Хайку шүлгүүд

Шөнийн тэнгэр дор
Сувдаар туучиж алхнам
Саран уснаа зүүрмэглэнэ
Уулс бүжиглэж
Үүлс нисэлдэхэд
Хөх яргуй инээнэ
Энгэрийн модонд
Хөхөө өндөглөчихөө юу
Ижий аав минь хааччихваа
Ихэмсэг бурхдын дүр
Ижийн минь дэргэд
Номхорно
Зөрүүлсэн ханцуй жинднэ
Зөрөг зам эзэнгүй…
Заавал ирэх ёстойсон
Гацуур бид хоёр
Байр байрандаа торойно
Усан давалгаална
Далавч дэвэхүйд цэв цэнхэр
Дандаа тэгээд нов ногоон
Зүүд ажээ
Нууранд хөвсөн оддыг
Нэг нэгээр нь тоолон
Нүцгэн гараараа түүнэм
Сүүдрээ нуусан наран
Сүүн инээд бялхуулахад
Сормуус хүртэл бүлээхэн
Бүүр түүрд сүүмэлзэж
Бүжин туулай хярах нь
Бүсгүйн сэтгэл
Гар ирвэгнүүлээд
Гадагш чавхдах нь
Ганц эгшнийх
Нүүж байгаа үүлсийн
Нүд болохсон
Нар мөн ч ойрхон байгаа даа
Ээж минь илбэх шиг
Энэ салхины
Зөөлхнийг ээ
Ганц шаргал навч
Уснаа хөвөх нь
Санаа алдмаар
Д.Отгонжаргал