Зөрчлөөр дүүрэн жүжиг үзэгчдийн таашаалд ихэд нийцэв

Тэрсхэн охид, хүү, өвөө, бас бие биедээ халуун дотно хос хоёр. Тэд архинд нэлээн халамцсан бололтой. Үгүй ээ, архи биш, виски, брэнди, өөр юу ч уусан байж болох л доо. Төд удалгүй тэд бүжиглэхээ больж хэн нэгний тухай яриа үүсгэв.
Ингэхэд дээрх хос эхнэр, нөхөр биш болж таарлаа.
Эзэгтэй нөхрийгөө муулсхийж, өвгөн хүргэнээ өмгөөлсхийв
Харин эмэгтэйн нөхөр, өвгөний хүргэн, за байз, нэг үгээр юу гэж хэлдэг билээ, аан тийм, гэрийн эзэн хаана байв аа. Дээд давхарт байгаа юм болов уу. Харцаа дээш бэлчээж гэрийн эзнийг хайлаа. Тэнд ундуй сундуй. Өрөөнд хайш яйш байруулсан хэдэн зурагнаас өөр нүдэнд торох зүйл байсангүй.
Доод давхрынхан Тэрбиш тасарчихсан байлгүй гэж таамаглсан ч дээшээ гарч үзэхээр шийдлээ. Гэрийн үйлчлэгч эмэгтэй дээд давхарт гармагцаа орь дуу тавих нь тэр. Гэрийн эзэн амиа хорлочихож, цээжин дээр нь буу тавиастай.
-Эндээс үйл явдал өрнөлөө. Ядахад тэнгэрийн ааш зан таагүй гэж жигтэйхэн. Аянга нижигнэж, цахилгаан цахилах нь муу зүйл ёрлосон юм шиг,.
Аавыгаа, эр нөхрөө, амрагаа алдсан охид, хүүхнүүдийн нулимстай аадар бороо зэрэгцэнэ.
Тэрбишийн цорын ганц хүү чихэвчний хөгжмөөс салж хагацна гэж үгүй. Төрсөн эцгийнхээ нас барсныг сонссон ч гашуудахыг хүссэнгүй, газар дээрх ганц хүү нь. Дуртай хип хоп дуунаасаа ганц хором ч атугай хөндийрнө гэдэг туйлын харамсалтай санагдсан уу, бүү мэд, дусал нулимс ч урсгасангүй. Амьд сэрүүнд нь хошуугаа дэвсээд ирэхэд нь үнсүүлсэн удаа бараг л байхгүй гэсэн.
Харин жүжиг эхлэхэд гэрийн эзэгтэйтэй илт дотно харьцаатай байсан эрэгтэй хэн байсан бэ?
Түүнийг Төмөр гэх. Төмөрийг ээжийнхээ амраг гэдгийг охид нь сайн мэдэх аж. Охид битгий хэл, эр нөхөр нь ч мэддэг байсан нь хачирхалтай.
Төмөр Тэрбишийн найз. Тохьтой томоотой, олонд хүндлэгдсэн, сайхан сэтгэлтэй зураач найзынхаа гараар могой бариулах хүсэлтэй тэрээр Тэрбишийг парламентын гишүүн болоход гүн туслалцаа үзүүлсэн гэдгээрээ ямагт түрээ барина.
Та нарын сайн сайхан амьдарч байгаа миний л ач тус , Чи надад тэр тендерийг заавал авч өгөх ёстой, маргааш сүүлийн өдөр . Ийм сүрдүүлэгтэй гэрийн эзэн өдөр тутам тулдаг байж….
Дүүрэн зөрчил. Жүжгийн турш зөрчил. Энэ гэр бүл зөрчлөөр дүүрсэн байв. Бодит амьдрал дээр тийм их зөрчил байгаа ч уу, үгүй ч үү. Ийн бодоход хүргэсэн уг жүжиг детектив кино үзэж байгаа мэт сэтгэгдэл төрүүллээ.
Хэн хамгийн сүүлд дээд давхрын өрөөнд орсон, хэн хамгийн сүүлд Тэршбиштэй хамт байсан гэдэг асуулт жүжгийг өрнүүлсэн юм.
Хүн амины хэрэг гарчихсан гэж байдаг. Гэвч цагдаа сэргийлэх, түргэн тусламжийн аль нь ч ирээгүй. Дуудахыг хүссэн боловч утас нь эвдэрсэн байх юм.
Хотоос зайдуухан орших зуслангийн байшинд эл үйл явдал болсон болохоор гар утасны талаар саналтгүй аж. Гадна нь байсан хоёр ч машины дугуй хагарсан. Ингээд тэд ойрхон хаа нэгтээ алуурчин байна хэмээн үнхэлцгээ хагартал айж үүр цайтал гэртээ бүгэхээс өөр аргагүйд хүрэв.
Охид Төмөрийг алуурчин гэж хуруугаараа чичлэн гэрээс гарахыг хориглов. Өнөө сайн эр Би та нарын эцэг шиг, хань шиг явж ирсэн. Эцэст нь ингэж хүн амины хэрэгт сэжиглэгддэг байжээ гэж уйлагнах нь жигшим.
Төмөр найзынхаа гэргийтэй, эр эмийн харьцаатайгаар зогсохгүй, том охиныг нь мөнгөөр хууран бусармаг явдалдаа уруу татдаг байсан нь ч тодорхой болж, охин аавдаа хүртэл хэлж байжээ. Энэ орой шившигт эрийн хүүхдийг тээж яваагаа дуулгаж, тэгээд үр хөндүүлэх мөнгө шаардлагатай байна гэж нэхсэн. Нулимс амталсан энэ л шөнө ээж нь бас нэгэн нууцаа задлалаа.
Дахиад л зөрчил… Том охин нь Тэрбишийн хүүхэд биш болж таарлаа. Ээж нь хайртай хүнээсээ түүнийг олчихоод хаягдсаныхаа дараа Тэрбиштэй учирсан юм байж. Саяхан болтол том охиноо миний хүүхэд гэж бодож явсан хөөрхий гэрийн эзнийг амиа хорлоход хүргэсэн шалтгаануудын нэг нь гарцаагүй энэ нууц.
Жүжгийн үйл явдал ердөө ганцхан шөнийн турш үргэлжилж байгаа гэдгийг дахин санаарай.
Хүргэнээ өрөнд орчихоод хүнд хэцүү байхад улсын хөрөнгөнд хуруу дүрж, хав дарсан мөнгөө авсандаа аваад орохыг хүсдэг өвөөгөө ч ач охид нь мэддэг байжээ. Бас хүү нь аавыгаа гэрийн үйлчлэгтэй янаг амрагийн холбоотой гэдгийг ч мэднэ.
Энэ гэр бүлд бүх зүйл хөл толгой нь мэдэгдэхгүй эрээ цээрээ алдсан…
Жүжгэн дунд жүжиг тавигджээ. Бага охин нь аавтайгаа хуйвалдан энэхүү нулимстай жүжгийг тавьсан аж. Үзэгчид нирхийтэл инээлдлээ.
Аав нь амьд. Нөхөр нь, найз нь, хүргэн нь амиа хорлоогүй, тэр ч байтугай бүгдийг дээд өрөөнөөсөө сонсож. Тэр дээлээ өмсөөд шатаар бууж ирлээ. Энэ агшинд нүгэлтэй бүхэн нүүрээ хийх газаргүй болсон ч … Тэрбиш дээд давхартаа гарч цоо шинэ цаас дэлгэн тавилаа.
Шинэ зураг зурах нь дээ. Энэ үед тэрээр гэрийн үйлчлэгч эмэгтэйгээ сонгоод энэ аалзны тор шиг муухай амьдралаас явах болов уу гэсэн бодол төрлөө.
Түүнтэй хамт эндээс яваасай гэж хүссэн ч тэр гэр бүлээ сонгочихлоо. Өвөө, гэрийн үйчлэгч, бас Төмөр бүгд гарч явав.
Аадар бороо ч намджээ. Үүр цайлаа. Түүний дэлгэн тавьсан цагаан цаасан дээр нар тусч байна.
Ж. Индраанил.