Япон бүсгүйчүүд гэрлэх сонирхолгүй

Төрөлт багасч хүн ам нь улам бүр хөгширч байгаа Японы хувьд энэ нь эмгэнэлтэй хэрэг юм. Санал асуулгад оролцсон арван эмэгтэйчүүд тутмын долоо нь ганц биеэрээ хорвоог туулахад хэцүү юм огт байхгүй, ганцаараа байна гэдэг аз жаргал гэж үздэг аж.
Японд төрөлт улам бүр багасч байгаа агаад төрөх насны эмэгтэйчүүдэд ноогдож байгаа төрөлт 2003 онд 1.29 болсон нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойш гарч байгаагүй муу үзүүлэлт гэнэ. Энэ тоо Токиод бүр багасч ердөө 0.9 хувьд хүрчээ. 2004 оны аравдугаар сарын байдлаар Японы хүн ам 127 сая 687 мянга байхад өсөлт маш бага ердөө 0.05 хувьтай гарсан.
Yomiuri сонинд бичсэнээр санал асуулгад оролцсон 20-иод настнуудын 74 хувь нь, 30-аад настнуудын 66 хувь нь , 40-өөд настнуудын 58 хувь нь гэрлээгүй эмэгтэй хүн аз жаргалтай амьдрахад саад болох юм байхгүй гэж үздэгээ хэлжээ.
Хэрэв эмэгтэйчүүд ийм бодолтой хэвээр байх юм бол Японы хүн амын тоо цөөрсөөр 2050 он гэхэд одоогийнхоос 27 саяар буурч 100.6 саяд хүрнэ гэж мэргэжилтнүүд тооцоолжээ.
Японы Засгийн газар Яаралтай арга хэмжээ авахгүй бол хүн амд эзлэх хүүхдийн тоо огцом буурч яваандаа улс орны эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлнэ гэж мэдэгджээ.
О.ТОГОО
(өнөөдөр 2005-03-01 049)