56 суманд 43 мянга гарай мал хорогдоод байна.

ХХААЯ-ны мал аж ахуйн хэлтсийн дарга П. Ганхуяг
Он гарснаас хойш нийт нутгуудаар орох хур тундасны хэмжээ нэмэгдсэн,энэ сарын 14-18-нд Дорнод, Сүхбаатар, Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орлоо.
Энэ сарын 22-ны байдлаар 43,6 мянган мал зүй бусаар хорогдоод байгаа. Хорогдсон малын 80 гаруй хувь нь дээрх аймаг сумынх. Байдал хүндрээд байгаа газар болон бусад аймаг урьдчилан сэргийлэх, шуурхай арга хэмжээ авах үүднээс малчдад улсын нөөцийн цэг салбаруудаар дамжуулан эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөнгөлөлттэй үнээр өвс олгож эхлээд байна. Хөнгөлөлттэй гэдэг нь улсын нөөцөд хоёр жил хадгалагдсан өвсний үнийг 30, нэг жил хадгалсаныг нь 15 хувиар хөнгөлж байгаа. Өнөөдөр малчид маань төлбөрийн чадваргүй байгаа учраас өвсийг гэрээ байгуулан зээлээр олгохыг зөвшөөрсөн. Жилийн эцсээр мөнгийг нь төлж барагдуулахаар гэрээ хийж байгаа. Байдал хүндэрсэн зарим аймагт тэжээлд орсон малыг тэнхрүүлэхээр 24,4 сая төгрөгийн эм, тариа олгоод байна. Хэнтий, Баян-Өлгий, Ховд, Завхан аймагт холбогдох газрын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн улсын комисс томилж, үнэлгээ хийлгэж байгаа. Үнэлгээ хийлгээд яг гамшгийн байдлад хүрчээ гэвэл тодорхой арга хэмжээ авна. Засгийн газрын хуралдаанаар Дорнод аймгийн асуудлыг хэлэлцсэн. Орон нутагт явсан мэргэжлийн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөж байна.
ГХЕГ-ын мэргэжлийн удирдлагын газрын орлогч дарга, хурандаа Ч.Батчулуун
-Улсын нөөцөд өнөөдөр 19 мянган тн өвс, 10 орчим мянган тн тэжээл байгаа. Засгийн газрын 26 дугаар тогтоол гарлаа. Энэ тогтоолын дагуу мал өвөлжилт, хаваржилт хүндэрсэн тохиолдолд аймгийнх нь Засаг дарга улсын нөөцийн газартай гэрээ хийгээд 2005 оны сүүлийн хагаст мөнгөө эргүүлж төлөх нөхцөлтэйгээр өвс, тэжээл авч болно. Улсын нөөцийн салбартай гэрээ хийх журмыг аймгуудад хүргүүлчихлээ. Малчид, Засаг дарга нар ч хүсэлт гаргаж байна. Саяхан болсон Засгийн газрын хуралдаанаар мал хаваржилтын нөхцөл хүндрээд байгаа Дорнод аймгийн талаар авч хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулаад бусад аймагт нөхцөл ямар байгаа, цаашид энэ мэтчилэн асуудлыг цувуулаад байхгүй. Мал хаваржилтын нөхцөл байдал гурав, дөрөв, тавдугаар сард цаг агаар ямар байх, цасны зузаан, нягтрал ямар байгаа юм бэ гэх мэтчилэн нарийвчилан мэдээллийг Ус, цаг уурын хүрээлэнгээр гаргуулж, малчдад сэрэмжлүүлэхээр болгов. Малчдын хүч хөдөлмөр шаардсан мал төллөх нэн хариуцлагатай үе ирээд байна. Холбогдох гурван газар хамтраад дүгнэлтээ гаргаад аль аймагт ямар хэмжээний хүндрэл үүсч болзошгүй, үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд улсын нөөцийн өвс, тэжээлийг хаана хэрхэн байршуулж, малчдад хэрхэн хүргүүлэх талаар санал боловсруулж, Сангийн яаманд оруулахаар болсон.
Хэнтий, Дундговь, Баян-Өлгий, Өмнөговь зэрэг аймагт цас их орсноос зам даваа хаагдсан учир, өвс, тэжээл хүргэх зардалд Засгийн газрын нөөцөөс тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлж байсан.
Д. Мягмар.
/2005.02.28 Зууны мэдээ /