Ж.Гүррагчаа мянга гаруй саналаар илүү ялав

Дахин санал хураалтаар 59 дүгээр тойрогт өрсөлдсөн гол хоёр нэр дэвшигч Ж.Гүррагчаа (МАХН)1567 хүний, Сам.Отгонбаяр (Эх орон-Ардчилал эвсэл) 327 хүний санал авсан байна. Энэ талаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ны дарга Ж.Ядамсүрэн өчигдөр мэдээлсэн юм.
Ж.Ядамсүрэн
-УИХ-ын сонгууль болсон 2004 оны зургадугаар сарын 27-ны өдөр 59 дүгээр тойргийн 18 дугаар хэсэгт хураасан саналыг УИХ-ын Сонгуулийн хуулийн 40 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн Г-д заасны дагуу хүчингүйд тооцсон юм. Ингээд тус тойргийн хорооны шийдвэрээр 18 дугаар хэсэгт дахин санал хураахаар болж энэ нь өнгөрсөн ням гаригт явагдаж өнгөрлөө. 2004 оны их сонгуулийн хадгалагдаж байсан саналын дүн болон өнгөрсөн ням гаригт болсон дахин санал хураалтын дүнг нэгтгэн 59 дүгээр тойргийн нийт дүнг албан ёсоор гаргахад МАХН-аас нэр дэвшигч Ж.Гүррагчаа 11773 хүний буюу 50,15 хувийн, Эх орон-Ардчилал эвслээс нэр дэвшигч С.Отгонбаяр 10399 хүний буюу 44,29 хувийн, Монголын үндэсний эв нэгдлийн нам (МҮЭНН)-аас нэр дэвшигч М.Намсрай 69 хүний буюу 0,41 хувийн, Монголын либериал нам (МЛН)-аас нэр дэвшигч Ц.Сайнбаяр 483 хүний буюу 2,06 хувийн, БНН-аас нэр дэвшигч Б.Энхсайхан 415 хүний буюу 1,77 хувийн, бие даан нэр дэвшигч Д.Хувьтөгөлдөр 148 хүний буюу 0,63 хувийн, Г.Галина 158 хүний буюу 0,67 хувийн санал тус бүр авчээ. Энэ мэдээллийнхээ дараа СЕХ-ны дарга сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
Сонгогчийн үнэмлэхийг дахин бичсэнд СЕХ хамаагүй гэж үү
-Дахин санал хураалтад нэмэгдэл зардал хэр гарав?
-Нэмэгдэл зардал гэж СЕХ-ноос нэг ч төгрөг гараагүй. Сонгогчдын саналын хуудас өмнө нь хэвлэгдсэн нь хүртээмжтэй байсан. Харин хэсгийн хороон дээр ажилласан ажилтнуудын хоол, унааны зардал дүүргээс гарсан байх.
-Санал хураах байрны өмнө их олон микроавтобус байсан нь ямар учиртай вэ. Нийтийн тээврийн газраас хөлсөлж үйлчилсэн гээд байгаа. Үүн дээр тухайн нэр дэвшигчидтэй холбоотой зүйл гарав уу?
-Цаг агаар хүйтэн, сонгогчид 3-5 км холоос явган ирэхтэй холбогдуулан микро-нуудыг хэсгийн хорооныхны хүсэлтийн дагуу дүүргээс нийтийн тээврийн үйлчилгээний газарт хандан зохион байгуулсан юм билээ. Энэ нь тухайн нэр дэвшигч юмуу улс төрийн аль нэг намтай ямар ч холбоогүй юм.
-18 дугаар хэсгийн дахин санал хураалт дээр гарсан ганц ноцтой зөрчил нь УИХ-ын үндсэн сонгууль явагдсан өнгөрсөн оны зургадугаар сарын 27-ноос хойш тус хэсэгт шилжин ирсэн, суурьшсан буюу дахин санал хураалтад орох ёсгүй хүмүүст сонгогчийн үнэмлэх олгож санал хураалт өгүүлэх гэсэн явдал байсныг ажиглагчид ярьж байсан. Сонгогчийн үнэмлэхийг хэн дахин бичиж өгсөн юм бэ. Үүний хариуцлагыг СЕХ үүрэх ёстой биз дээ?
-Ийм явдал гарсан. Хороо хорины дарга нарын гаргаж өгсөн оршин суугчдын нэрсээр ингэж бичсэн байгаа юм. Тэнд бичсэн зүйлийг энд байгаа СЕХ яаж хариуцах вэ дээ…
-Сонгуульд ялсан нэр дэвшигч Ж.Гүррагчаа УИХ-ын гишүүний үнэмлэхээ хэзээ гардан авах вэ? УИХ-ын 24 дүгээр тойргийн дахин санал хураалтын асуудал юу болж байна вэ, хэзээ явагдах вэ?
-59 дүгээр тойргийн санал хураалтын албан ёсны дүнг СЕХ 15 хоногийн дотор Ерөнхийлөгчид өргөн айлтгаж үүний дараа улмаар УИХ-д мөн өргөн мэдүүлнэ. Ингэснээр УИХ гишүүнийхээ бүрэн эрхийг баталгаажуулна. 24 дүгээр тойргийн асуудал шүүхэд хэлэлцэгдсээр байгаа. Шүүх шийднэ.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хэзээ явагдах вэ?
-Энэ оны тавдугаар сарын 22-ны ням гаригт болно. Улс төрийн намуудаас хүнээ нэр дэвшүүлэх ажиллагаа ирэх гуравдугаар сарын 28-наас эхэлж дөрөвдүгээр сарын 2-нд дуусна. Дөрөвдүгээр сарын 5-наас нэр дэвшигчдэд СЕХ-ноос үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа эхэлнэ дээ.
МN-25 дугаар суваг телевиз СЕХ-г гүтгэсэн гэв үү…
Хэвлэлийн бага хурлын төгсгөлд СЕХ-ны дарга Ж.Ядамсүрэн сэтгүүлчдийг нэгэн зүйлд ихэд учирлуулсан. Тэр нь СЕХ-нд Аудитын газраас саяхан хийсэн хяналт шалгалт байлаа. Тодруулбал МN-25 дугаар суваг телевизээр дээрх шалгалттай холбоотой зарим ташаа мэдээлэл гарсан гэнэ. Үүнд СЕХ-ны дарга харамсаж байгаагаа илэрхийлж үүнийг залруулсан тайлбар өгсөн нь түүний сэтгүүлчдэд хандсан учирлал нь байв. Тэрээр МN-25 дугаар суваг телевиз СЕХ-г өнгөрсөн УИХ-ын болон орон нутгийн сонгуульд 8,2 сая төгрөгийг өөрийн дотоод үйл ажиллагаандаа зарцуулсан, 700 сая төгрөгөөр саналын хуудас дахин хэвлүүлсэн хэмээн мэдээлснийг энэ бол гүтгэлэг, ташаа мэдээлэл хэмээн эсэргүүцэж байв. Ингэхдээ тэрээр сэтгүүлч, сурвалжлагчдыг сонгууль болон сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудтай холбоотой аливаа мэдээллийг хагас дутуу болон таамаглах байдлаар битгий бичиж мэдээлж, тавьж байгаач. Энэ нь нөгөө та нарын хэлдгээр хүмүүсийн тархийг угаасан буруу үйлдэл болно хэмээн захисан юм. Ж.Ядамсүрэн дарга энэ тайлбараа далимдуулан 2004 оны УИХ-ын сонгуульд 696 сая төгрөг төлөвлөгдсөнөөс 545,8 сая төгрөг батлагдсан. Үүнийг УИХ хэлэлцэж баталдаг юм. Дээрх зардлыг СЕХ сонгууль өнгөрснөөс хойш долоо хоногийн дотор хууль ёсоор Сангийн яаманд тайлагнаснаа учирлаад авна лээ.
Б.Болд
/2005.03.1, Өдрийн сонин /