Манай удирдах зөвлөлд бүх намын төлөөлөл бий

Энэ арга хэмжээний өмнө Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ийнхөн Монгол Улсад суугаа элчин сайдуудад доорхи утгатай захидлыг илгээж, анхаарал тавихыг хүсчээ. 1990 оны ардчилсан хувьсгал, ардчиллын үнэт зүйлс баталгаажих бус улам эмзэг болж байгааг мэдэрч байгаа гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэн, ардчиллын наад захын шаардлага болох эвлэлдэн нэгдэх, тайвнаар жагсах эрхийг эрх баригчид боомилоод байгаа. Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хуулинд оруулсан өөрчлөлт нь бүлэг хүмүүсийн дарангуйллыг бий болгох авторитар дэглэм рүү чиглэж байгааг анхааралдаа авахыг хүссэн байна. Мөн 2-р сарын 23-нд хийсэн жагсаал цуглааныг цэрэг цагдаагийн хүчээр тараах, жагсаал зохион байгуулагчдыг баривчлан саатуулах дарамт бодитоор ирж байгааг анхааралдаа авахыг гуйсан аж. Тус хөдөлгөөний тэргүүн Ж.Батзандантай уулзаж ярилцлаа. Тэрээр улстөрч судлаач, хуульч мэргэжилтэй. Унгар улсад хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Америкт мэргэжил дээшлүүлсэн. Одоо МУИС-д багш хийдэг.
-Та нарыг Гүндалайгийн, Энхсайханы, Элбэгдоржийн, Энхтүвшингийн хүмүүс гэж ярьдаг. Чухам алиных нь юм бэ?
-Нийгэмд бид нарыг ямар нэгэн улстөрч, улс төрийн намтай холбож тайлбарлаж, Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ийн үйл ажиллагааг гутаах гэсэн оролдлогууд маш их гарч байгаа. Бид Гүндалайтай, Энхсайхантай, Элбэгдоржтой эсвэл Энхбаяртай ч юм уу, улстөрчидтэй ямар ч холбоогүй. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн бол иргэдийн идэвх зүтгэл санаачилга дээр тулгуурлаж үйл ажиллагаа явуулж байгаа иргэний хөдөлгөөн юм.
-Шар зангиаг яаж бодож олов. Үүгээр имиж хийх, магадгүй түүхэнд нэрээ үлдээх гэсэн юм биш биз?
-Шар зангианы хувьд жагсагчдын аюулгүй байдлыг хангахын тулд, бусад хутган үймүүлэгчдээс ялгаж, өөрөөр хэлбэл Монгол Улсын хуулиар жагсаал болон цуглааныг зохион байгуулж байгаа хүмүүс нь жагсагчдын аюулгүй байдал, хэв журмын өмнө хариуцлага хүлээх ёстой. Манай жагсаалд бодитой оролцож байгаа хүчин зөвхөн шар зангиа зүүлгэснээрээ биднийг дэмжиж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хариуцаж хангана. Нөгөө талаар шар өнгө бол өөдлөн дэвжихийн, нарны шар цацраг, бусдыг ивээх өнгө гэдэг утгаар бид сонгосон. Манай туг далбаа цагаан шар өнгийн хослол байгаа. Магадгүй энэ байдал нь өөрөө түүхэнд үлдэх сонин содон зүйл болсон байж магадгүй.
-Энэ хөдөлгөөнд иргэд, байгууллагууд хэр зэрэг хамрагдаж байна?
-Ер нь маш олон арван ТББ, улс төрийн намын дэргэдэх холбоод, МАХН-ын дэргэдэх жигүүрийнхэн хүртэл биднийг дэмжиж байгаа шүү дээ. Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ий удирдах зөвлөлд МАХН-ын гишүүд, АН, МАШСН, ИЗ-БНН-ын зэрэг бараг бүх намын төлөөлөл байна. Өөрөөр хэлбэл энэ нь нийгмийн хөдөлгөөн учраас улс төрийн намын харъяалал, нас хүйс харгалзахгүйгээр хүмүүс нэгдэж байна. Хөдөө орон нутаг болон гадаадад бидний олон салбар ажиллаж байна. Энэ бол өөрөө нийгмийн захиалга юм. Ард түмэн улс төрөөс хараат бус байдлаар эвлэлдэн нэгдэж, эрх чөөлөөнийхөө төлөө, эрхийнхээ төлөө тэмцэж чаддаг юм байна гэдгийг харуулж байгаа сайхан жишээ болж байна.
-Ард түмний хүсэн хүлээж байсан хөдөлгөөн гэж хэлэх гээд байна уу?
-Тийм. Монголын нийгэм эрүүл гэхээсээ илүү эрүүл бус байна. Монголын нийгэмд гаж буруу үзэгдлүүд давамгайлаад байна. Ядуурал, ажилгүйдэл хэт ихэсч байна, гэмт хэргийн тоо хурдан өсч байна, газрын баялаг ард түмэнд биш гишүүдийн авилгал шиг гадаадынхныг баяжуулж байна. Өнөөдөр монголчууд өөрсдийнхөө газрыг гадаадад зараад дууслаа. Энэ нь нэг талаас Монгол Улсын бүрэн эрхт байдал алдагдана гэсэн үг. Улс төрийн утгаар авч үзвэл Монгол Улс олон намын тогтолцоотой байхыг хуулиар баталгаажуулсан. Гэтэл өнөөдөр Монголын улс төрд 2-хон нам, тэр тусмаа нэг нам төвтэй улс төрийн тогтолцоонд буцаад шилжчихлээ. Монголын нийгмийг өөрчлөх хэрэгтэй, нийгмээ эрүүлжүүлэх шаардлагатай гэдэг нийгмийн бодит шаардлага гарч ирлээ.
-Та бүхний тэмцлийн үр дүн хэзээ мэдэгдэх вэ?
-Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн өөрсдийн шаардлагыг дэс дараалалтай тавьж байгаа. Хамгийн эхний том зорилго бол Монголын нийгэмд нүүрлээд байгаа авилга, хээл хахуулийн асуудал бол нийгмийн хөгжлийг чөдөрлөж байгаа гол хүчин зүйл гэж бид үзсэн. УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцъё гэдэг механизмыг бүрдүүлэхийн тулд УИХ-ын гишүүнийг буцааж татах гэх мэт шаардлагуудыг тавьсан. Цаашид бид жагсаал цуглаан эрхийн тухай хуулийн асуудлаар иргэдийн түр хурлыг байгуулах тухай шаардлага тавьсан. Төр засгийн байгууллага ямар хариу өгөхөөс хамааран бид үйл ажиллагаагаа явуулахаар төлөвлөж байгаа.
-Таныг төрийн нарийн бичгийн дарга болох гээд гүйж явсан гэсэн мэдээлэл тарсан талаар?
-Би 2000 оны АН-ын гишүүн. Улс төр судлаач, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны докторын зэрэгтэй. Сонгуулиас өмнө одоогийн ерөнхий сайд Ц.Элбэгдоржийн сонгуулийн судалгааны ажилд арав хоногийн хугацаатай оролцож Дарханд ажиллаж байсан. Энэ утгаараа Ерөнхий сайд Ц.Элбэгдоржийг танина. АН-ын Хууль зүйн салбарын хууль боловсруулах асуудал дээр санал зөвлөгөө өгч байсан. Сонгуулийн дараа АН, МАХН-тай эвслийн хүрээнд засгийн газраа байгуулахад АН-ын хүрээнд миний тухай Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга, дэд сайд байж болох хүн гэсэн яриа гарч байсан гэж би олон хүнээс сонссон. Магадгүй тэр яриа өнөөдөр Ж.Батзандан төрийн нарийн бичгийн дарга болох гээд гүйж байсан гэсэн яриа болж хувирсан юм болов уу гэж би ойлгож байгаа.
-Санхүүжилтээ хаанаас шийддэг вэ?
-Ер нь Эрүүл нийгэм иргэний хөдөлгөөн-ийг гадаадад амьдарч байгаа 250 мянган монголчууд санхүүжүүлдэг. Монголчууд эрүүл тал нь давамгайлчихсан байна. Улс төрийн систем хямарчихсан байна. Үүнийг мэдрээд бидэнд санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Энэ талаар бид интернэтээр тодорхой зарлаж байгаа. Одоогийн байдлаар гадаадын улс орнуудаас нийтдээ дөрөв, таван мянган долларын санхүүжилт ирсэн. Өөрөөр хэлбэл, дэмжигчдийн.
Ярилцсанд баярлалаа.
/2005.03.2, Зиндаа/