Шатахууны үнэ нэмэгдлээ

Петровис ХХК-ийн борлуулалтын албаны дарга Б.Туяа
-Оросын талын бэлтгэн нийлүүлэгч компани үнээ нэмсэн тул манайх ч нэмэхээс өөр аргагүй болсон. Одоогийн байдлаар зөвхөн А-92 шатахууны үнийг нэмсэн байгаа. Харин гуравдугаар сарын 10-наас бусад төрлийн шатахуунаа оруулж ирэх бөгөөд тэр үеэр шинэчилсэн үнээр борлуулж эхлэх байх. Одоо зарагдаж байгаа бензин нь хоёрдугаар сарын үлдэгдэл нөөц учраас хуучин үнээрээ зарагдаж байна гэж ярилаа.
Өнөөдрийн байдлаар бусад шатахуун импортлогч компаниуд албан ёсоор үнээ нэмээгүй ч дийлэнх нь удахгүй нэмэх тухай ярьж байв. Учир нь Оросын талын нефтийн бүтээгдэхүүн нийлүүлэгч талууд бүх төрлийн түлшнийхээ үнийг 10-40 ам.доллараар нэмсэн. Бензин, шатахуун борлуулдаг бусад компани, шатахуун түгээх станцууд үнэ нэмэх асуудал дээр ямар байр суурьтай байгаа болон өөрчлөлт хийвэл хэзээнээс эхлэх талаар тодрууллаа.
Шунхлай группийн маркетингийн албаны дарга Ц.Эрдэнэжаргал
-Манай компани ирэх сард авах түлшнийхээ захиалгыг Оросын талд өгчихөөд түүнийгээ татаж байршуулсны дараа төлбөрөө төлдөг. Гуравдугаар сарын хувьд түлш нийлүүлэгч Оросын тал үнээ нэмчихсэн байсан. Энэ нь чухам юунаас үүдэлтэй үнийн өсөлт байсныг бид мэдэхгүй байна. Ийм учраас манай компани ч үнээ нэмэх болно. Энэ долоо хоногийн сүүлээр бүх түлшнийхээ үнийг нэмэх байх. Одоо борлуулж буй үнээр удаан хугацаанд үйлчилж чадахгүй. Учир нь өвлийн улиралд бензин, шатахууны хэрэглээ буурдаг тул манай компанийн хувьд захиалга бага байдаг. Тиймээс түлшний нөөц багатай байна гэв.
Харин НИК ХХК-ийн борлуулалт маркетинг эрхэлсэн дэд захирал Н.Сүхбаатар Бензинийхээ үнийг нэмэх эсэх нь тодорхойгүй байна. Ямартай ч зах зээлтэйгээ уялдуулан асуудлыг шийдэх болно гэж байсан бол Сод монгол, Магнай трейд зэрэг газрууд Гуравдугаар сард авах түлшнийхээ захиалгыг хийгээгүй байгаа учир ойрын хугацаанд нэмэх талаар ярихгүй гэсэн хариулт өгч байна.
Манай улсын шатахуун импортлогч компаниуд Орос, Хятад гэсэн хоёрхон харилцагчтай. Тэгвэл гуравдагч нийлүүлэгчийг Тас петролеиум ХХК сонгосон бөгөөд энэ нь Казахстан улс юм. Ийм ч учраас энэ удаагийн шатахууны өсөлт тус компанийн борлуулалтын үнэд нөлөөлөхгүй гэнэ. Учир нь Казахстаны тал бензин шатахууныхаа үнийг нэмэх талаар ямар нэгэн зүйл мэдэгдээгүй байна. Гэхдээ түүхий нефтийн үнэ дэлхийн зах зээл дээр өсч байгаа тул цаашдаа яаж ч магадгүй.
Б.Ёндон
/2005.03.2, Ардын эрх /