Улаан улангасч байна

МАХН ирээдүйн Ерөнхийлөгчөөр хэнийг тодруулах нь бас л дотоодын зөрчил хүчний хуваарилалтын чигээс хамаарна. Чухам энэ үед овсгоотой зарим улс төрчид од шүүрдэг цаг. Шадар сайд Ч.Улаан Ерөнхийлөгч болохын төлөө эрчимтэй ажиллаж эхэллээ. Тэрээр урьд өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэж хэлж байсан боловч дургүйцэхээ больж тэрч байтугай хэвлэлээр асуулт бэлтгэн тавиулж Монгол таймс сониноор өөртөө та Ерөнхийлөгч болно гэж захиа бичүүлэв. Энэ сониноор МАХН-ын нүглийг Н.Энхбаярт овоолуулаад Улаан өөрөө уснаас хуурай гарахаар санаархав. Бас Зүүн аймгуудын засаг дарга нараар хурдан хонгор унага даага бэлэглүүлэх шоу наадам бэлэн болжээ. Сүхбаатар аймгийн нутгийн таван сайдтайгаа өерийгөө дэмжүүлэхээр нууц хэмжээнд тохирсон гэсэн мэдээ ирлээ. МАХН-ын нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн та Ерөнхийлөгчийн сонгуульд дэвших үү гэсэн асуултад манай намаас Н.Энхбаяр, Ч.Улаан гээд хүчтэй лидерүүд бий гэлээ. Тэгэхээр Улаан гэдэг сайд МАХН дотроо номер хоёр гэсэн үнэлгээтэй байдаг аж. Бас хоёр ч сонинд ирээдүйн Ерөнхийлөгч Ч.Улаан гэсэн мессеж өгчээ. МАХН-ын жигүүрийнхнийг хамгийн түрүү дэмжсэн хүн бол Ч.Улаан гэсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди Н.Энхбаярыг дэмжихгүй, харин Ч.Улааныг намаасаа гаргахын төлөө чармайна. Ч.Улааныг МАХН-аас нэр дэвшүүлж ялуулахын төлөө МАХН-ын бага хурлын дотор Ч.Улааныг дэмжсэн безнес эдийн засаг, зүүн аймгийн хүчтэй баг сонинд захидал бичүүлэх ярилцлага өгүүлэхээс авахуулаад морин уралдаан зохион байгуулах, дээл хантааз хийлгэхийг нь хүртэл зааж РR хийж эхэлсэн. Дашрамд сонирхуулахад, Улааны гол имиж нь их жанжны нутгаас Ерөнхийлөгч тодроно гээд хөх торгон дээл хүрэн торгон хантааз жанжин малгай, хурдан зээрд морь гээд бүгдийг төлөвлөсөнд гэнэ. Ширэн гэртэй маузер буу л дутуу юм байх. Дээл гэснээс Ч.Улааныг Ерөнхийлөгч болоорой гэж бичсэн захидал хэвлэгдсэн сонин дээр одоогийн Ерөнхийлөгч Н.Багабандийн сар шинээр ард түмэндээ зориулан хэлсэн үгэнд онцолсон улс орныг баллах урт шар дээлтэй хүн нь Н.Энхбаяр юм байна. Урт шар дээлтэй хүний учруулж болох хохирлоос болгоомжил гэдэг маань их жанжин шигээ хантаазтай хүнийг гарга гэсэн үг байж болноо доо. 2000-2004 онд Ч.Улаан Ерөнхийлөгч Ерөнхий сайд хоёрын яг дунд нь яс хаяж явсан юм. Энэ үед алан хядагчтай холбоотой гэгдсэн 130 сая долларын зээл авах гэсэн баримт гэнэт олдсон. Энэ 130 сая долларын хэрэгт. Энхбаяр, О.Чулуунбат нарыг орооцолдуулж, түүнийг хувиарлаж суусан Ч.Улаан гэмгүй үлдсэн. Жишээ нь Ч.Улаан шударга хүн болох гэж Худалдаа хөгжлийн банкнаас хоёр сая доллар төсөвт авах гэтэл Н.Энхбаяр авилагч хүн болохоороо энэ мөнгийг төсөвт өгөхгүй гээд Засгийн газрын тогтоолыг өөрийн гараар өөрчилсөн баримт Сангийн яам хавиас үл үзэгдэх замаар гараад ирсэн. Н.Энхбаярын гараа угаасан гээд байгаа 3,5 тэрбум төгрөгийн авсан өгсөн хүний жагсаалт бүгд хэвлэлээр зарлагдсаны ард Ч.Улаан гэмгүй хүн болж дуулиан шуугиан бүр өнгөрсний дараа, манай даргыг худлаа гүтгэлээ, Ерөнхий сайдад мөнгө идэх ямар ч эрх байдаггүй гэж жүжиглэсэн дээ. Хэрвээ Ч.Улаан халхавч болно гэж албан тушаалаа ашиглан дарамтлаагүй бол Гаалийн Баатар өнөөдөр Улаанд дөрвөн өрөө байр сууц өгч, охиныг нь ажилд авсаны төлөө чихээ халууцуулж, сонгуульд нь бүхэл бүтэн гаалийн газрыг хөдөлгөж, эцэст нь авилгалын бух хэргийг үүрч шорон гяндандаа тулахгүй байсан. Авто замын холбогдолтой бүх авилгалын мөнгө, тендер Улаанаас гадуур шилжээгүй. Эрх баригчдын толгойд халтай хөрөнгө санхүүгийн бөөн будлиан. Эдгээр баримтыг сөхөж задлаж чадах ганц хүн Ч.Улаан гэдгийг одоо хүртэл хэн ч мэдээгүй юм. Ч.Улаан хэрвээ Ерөнхийлөгчид нэр дэвшвэл угийн коммунист хатуу байр суурьтай түүнийг дэмжих магадлал МАХН-д бас бий. Өөрөөр хэлбэл МАХН-ын доторхи хуучны хатуу байр суурийг баримтлагчдаас дэмжлэг авна. Монголын нийгэмд өөр намынх бол дайсан гэсэн хуучин ойлголтыг Ч.Улаан өгч Манай дайснууд толгойгоо өндийлгөж байна гэсэн үгийнх нь шүлс нь хатсан боловч хэлсэн ам нь хэвээрээ байна. Үүнийгээ ч баталгаажуулан төрийн хөрөнгө иддэг уудаг орон нутгийн хуучин удирдлагыг шадар сайдын тушаалаа ашиглан томилж, томилуулж манай намын хүний үсийг ч хөдөлгөж болохгүй гэж дарамталж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн шийдвэрлэх эүйл нь өөрийн хармаан дахь мөнгөний хэмжээ байдаг. Ч.Улааны хувьд Монгол Улсын мөнгийг барьж гааль, авто зам зэрэг авилгалын суутэй үнээнүүдийг хариулж байсны хувьд сонгуулийн зардал дээр хүнээс, эсвэл намаасаа царай алдахгүй болсон хүн. Сайдын 170 мянган төгрөгийн цалингаар саятан болсон овсгоотой толгой. Ч.Улааныг хөрөнгө санхүүгийн талаар дэмжигчид бас бий. Тэд нь Н.Энхбаяр, О.Чулуунбат нарын олон улсын хэмжээний бүлэглэлийг бодвол бага гарынхан байдаг. Ч.Улааны өөртөө бичүүлсэн захидал болон нийгэмд өгч байгаа ойлголтод Н.Энхбаяр ердөө л нэг орчуулагч, харин би бол Монголын эдийн засгийг 10 хувь хүртэл өсгөсөн хосгүй эдийн засагч. Цаашид Монголын улс төрийг эдийн засагч аварна гэсэн марксист ойлголтыг өгч чадаж байна.
Энэ нь өөриигөө нэрэн дээрээ Н.Энхбаяр Ерөнхий сайд боловч нэдэр дээрээ Ч.Улаан Ерөнхий сайд гэж хэвлэлээр рекламдуулснаас тодорхой харагддаг. Чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийг дарамталж, болж л өгвөл ял асуун 300-500 сая төгрөг нэхэмжилж ял тулгадаг нь Ч.Улаан байдаг. Гэхдээ бас бүх сэтгүүлчийг биш ээ. Өөрийнх нь тухай магтан дуулсанд нь гар татдаггүй.
Ч.Улаан Н.Энхбаярыгаа өмөөрсөн болж шүүх дээр улаан нүүрээрээ мөргөлдөхөөрөө Би тэгсэн юм биш, чамтай ямар ч өс хонзон байхгүй, Ерөнхий сайд суулгахгүй байна гээд гоншгонодгийг нь мэдэх юм.
Тэрбээр намын дарга Н.Энхбаяртаа тиим ч үнэнч биш. Энхбаярыг эмнэлэгт хэвтсэн хойгуур нь Ерөнхийлөгч руу сэмхэн гүйж, ерөнхий сайдын асуудлыг хөндсөн нь Н.Энхбаярт дуулдаж сандаргаж байсан гэдэг. Улаан хэрвээ намаасаа нэр дэвшиж чадвал моринд дуртай, бас нягтлан бодогч улс төрийг удирдана гэж тооцдог стандарт сэтгэлгээтэй ард түмний хувьд түүнийг сонгох магадлал өндөр. Улс төрийн хүчнүүдийн дахин хуваарилалтын өнцгөөс авч үзвэл жинхэнэ МАХН-ын төлөө өөриигөө золиослох хамгийн аюултай хүч коммунистууд баталгаатай дэмжинэ. Хэрвээ өнөөгийн 61-ийн бүлэг дундаасаа нэг хүнийг Ерөнхийлөгчид дэвшүүлэн, санал нэгдэж, улс орны тогтвортой байдлын төлөө, бас дэлхийд хүлээн зөвшөөрөгдөх Ерөнхийлөгчтэй байя гэвэл Ч.Улаан дэм авах магадлал даанч үгүй гэж горьдоно. Урвадаг урвадаг гэхэд ардчилсан намын хорин таван Дүлзэн ч Улааныг дэмжихгүй. Хар дарсан зүүд шиг өнгөрсөн дөрвөн жилд Ч.Улаан гэдэг коммунист үзсэн онолынхоо дагуу нутгийн өөрөө удирдах ёс, орон нутгийн эрх хэмжээ, бүр давраад адилхан засгийн газрын гишүүдийнхээ мөнгө-ний хэмжээг хасч, санхүүгийн хувьд зах зээлийн эдийн засгаас төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагт шилжүүлж чадсан юм. Ч.Улаан энэ эрчээрээ зутгэвэл одоогийн Ерөнхийлөгчийн дэмжлэг, МАХН-ын жигүүрийн түлхээс, түүн дээр Н.Энхбаярт дургүйчүүдийн саналыг авч болох талтай. Улааныг Ерөнхийлөгчид дэвшүүлэх хамгийн таатай хөрс нь Н.Энхбаярын айдас юм. Н.Энхбаяр өөрөө юу хүссэнээ хийж чадна. Түүнд намаасаа дэвших Ерөнхийлөгч болоход ч саад байхгүй, түунийгээ ч мэдэж байгаа. Хамгийн том аюул нь өөрийгөө хичнээн ариун хүн гэлээ ч нийгэмд нэгэнт хүлээн зөвшөөөрөгдсөн дарангуйлагч мөн болсон. МАХН-ын дотоод ардчилалгуй тэгээд өөрийн дуулгавартай хөрөнгө санхүүгийн олигархуудын хүчээр Н.Энхбаяр МАХН-ыг тогтоон барьж байна. Хэрвээ Н.Энхбаяр дэвшвэл МАХН бутарч Ардчилсан намын хувь заяа давтагдана. Н.Энхбаярын хувьд Ардчилсан намын хорин таван Дүлзэн-гийн дэмж-лэг найдвартай бий. Тэгснээрээ одоо үр хөврөл байгаа Монголын ардчилсан хөгжлийн нам (МАХНам)-ын зүг чиг тодорч магад. Харин аюул нь Н.Энхбаярын хувьд намаасаа дэвших Ерөнхийлөгч болох амархан ч Ерөнхийлөгч байх хэцүү. Засгийн газрыг тэргүүлж байхдаа хийсэн нүгэлдээ, УИХ-ын дарга байхдаа огцрохыг шаардсан цуг-лааны уриа болж байгаа хүн Ерөнхийлөгчид авирвал Украины Ерөнхийлөгчийн эмгэнэлт хувь эаяа давтагдана гэсэн үг. Үүнийг Н.Энхбаяр мэдрэхгүй байхын аргагүй. МАХН-аас Ерөнхийлөгчид дэвших магадлалтай дараагийн хүн бол Д.Идэвхтэн юм. Гэвч тэрээр говийн хүн болохоороо Улаан шиг улангасахгүй, эгэл даруу говь бүсгүй-н зан гаргаж ичингүйрээд байна. Товчхондоо дүгнэж хэлэхэд МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд яригдаж байгаа Н.Энхбаяр эргэлзэж, Улаан улангасч, Идэвхтэн ичингүйрч байна.
Г.ДАШРЭНЦЭН
(өдрийн сонин 2005-03-01 054)