглах тохиолдолд хөрөнгө оруулалтын зориулалтаар авах зээлийн асуудалд хүндрэл гардаг гэж мэдэгдэж байсан?
-Өвөр Монголын эрчим хүч үйлдвэрлэх гол үйлдвэрүүд бүгд л манайтай ижил нөхцөлөөр цахилгаан, дулаан үйлдвэрлэж байгаа шүү дээ. Гэхдээ Айвенхоу Майнз Хятадын талтай эрчим хүч нийлүүлэх гэрээ байгуулчихаад ийм алхам хийгээд байна уу гэсэн дүгнэлт хийж байгаа хүмүүс бий. Тийм байж болохыг үгүйсгэхгүй. Айвенхоугийн тал үйлдвэр байгуулагдсанаас хойш долоон жилийн дараагаас Монголоос эрчим хүч авья гэсэн санал тавьж байгаа. Харин манай тал 110 квт-ын нэг хэлхээ 120 мм-ийн хөндлөн огтлолтой цахилгаан дамжуулах шугамаар 40 мВт-аас ихгүй цахилгаан эрчим хүчийг дөрөв хүртэлх жилийн хугацаагаар импортолж гэрээнд заасан хугацаа дуусгавар болмогц Монголоос эрчим хүч ав гэсэн байр суурьтай байгаа.
Н. Чулуунбаатар.
/Ардын эрх 2005-02-28/