Боловсролын утга учир

Тухайлвал, Их Британи, Швед зэрэг орнуудад суралцагсдын 50 хувь нь дундаас дээш, Францад суралцагсдын 80 хувь бакалаврын боловсролд хамрагдсан байх зорилт тавьсан аж. Канцлер Шроедерийн Германы эдийн засгийн бэрхшээлийг даван туулах гол арга нь бас боловсрол, тэр дундаа одоо хаашаа хийхээ мэдэхгүй байгаа дээд боловсролтонгуудаа нэмэгдүүлэх явдал байна.
Засгийн газрууд эдийн засгийн хөгжил, цэцэглэлд хүрэхийг гол ажлаа гэж үздэгийн дээр боловсролыг үүнд хүрэхэд нэн шаардлагатай бөгөөд найдвартай арга хэрэгсэл гэж үздэг. Гэтэл тийм бил үү?
Мэдлэгийн эдийн засаг-ийн өрсөлдөөнийг тэсч гарахын тулд тухайн улс оронд дээд боловсрол, тэнхимийн сургалтын мэрэгжил, мэрэгшил эзэмшсэн хүмүүс л шаардлагатай гэж бидэнд сургадаг. Гэтэл боловсрол маань манай улс төрчид, бизнесийнхний төсөөлж байгаа шиг эдийн засгийн өсөлтийг тэр болгон авч ирдэггүй байна. Юу гэвэл, илүү боловсрол илүү өсөлтөд хүргэх тухай үзэл хэрэгжихгүй байгаагаар барахгүй тийм итгэл, үнэмшлээс үүдэлтэй боловсролын бодлого залуу хүмүүсийн ирээдүй, боловсролын өөрийнх нь чанарт ноцтой сөрөг үр нөлөө үзүүлж байна.
Боловсрол эдийн засагт чухал гэдэг нь нэг талаар зөв. Орчин үеийн нийгэмд боловсролтой хүн хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ бүгд л инженер, химич, докторууд байх биш, дажгүйхэн захидал, албан бичиг биччих, хэцүүхэн маягтыг зөв бөглөчих чадвартай, даатгалын бодлогыг тайлбарлаж дөнгөх, үйлдвэрийн машины электрон өгөгдөхүүнийг тайлж унших чадвартай сая сая хүн сая саяаараа хэрэгтэй байна. Эдгээр чадварын заримыг зөвхөн их сургуульд эзэмших байх. Бусдыг бага, дунд сургуульд эзэмшиж болно, ингэхийг ч зорих хэрэгтэй.
Ажил олгогчид өндөр боловсролтой ажилчин авах хандлагатай байдгийн хирээр өндөр боловсрол шаардсан ажлын тоо өсдөг. Гэтэл миний л мэдэх бүх судалгаанаас үзэхэд, Британид хийсэн ч бай, Скандинав, Америт ч хийсэн бай, тэр өндөр боловсрол шаарддаг гэх ажлууд нь дээд боловсролгүй хүн тэдгээрийг гүйцэтгэдэг байсан үетэй харьцуулахад төдийлөн илүү мэдлэг, чадвар шаарддаггүй байна. Ингэхээр ямар ч байсан энэ талаар нийгмүүд хэт өндөр боловсролтой болсон байна.
Ингэж үзэх учир дутагдалтай байж бас болно. Өндөр боловсролтой ажилчин ажлаа илүү үр ашигтай гүйцэтгэдэг байж болно. Энэ тохиолдолд боловсролын чадамж, эдийн засгийн өсөлт хоорондын харилцаанд өөр онцлог шинж байдаг байж таарна. Гэтэл бас үгүй. Сүүлийн үед эрчимтэй үйлдвэржсэн орнууд засгийн газрын боловсролын бодлогын стратегийг амжилттай хэрэгжүүлсэн нь эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлж буй мэт байв. Гэвч ийм тохиолдол болгонд (Өмнөд Солонгос, Хонг Конгд мөн адил) эдийн засгийн ийм үсрэнгүй өсөлт төвлөрсөн боловсролын бодлоготой ямар ч холбоогүй байсан байна. Харин тэнд эцэг, эхчүүд хүүхдүүдээ хамгийн нэртэй, сайн сургуульд өгч амьдралтай нь залгуулахыг урьтал болгох болжээ. Эцэг, эхчүүд бэл бэнчинтэй болсон хойноо л ингэдэг нь дэлхийн хэмжээнд батлагдсан зүйл билээ.
Түүнээс гадна Өмнөд Солонгос, Хонг Конг болон бусад хөгжиж буй орнуудад өндөр боловсрол төрийн хүнд суртлын алба, цагаан гартны ажлын төлөө өрсөлдөөнийг тэтгэсэн болохыг эндээс харж болно. Эдгээр орны жишээ олон улсын томоохон судалгаагаар боловсрол, эдийн засгийн өсөлт хоёрын хооронд яагаад урвуу харилцаа гараад байдагт тайлбар болно.
Египт үүний сонгодог жишээ болно. 1970-1998 оны хооронд Египтэд бага сургуульд элсэгчдийн коэффициент 90 хувь давж, дунд сургуулийн энэ үзүүлэлт 32 хувиас 75 хувь болон өсч, дээд боловсрол эзэмшигчид 2 дахин өссөн. Гэтэл энэ зурвас үеийн эхэнд Египт дэлхийн 47 дахь ядуу орон байснаа 48 руу орсноор дуусгажээ.
Боловсрол, эдийн засгийн өсөлт хоорондын харилцаа маргаантай болох нь зөвхөн хөгжиж буй орнуудтай хамаатай юм биш. Швейцарь улс нэгэн зууны турш дэлхийн хамгийн баян улсын тоонд орсоор ирэхдээ байгалийн баялагаасаа болсонгүй. Тэнд их сургуульд суралцагсдын тоо Баруун Европтоо хамгийн доогуур хэмжээнд байсаар байна.
Олон улсын судалгаанд хүүхдийн сурлагын байдлыг тухайн орны эдийн засгийн хөгжлийн сүүлийн 20 жилийн байдалд харьцуулан үзэхэд ямар нэгэн харилцаа байдаггүй гэсэн сонирхолтой дүн гарсан байдаг. Тэгэхээр хөгжингүй орон болгон мэдээжийн хэрэг боловсролтой хүн амтай байх хэрэгтэй ч боловсрол өндөр байх тутам хөгжил, дэвшил өндөр байна гэсэн үзэл бол төөрөгдөл ажээ.
Тэгэхээр энэ юу гэсэн хэрэг вэ? Мэдээж, боловсролд эдийн засгийн үүргээс гадна өөр үнэ цэнэ бий. Тиймээс засгийн газраас боловсролд анхаарах санаачлагыг шүүмжлэдэгээ зогсоож, магтах хэрэгтэй юм болов уу.
Ингэх нь тэгэхдээ боловсролыг эрэгдэж, шурагдах хандлагын сүүдэртэй талыг үл хэрэгссэн хэрэг болно. Өндөр боловсрол шаардсан ажил бий болгох нь диплом, гэрчилгээтэй байх шаардлагыг нийтлэг болгож, түүний ач холбогдлыг мөн өсгөнө. Урьд өмнө сургуулиас зөв боловсрол олж авалгүй гарсан хүн шал угаахаас эхлээд яаж ийгээд аргаа олдог байв. Өнөөдөр ингэх боломжгүй болж, бид хүүхдийн амьдралыг 10-н хэдэн настайгаас нь тодорхойлох болов.
Их сургуульд суралцах явдал нийтлэг болохын хирээр үйлдвэрлэл болон мэргэжлийн сургалтанд хамрагдах залуусын тоо цөөрнө. Гэтэл эдийн засагт урлагийн дээд боловсролтны арми гэхээсээ сайтар бэлтгэгдсэн ажилчид илүү хэрэгтэй байна.
Цаашилвал, дээд боловсролыг огцом өсгөх нь сургалтын чанарт муугаар нөлөөлөх нь олонтаа байна. . Боловсрол олгох үйл ажиллагаа нь хүнтэй ажилладаг учир өртөг өндөртэй байдаг. Эдийн засгийн шууд үр ашиг, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт гэж боловсролд байхгүй. Багш нарын тоо өсөхийн хирээр нэг хүнд ноогдох цалин буурч ирсэн нь тэдний ажлын чанарт муугаар нөлөөлж байна. Их сургуулийн анги, танхимууд томорч, оюутны сурлагын чанар муудах болов. Боловсролын төсвийн бүтцийн бусад хэсгийн зориулалтаас болж их, дээд сургуульд түшиглэсэн шинжилгээ, судалгааны ажлыг зохих хэмжээнд авч явахад бэрхшээлтэй болж байна.
Тэгэхээр энэ нь хүчтэй эдийн засаг, иргэншсэн, соёлтой нээлттэй нийгэм өөд хөтлөх үнэхээр хамгийн зөв зам мөн үү?
/Алисон Вулф/
/Forum.mn /