Солонгосын Ханрим компани Жаргалантад барьсан барилгаа Монголын улстөрчдөд бэлэглэж эхэллээ.

Бид ямар хурдан хугацааны дотор доллар үржүүлэх чадвартай биш. Монголын үе үеийн засгийн газрын амны уншлага болсон энэ лоозонгийн дагуу манай зах зээлийг гадны компаниуд жижиг гэж гололгүй орж ирсээр… Харин тэд монголд үйлдвэрлэл явуулахаасаа илүүтэй зочид буудал барьж, барилгаа байгалийн үзэсгэлэнтэй эсвэл нийслэл дундах байршил сайтай газар барихаар зүтгэдэг. Хэн нэгний мөрөөдөөд ч олох боломжгүй газруудыг мөнгөтэй монгол, доллартай гадныхан авчихсан л явдаг. Тэдний нэг Солонгосын Ханрим компани нийслэлээс холгүй Жаргалант-ын аманд зургаан давхар зочид буудал, 20 айлын тус бүр нь хоёр давхар хаусыг жил гаруйн өмнөөс барьж барилгынхаа ажлын дунд орчихсон явна. Доороо автомашины гараж, зоорьтой, барилгын нэг давхарт гал тогоо, зочин хүлээж авах танхимтай, хоёр давхартаа унтлагын өрөө гэхчилэн маш тохилог зохион байгуулалттай энэ хаусуудыг Ханрим компани монголын улстөр бизнесийн томчуудад бэлэглэж орхисон гэнэ. Ингэхдээ үнийн дүнгийн 50 хувийг төлбөр болгон авч үлдсэнийг нь зүгээр л бэлэглэж байгаа тухай эх сурвалжууд мэдээлж байна. Цагаан шонхор-ын Энхтайваны мэдлийн Чингисийн өргөө эдлэнгийн дээхэн талд баригдаж байгаа эдгээр хаусуудын нэг өрөөнд 2-3 тосон тень ажиллаж тасалгааг халаах зохион байгуулалттай. Орчин үеийн хамгийн шилдэг тэдгээр тосон тений нэг бүр нь 250 мянган төгрөгийн үнэтэй эд гэхээр монголын эрхэм дээдсүүдэд Солонгосын компанийн тал үнээр нь бэлэглэж байгаа тохилог барилгын нэг нь ямархуу өртгөөр босч байгаа нь ойлгомжтой. Юутай ч энэхүү барилгаас өнгөрсөн дөрвөн жил Засгийн газарт нөлөө бүхий албан тушаал хашиж явсан нэгэн эрхэм, Ерөнхийлөгч Багабанди, Эрүүл мэндийн дэд сайд асан Удвал нар бэлгэнд авсан сурагтай. Мөн Петровис-ийн захирал хатагтай Оюунгэрэл, Алтжин-гийн Алтан нар худалдаж авсан аж.
Эрхэм дээдсүүдэд маш хямд олдож байгаа 20 барилгын эзэд уг нь тодорчихсон байсан гэнэ. Гэвч гэнэтийн хөнгөлөлттэй бэлгэнд дурласан эрхэм дээдсүүд нэг нэгэнтэйгээ барьцаж, би орох ёстой, чи орох ёсгүй хэмээн маргаан дэгдсэнээс болж хоорондоо зохицож чадаагүй тул түр эзгүй байгаа юм байна. Хэргийн учир үүнд байгаа юм биш. Монголын улс төр бизнесийнхний дунд хэрүүлийн алим шидсэн Ханрим компанийн гэнэтийн сюрприз юунаас эхэлсэн байж болох вэ. Гадныхан гэхээр хорвоог харах хоёр нүдээ ухаад өгөхөөс ч буцахаа больсон эрхэм дээдсүүд Ханрим компанид ямар зориулалтаар газар өгсөн болох, яагаад тэд монголын улс төр бизнесийнхэнд асар хөнгөлөлттэй үнээр хаус өгөхөөр болж тэднийг хооронд нь тэмцэлдүүлэх болсныг бид дараагийн дугаартаа нийтлэх болно.
Юутай ч Жаргалантын аманд баригдаж байгаа барилгууд дүн өвлийн хүйтнээр тень, салеркин зуухны хүчинд заслынхаа ажлын ард гарах дөхөж байна. Ид хүйтний цагаар зогсдог барилгын журмыг зөрчсөн Ханрим компанийг Мэргэжлийн хяналтын газрын албан тушаалтнууд очиж сандаргадаг боловч монгол инженерүүд нь тэднийг улаан цайм аргалж дайлж цайлсаар амыг нь үдээд буцаачихдаг бололтой. Харин Солонгосын компанийн хишгийг хүртсэн авилгалд дургүй эрхэм дээдсүүд тун удахгүй ард түмэндээ хөндлөнгийн хүнээс авсан асар үнэтэй барилгынхаа өртгийг зарлаж, улсдаа өгөх хувийг нь өгч, өөрөө авч болох хэсгийг нь авч үлдэх ёс суртахуун гаргана гэдэгт найдаж байна.
Д. Хайч.
/2005.03.2, Монголчуудын амьдрал /