61-ийн бүлгийн талаар хэн юу хэлэв?

Улстөрийн энэ үйл явцыг улстөрчид, судлаачид, ажиглагчид харилцан адилгүй дүгнэж байгаа юм. 61-ийн бүлэг хэмээн нэрлэгдэх болсон УИХ дахь МАХН-ын бүлгийн талаар хэн ямар байр суурийг илэрхийлснийг хамтдаа сонирхоцгооё.
Аймшигтай явдал.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга М. Энхсайхан
-Энэ явдал хатуухан хэлбэл парламент байхын утга учрыг алга болгож байгаа алхам. Улс орныг ямар ч үзэл сурталгүй болгож байгаа явдал. Өөр өөр улстөрийн хүчнүүдийн янз бүрийн гишүүд сонирхлоороо нэгдчихсэн, ямар ч улстөрийн зарчимгүй, улс орныг эрхэм зорилгогүй, үзэл санаа, философгүй болгож байгаа аймшигтай явдал. Өөрөөр хэлбэл, манай нийгмийг салхинд хийсч яваа хамхуул мэт болгож байна шүү дээ. Хаанаас л хүчтэй дуугарнав, тэр өнгө аясыг дагаж хөдөлж байдаг. Хаанаас л салхи салхилнав, тэрийг л дагаж шуугиж байдаг ийм л аюултай байдал руу улс орныг аваачиж байгаа нь хамгийн ноцтой юм./ Өдрийн сонин. 2005.№ 051/872/
Энэ бол маш эмгэнэлтэй жүжиг байсан.
АН-ын ҮЗХ-ны гишүүн, МоАХ-ны тэргүүн УНДЕГ-ын дарга С. Эрдэнэ.
-Бодит байдлаас үүдээд ямар алхам хийвэл ашигтай байх вэ гэдгийг тооцох хариуцлагатай цаг үе ирсэн. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн шийдэл зайлшгүй хийх хэрэгтэй болсон. Тийм байдалд хүргэхэд манай намын зарим гишүүд гол үүрэг гүйцэтгэсэн байгаа. Би энд нэг зүйлийг онцлон хэлэхийг хүсч байна. МАХН-ын бүлэгтэй нэгдсэн 25 гишүүнээс гадна нэгдээгүй үлдсэн гишүүд бий. Тэд 25 гишүүнээ МАХН-ын бүлэгт нэгдэн орохоос өөр аргагүй байдалд оруулаад өөрсдөө баатарлаг, жинхэнэ ардчилагчид болж үлдсэн. Энэ бол маш эмгэнэлтэй жүжиг байсан гэдгийг улстөрд 15 жил зүтгэснийхээ хувьд харамсан хүлээж авсан. / Ардын эрх.2005. № 38/059/
Дүрэм зөрчигдсөнийг хяналтын ерөнхий хороо зөвшөөрсөн…
МАХН-ын Уламжлалт, шинэчлэл, шударга ёс бүлгийн санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн асан Х. Балсандорж.
-Эвсэлд байсан гишүүдийг МАХН-ын бүлэгт нэгтгэх асуудалд намынхаа дүрмийн хүрээнд болгоомжтой хандахыг бид анхааруулсан ч үнэндээ түүнийг хайхраагүй л дээ. Тэгэхээр нь энэ үйлдэл дүрэм зөрчсөн эсэхийг хянаж өгөхийг бид намынхаа Хяналтын ерөнхий хорооноос хүссэн. Тэгээд тус хороо нягтлаад сүүлийн үед Монгол Улсад бий болж улстөрийн нөхцөл байдалтай уялдуулж МАХН-ын дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн зөвлөмжийг Удирдах зөвлөлд өгсөн. Ил шууд хэлж чадаагүй ч энэ нь намын дүрэм зөрчигдсөнийг Хяналтын ерөнхий хороо шийдвэр гаргахдаа улстөрийн үр дагаврыг нь тооцоогүй. Улстөрийн тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж намын дүрэмд өөрчлөлт оруулдаг байж хэрхэвч таарахгүй ./ Өнөөдөр 2005 он№ 046/2395/
Нэгдсэн бүлэг гэж хуйвалдааны үүр
УИХ-ын гишүүн БНН-ын дарга Б. Жаргалсайхан
-Би уг нь ажил хийх гэж УИХ-д сонгогдсон. Энд ороод ирсэн чинь УИХ дотор дахиад нэг УИХ гараад ирэх шив дээ. Бүр чуулганаас илүү эрх дархтай. Нэгдсэн бүлэг гэж хуйвалдааны үүр болж байна. Анх байгуулагдахад нь би эднийг хамтарч ажиллах нь гэж ташаа ойлгож байж. Р. Гончигдорж, С. Оюун хоёр хөтлөлцөж очоод хор найруулаад яваа нь бас гайхалтай санагдаад байгаа юм. Тэр хоёр ямар их амбийцтай
/2005.03.1 Монголын мэдээ /