АН мөхөх үү, үлдэх үү

АН-ын дотоод зөрчил Эх орон-ардчилал эвсэл татан буугдсаны дараа улам хурцадсан юм. Хоорондын толхилцлоос болж АН сар илүүтэй хугацаанд удирдлагагүй болж орхив. Одоо ч гэсэн Р. Гончигдорж, М. Энхсайхан хоёрын хэн нь намыг удирдаж байгаа нь тодорхойгүй. Улсын дээд шүүх өнгөрсөн оны сүүлчээр болсон АН-ын ҮЗХ-ны хурлаас гаргасан шийдвэрийг хүчингүйд тооцсон юм. Тодруулж хэлбэл, Р. Гончигдоржийг намын даргаар сонгосон ҮЗХ-ны хурлыг дүрмийн бус гэж үзсэн.
Харин Р. Гончигдорж болон тус намын цөөнгүй гишүүн шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрсөнгүй. АН дотор нүүрлээд буй энэхүү зуд тус намын жирийн гишүүдэд таалагдахгүй байгаа бололтой. Өнгөрсөн баасан гаригт АН болон МоАХ-ны хэсэг гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэж, АН-ыг аврах хөдөлгөөн байгуулснаа зарлав. Тус хөдөлгөөнийхөн УИХ дахь гишүүддээ хандаж хэд хэдэн заалт бүхий шаардлага хүргүүлжээ. Тухайлбал, УИХ дахь МАХН-ын бүлэгт дагаар орсон гишүүдийг бүлгийн харьяаллаас татгалзах, ирэх гуравдугаар сарын 7-ноос өмнө УИХ-д АН-ын бие даасан бүлэг байгуулахыг шаардсан байна. Хэрэв дээрх шаардлагыг эс биелүүлбэл АН-аас хөөх гэнэ. АН-ыг аврах хөдөлгөөн-ийхөн хөдөөгийн анхан шатны байгууллагууддаа хандаж тэмцэхийг уриалсан бичиг үйлджээ.
Энэ хэвлэлийн бага хурлыг хийлгэхийн өмнөх өдөр Э. Бат-Үүл, Б. Батбаяр, Да. Ганболд нар АН-ын Үндэсний чуулганыг хуралдуулах санал гаргаснаа сэтгүүлчдэд мэдэгдсэн юм. АН-ын ҮЗХ-ны нэр бүхий 45 гишүүн, УИХ-ын гишүүн М. Энхсайханд хандаж нэгэн шаардлага хүргүүлсэн байна. Уг бичигт АН-ын Үндэсний чуулганыг яаралтай хуралдуулахыг шаарджээ. Энэ мэт шаардлага, мэдэгдэл, тунирхлууд АН-ын удирдлагуудын зүг хөвөрсөөр байна. АН-ыг аврах хөдөлгөөн-ийг санаачлагч Ш. Нанжид Манай намын удирдлагууд сонгуулийн үеэр жирийн гишүүд биднийг баахан ашигладаг. Тэгсэн хэрнээ төр засгийн эрхэнд гарсан хойноо мартчихдаг нь гэм биш зан. Тэгсэн атлаа дандаа бидний нэрийг барьж худал ярьдаг. Ер нь жирийн гишүүд бид одоогийн ҮЗХ-нд итгэхээ больсон. Шуудхан хэлэхэд, АН-ын ҮЗХ жирийн гишүүдийнхээ үзэл бодол, эрх ашгийн эсрэг ажиллаж байна. АН-ын дүрмийн гацаа, удирдлагын хоёрдмол байдал, манай намыг улс төрийн тавцангаас бүрмөсөн арчиж мэдэх нь. Бидэнд Р. Гончигдорж, М. Энхсайхан нарын хэн нь ч хэрэггүй хэмээн гомдлын үг хэлж сууна. Энэ бол АН-ын жирийн гишүүнийг үг. Харамсалтай нь, тус намын удирдлагууд тамгатай, тамгагүйгээр сайрхаж, намынхаа байранд цэрэгжүүлсэн байдал зарлачихаад сууж байна.
Нэгдмэл зохион байгуулалтгүй болж, хүч нь суларсан АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадах болов уу. Юутай ч АН-д нүүрлээд буй зөрчил, үл ойлголцол, бие биеэ давах гэсэн оролдлого жирийн гишүүдэд нь таалагдахаа болиод удаж байна. АН-ын хоёрдмол удирдлага, ҮЗХ-ны үйл ажиллагааг эсэргүүцсэн хөдөлгөөн Дорнод, Сэлэнгэ аймаг, Нийслэлийн Хан-Уул, Баянгол дүүрэгт өрнөжээ. Иймэрхүү тэмцлүүд цаашид ч нэмэгдэхгүй гэхийн баталгаа байхгүй. Намын анхан шатны байгууллагынхан том толгойтой удирдлагуудтайгаа хариуцлага тооцохоор шийдсэн нь энэ юм. Энэ бүхэн намаа аврах гэсэн зовнил, эсвэл бие биеэ даах гэсэн улс төрийн ээлжит тоглолт хоёрын аль болохыг цаг хугацаа харуулах биз ээ.
Б. Түвшинтөгс
2005.02.28 Зууны мэдээ