Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2005 оны 03 дугаар сарын 02-нд боллоо.

НДШ-ИЙН 50 ХYРТЭЛХ ХУВИЙГ БУЦААН ОЛГОЖ БАЙХААР БОЛЛОО
Засгийн газрын хуваарилагдаагүй зардлаас буцаан нөхөн төлж байхыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрч тогтоол гаргалаа. Гэхдээ энэ шийдвэрийг 2005 оны 4 дүгээр сарын 1-нээс 2006 оны 4 дүгээр сарын 1 хүртэл нэг жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд нөхөн олговрыг оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнг харгалзан олгох нь зүйтэй гэж үзэв.
Дэлхийн худалдааны байгууллагын манай улстай байгуулсан Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн болон хувцасны тухай хэлэлцээр 2005 оны 01 дүгээр сарын 01-нээс дуусгавар болоод байгаа билээ. Yүнтэй холбоотойгоор манай улс АНУ болон Зүүн өмнөд Азийн орнууд, түүний дотор хувцасны зах зээлд тэргүүлэгч БНХАУ, Энэтхэг улстай худалдааны ижил нөхцлөөр харилцаж эхлээд байна. Yүний улмаас гадаадын хөрөнгө оруулалт буурах, зарим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд хаагдах, дотоодын зах зээлийн импортоос хамаарах хамаарал өсөх, улмаар ажилгүйдэл нэмэгдэж нийгмийн эмзэг бүлгийн өрхийн амьжиргааны түвшин сөргөөр нөлөөлөх зэрэг таагүй үр дагаварыг бий болгож болзошгүй байгаа юм.
Сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбар нь манай улсын экспортод томоохон байр суурь эзэлдэг. 2004 оны эцсийн байдлаар энэ салбарт 100 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж, 20 гаруй мянган хүнийг ажлын байраар хангагдаж байна. Тиймээс энэ салбарын үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангах нь эдийн засаг, нийгмийн ач холбогдолтой асуудал юм. Тиймээс Засгийн газар энэ асуудалд онцгой анхаарч удаа дараа бүхий л шатанд хэлэлцсэний үндсэн дээр тодорхой арга хэмжээ авч эхэлж буй нь дээрх шийдвэр болж байна.
Оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид үйлдвэр, аж ахуйнг нэгжид ноогдож буй Нийгмийн даатгалын шимтгэлийн дарамтыг багасгах асуудлыг тавьж, энэ нь салбарын үйл ажиллагааг уналтад орохоос сэргийлэх чухал алхам болно гэсэн хүсэлт тавьдаг юм. Ажилчдынхаа тооноос шалтгаалаад энэ салбарын үйлдвэрүүд нийгмийн даатгалын шимтгэлийн ихээхэн дарамтанд ажилладаг бөгөөд томоохон үйлдвэрүүдийн дунд явуулсан судалгаанаас үзвэл оёдлын болон сүлжмэлийн үйлдвэрүүд Нийгмийн даатгалын санд 80-320 сая төгрөгийн шимтгэл төлдөг байна. Тиймээс энэ дарамтыг нь хөнгөлөх нь тус салбарын үйл ажиллагаанд тодорхой нөлөө үзүүлнэ гэж ажил олгогчид тооцож буй юм.
Түүнчлэн дээрх тогтоолоор, сүлжмэл эдлэл, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн үйлдвэрлэлийн зориулалттай үндсэн ба туслах материалыг нэмэгдсэн өртгийн болон гаалийн албан татвараас чөлөөлөх талаар холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулан Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Yйлдвэр, худалдааны сайд С.Батболдод даалгав.
ХАВАРЖИЛТ ХYНДЭРСЭН СУМДАД ӨВС, ТЭЖЭЭЛ ХYРГЭХ ЗАРДЛЫГ ШИЙДВЭРЛЭВ
Засгийн газраас өгсөн үүргийн дагаа Хүнс, хөдөө аж ахуйн яам, Байгаль орчны яам, Онцгой байдлын ерөнхий газар хамтран мал хаваржилтын нөхцөл байдалд дүгнэлт хийсэн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард манай орны ихэнх нутгаар, энэ оны 1-2 дугаар сард Увс, Ховд, Баян-Өлгий, Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Дорнод, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орж, нийт нутагт цасан бүрхүүл тогтоод байна. Энэ хугацаанд ихэнх нутгаар 30-39, томоохон голуудын хөндийгөөр 40-55 хэм хүрч хүйтрэн, мал бэлчээрээс өвс тэжээл олж идэх боломжгүй болсны дээр шөнөдөө хэвтэртээ хайрагдан зутрах байдалтай болоод байгаа аж. Орон нутагт бэлтгэсэн вөс тэжээлийн нөөцөө дуусч Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс, Хэнтий, Дорнод, Өмнөговь аймгуудад мал хорогдож эхэлжээ. 2 дугаар сарын 20-ны байдлаар 50 гаруй мянган мал хорогдсон мэдээтэй байна.
Мал хаваржилтын нөхцөл байдлын талаарх дүгнэлтийг хэлэлцээд, Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хөвсгөл, Увс аймгийн зарим сумдад улсын болон аймгийн нөөцөөс нийт 973 тонн өвс, 653 тонн тэжээл олгохоор шийдвэрлэлээ. Өвс, тэжээлийг сумдад тээвэрлэн хүргэх зардалд шаардагдаж буй 46.4 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрөв.
ШИЛИЙН БОГД, ХӨРГИЙН ХӨНДИЙН ДУРСГАЛТ ГАЗРУУДЫН ХИЛИЙН ЦЭСИЙГ ТОГТООВ
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг дахь Шилийн Богд, Хөргийн хөндийн байгалийн дурсгалт газрын хилийн заагийг баталж тогтоол гаргалаа. Эдгээр тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Байгаль орчны сайд У.Барсболд, Сүхбаатар аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Р.Эрдэнэцогт нарт даалгав. Мөн Дарьгангын байгалийн цогцолборт газрыг өргөтгөн тогтоосонтой холбогдуулан Ганга нуурын дурсгалт газрын хилийн цэсийг хүчингүй болголоо. Учир нь Дарьгангын байгалийн цогцолборт газар дотор Ганга нуурын дурсгалт газар бүхэлдээ хамрагдаж байгаа юм.
Шилийн Богд уулыг 17200 га-гаар, Хөргийн хөндийн 6000 га-аар байгалийн дурсгалт газрын ангилалд оруулж, улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг УИХ-аас 2004 онд шийдвэрлэсэн билээ. Шилийн Богд нь Сүхбаатар аймгийн нутагт байдаг 200 гаруй сөнөсөн галт уулсын хамгийн өндөр нь юм. Энэ уулын ойролцоо Чингис хааны нэртэй холбоотой түүхэн домог болж үлдсэн Чингисийн гүүн зэлний гадас, Чингисийн морины уяа зэрэг олон дурсгалт газрууд бий. Түүнчлэн баруун Ацаа дахь шилийн сайн эрс морьдоо усалж тухалдаг байсан цэвэр цэнгэг уст долоон тогоо, Ду ноёны адуу дүүрч багтдаг Агт нь хүрээт хэмээх хонхор зэрэг домогт газруудыг нэрлэж болно. Энэхүү байгалийн дурсгалт газарт 70 гаруй зүйлийн эмийн болон идэшний ургамал, монос, гандигар, хайлаас, бургас, буйлс, гүйлс, харгана зэрэг модлог ургамал ургадаг. Сүүлийн үед эрдэмтэд шинэ төрлийн моднууд тарьж буй нь үр дүнгээ өгч байна.
Дарьганга сумаас зүүн тийш 45 км-т хойноосоо урагш чиглэлтэй нарийхан хөндий бий. Энэ хөндий дунд хөрөг зураг гэлтэй долоон хүн чулуун хөшөө байдаг. Хөргийн хөндий дэх тэдгээр хөшөөнүүд XIII-XIҮ зууны түүхэнд хамаарах бөгөөд ихэнх нь малгай гуталтай хэрнээ биедээ ямар ч хувцасгүй дүрслэгдсэн онцлогтой. Түүнчлэн бүгд наран ургах зүгт хандсан байрлалтай. Эдгээр хөшөөнүүдийн домог нь Хөргийн хөндийн умард үзүүр дэх Бичигт хэмээх хадат ангалтай холбоотой бөгөөд сэтгэлгүй эрчүүдэд богтлогдохоос татгалзсан бүсгүйчүүд уг ангал нисэж тэнгэрт хальдаг байсан гэдэг. Уг ангалын хадан дээр саяхан болтол уйгаржин монгол бичгийн зүйл байсан бөгөөд хадны нуралтаас устсан гэж эрдэмтэд таамагладаг.
ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛНА
Софи хотноо 2003 онд хуралдсан Монгол-Болгарын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр Болгарын тал Шуудан, цахилгаан холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Засгийн газар хоорондын Хэлэлцээрийн шинэчилсэн төслийг Монголын талд гардуулсан юм. Уг төсөлд холбогдох саналыг манай талаас тусган эцэслэн тохиролцоод гарын үсэг зурахад бэлэн болгожээ.
Хоёр улс шуудан, цахилгаан холбооны салбарт 1967 оны хэлэлцээрийн дагуу хамтран ажиллаж ирсэн юм. Уг хэлэлцээрийг шинэчлэх шаардлагыг харгалзан, мэдээллийн технологийн салбарыг нэмж оруулан батлуулахад бэлэн болгоод байна. Хэлэлцээрийн төслийг хэлэлцээд зүйтэй гэж үзэн, түүнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүүд олголоо.
АЗИЙН АВТОЗАМЫН СYЛЖЭЭНИЙ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛУУЛАХ НЬ ЗYЙТЭЙ ГЭЖ YЗЛЭЭ
Азийн автозамын сүлжээг Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулах замаар баталгаажуулах нь зүйтэй гэсэн шийдвэрийг 2001 онд Сөүл хотноо болсон НYБ-ын Ази, Номхон далайн бүсийн эдийн засаг, нийгмийн комиссын 58 дугаар чуулганаас гаргасан билээ. Энэ шийдвэрийг хэрэгжүүлэх ажилд тус бүс нутгийн 32 орон идэвхтэй байр суурьтай оролцож, нийт 140000 км авто замыг хамарсан сүлжээг байгуулахаар тохиролцоод байна. Yүний дагуу дээрх комиссын Шанхай хотноо 2004 онд хуралдсан ээлжит чуулганаас Азийн авто замын сүлжээний тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр-ийг байгуулсан юм. Хэлэлцээрт манай улсыг төлөөлөн Монгол Улсаас Тайланд Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Даваагийв гарын үсэг зуржээ.
Дээрх хэлэлцээр нь Азийн авто замын сүлжээний чиглэл, дугаар, бүсчлэлийг баталсан 1 дүгээр, авто замын төсөллөлтийн стандартыг тогтоосон 2 дугаар, авто замын сүлжээний тэмдгийн тодорхойлолт, тавигдах шаардлагыг тусгасан 3 дугаар хавсралттай бөгөөд ерөнхий хэлэлцээр нь 19 бүлэг заалттай юм. Манай улс Азийн авто замын сүлжээнд Алтанбулаг-Дархан-Улаанбаатар-Чойр-Сайншанд-Замын Yүдийн А3, Улаанбайшинт-Өлгий-Ховд-Булган-Ярантайн А4, Ховд-Улиастай-Улаанбаатар-Налайх-Өндөрхаан-Чойбалсан-Сүмбэр-Нөмрөгийн А32 чиглэлүүдээр холбогдож байгаа бөгөөд үүнийг Засгийн газар хоорондын хэлэлцээрээр баталгаажуулах нь манай улсын нэр хүнд бүс нутгийн хэмжээнд өсөхөд нөлөөлөх төдийгүй олон улсын тээвэрлэлтийг хийх нөхцөл бүрдэж эдийн засаг, нийгмийн өсөлтийг түргэтгэхэд чухал ач холбогдолтой юм. Одоогийн байдлаар дээрх Хэлэлцээрт 26 орон нэгдэн ороод байна.
Энэхүү хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэн, соёрхон батлуулах асуудлыг хэлэлцээд зүйтэй гэж үзэн, Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороотой зөвшилцөхөөр шийдвэрлэлээ.
ШУУДАНГИЙН YЙЛЧИЛГЭЭ YЗYYЛЭХЭД МӨРДӨХ ДYРМИЙГ БАТЛАВ
Манай улсын шуудангийн салбарт Дэд бүтцийн сайдын 1999 онд баталсан дүрэм өнөөг хүртэл мөрдөгдөж байгаа билээ. Гэтэл Дэлхийн шуудан холбооны байгууллагаас шуудангийн үйлчилгээнд өрсөлдөөнийг өргөнөөр нэвтрүүлэхийг уриалсны дагуу дэлхийн шуудангийн салбарын хөгжлийн чиг хандлага, зарчим өөрчлөгдсөн төдийгүй Монгол Улсын Шуудангийн тухай хууль 2003 онд шинэчлэгдэн батлагдаад байна. Тиймээс уг дүрмийг эдгээрт нийцүүлэн өөрчлөн шинэчлэх шаардлага тулгарсныг үндэслэн Зам, тээвэр, аялал жуулчлалын яамнаас Шуудангийн үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх дүрмийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд оруулсныг хэлэлцлээ. Дүрмийн төслийг Шуудангийн тухай хуульд заасан шуудангийн ангилал, нэр төрлийн өөрчлөлт, Дэлхийн шуудан холбооны байгууллагын Их хурлаас гаргасан технологийн горим, бүртгэл, тооцооны талаарх өөрчлөлтүүд, мөн шуудангийн хэрэглэгчийн хайрцаг, хаяглалтын талаар батлагдсан улсын стандартуудтай нийцүүлэн боловсруулсан байна. Дүрмийн төслийг хэлэлцээд зүйтэй гэж үзэн, Шуудангийн тухай хуульд заасны дагуу баталж тогтоол гаргалаа.
Мөн уг тогтоолоор Шуудангийн илгээмжийг түр хадгалах, задлах, хураах болон устгахтай холбогдсон журам-ыг батлав. Энэхүү журам нь шуудангаар үйлчлүүлэгчдийн захидал, харилцааны мэдээллийн аюулгүй байдлыг ханган нууцыг хадгалах, үйлчлэгч, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах, Шуудангийн тухай хуулийн холбогдох заалтуудын хэрэгжилтийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах юм. Журмыг боловсруулахдаа холбогдох хууль тогтоомжийг харгалзан үзсэний дээр дэлхий нийтийг түгшээж буй терроризмын халдлагад шуудангийн ажиллагсад өртөх магадлалтайг харгалзан Дэлхийн шуудан холбооны байгууллагаас гаргасан зөвлөмжийг баримталсан байна.
АЗЗАН-ИЙГ ӨӨРЧЛӨН ЗОХИОН БАЙГУУЛАХААР БОЛЛОО
Засгийн газрын шийдвэрээр 1999 онд байгуулагдсан АЗЗАН (Авто замын засвар арчлалтын нэгтгэл) хувьцаат компани улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлыг нэгдсэн бодлогын хүрээнд удирдан зохион байгуулах чиг үүргийг хэрэгжүүлдэг билээ. Төрийн өмчийг хувьчлах хөтөлбөрийн хүрээнд авто замын компаниудаас засвар арчлалт хариуцсан хэсгийг тусгаарлаж Төрийн өмчийн хорооны удаа дараагийн шийдвэрээр АЗЗА Хөвсгөл, АЗЗА Архангай, АЗЗА Ховд, АЗЗА Орхон, АЗЗА Завхан, АЗЗА Дархан ХХК-уудыг АЗЗАН ХК-ийн охин компани болгон зохион байгуулсан. Одоогийн байдлаар тус ХК 16 охин компанитайгаар улсын чанартай авто замын 70 гаруй хувийг хариуцан ажиллаж байна. Тус ХК-ийн хариуцсан бүс нутгийн хэмжээ том, олон аймгийн замын байгууллагуудын нэгтгэн ажилладгаас тэдгээр ХХК-ууддаа хүрч ажиллахад шат дамжлага үүсч, илүү зардал их гардгаас ашиггүй ажиллахад хүрч байгаа юм.
Тиймээс АЗЗАН ХК-гийн бүтцийг өөрчлөн зохион байгуулахаар шийдвэрлэж тогтоол гаргалаа. Yүнд,
1. АЗЗА Сэлэнгэ, АЗЗА Дорноговь, АЗЗА Дархан-Уул, ТТТ, АЗЗА Эрдэнэсант ХХК-ууд болон АЗЗАН ХК-г нэгтгэн Улаанбаатар АЗЗАН
2. АЗЗА Хөвсгөл, АЗЗА Орхон, АЗЗА Булган ХХК-уудын нэгтгэн Булган АЗЗАН
3. АЗЗА Архангай, АЗЗА Өвөрхангай, АЗЗА Хархорин ХХК-уудыг нэгтгэн Хархорин АЗЗАН
4. Ховд АЗЗА
5. Увс АЗЗА
6. Говь-Алтай АЗЗА
7. Завхан АЗЗА
8. Төв АЗЗА
гэсэн бие даасан төрийн өмчит хувьцаат компаниуд болгон зохион байгуулахаар боллоо. Эдгээр төрийн өмчит хувьцаат компаниудын дүрмийг баталж мөрдүүлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт даалгалаа.
Түүнчлэн уг тогтоолоор, замын засвар, арчлалтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд, иргэдээр гүйцэтгүүлэх, зам, гүүрийг удаан жилийн гэрээгээр хариуцуулах, гэрээний томсгосон нэгжийн үнэ хэрэглэх, менежментийн хувьчлал хийх зэргээр замын засвар арчлалтыг чанартай, үр ашигтай явуулах зохион байгуулалтын арга хэмжээ авахыг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Сангийн сайд Н.Алтанхуяг, Төрийн өмчийн хорооны дарга З.Энхболд нарт тус тус даалгалаа.
УЦС-УУДЫН ТӨСЛИЙН АЖИЛД ДЭМЖЛЭГ YЗYYЛЭХИЙГ ДААЛГАВ
Дөргөний усан цахилгаан станцыг барьж байгуулах ажил өнгөрсөн оны 6 дугаар сараас, Тайширынх 10 дугаар сараас тус тус эхлэн явагдаж байна. Эдгээр станц нь жилийн дөрвөн улиралд байнга ажиллах, усны цогц барилга байгууламжаас бүрдсэн манай улсад анх удаа хэрэгжүүлж байгаа томоохон барилга байгууламжууд юм. Тус хоёр төслийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцээд уг ажлын зориулалтаар орж ирж байгаа гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх тоног төхөөрөмж, барилгын материал, машин механизмын тоо хэмжээг технологийн тасралтгүй ажиллагаанд хүндрэл учруулахгүйгээр хянан баталж, гаалийн бүрдүүлэлтийг ажлын талбарт нь хийж байх арга хэмжээ авахыг Сангийн сайд Н.Алтанхуяг, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатар нарт тус тус даалгаж тогтоол гаргалаа. Тогтоолоор, тоног төхөөрөмж, барилгын материал, машин механизмыг жилийн турш тасралтгүй нийлүүлэх шаардлагыг харгалзан Ярант, Бургастайн хилийн боомтуудыг 2008 он хүртэлх хугацаанд зохих журмын дагуу байнгын ажиллагаатай болгох талаар БНХАУ-ын талтай тохирч шийдвэрлэхийг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд, УЦС-уудын төслийн хэрэгжилтэд Монголын талаас хяналт тавих үүрэг бүхий төслийн нэгжүүдийн 2006, 2007 оны үйл ажиллагааны зардлыг улсын төсөвт тусгаж, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг сайд Н.Алтанхуяг, Т.Очирхүү нарт тус тус үүрэг болгов. Дөргөн, Тайширын, УЦС-ын барилгын ажлын явцад гарч болзошгүй харуул хамгаалалт, аюулгүй ажиллагаа, хүмүүсийн эрүүл мэнд, хоол хүнсний хангамж зэрэг орон нутгийн зүгээс шаардагдах бүхий л арга хэмжээнүүдийг тухай бүр шуурхай авч хэрэгжүүлэн, тусалж дэмжиж ажиллахыг Ховд, Говь-Алтай аймгийн Засаг дарга нарт даалгалаа.
Түүнчлэн, Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр Дөргөн, Тайширын УЦС-ыг барьж байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, барилгын материал, машин механизмыг тээвэрлэх талаар гүйцэтгэгч компаниудаас тавьж буй саналыг судалж шийдвэрлэхийг Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү, Түлш, эрчим хүчний сайд Т.Очирхүү нарт тус тус үүрэг болголоо.
ДЭД КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦОХ УДИРДАМЖИЙГ БАТЛАВ
Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комиссын ээлжит 5 дугаар хуралдаан энэ сард ОХУ-ын Улаан-Yд хотноо болно. Уг хуралдаанд Монголын талаас Yйлдвэр худалдааны дэд сайд Ц.Энхтүвшин тэргүүтэй, холбогдох яам, газар, аймгийн төлөөлөгчид оролцох юм. Дэд комиссын Оросын хэсгийн төлөөлөгчдийг Сибирийн Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчийн нэгдүгээр орлогч И.И.Простяков тэргүүлэх аж.
Энэхүү ээлжит 5 дугаар хуралдаанд Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд, зарчмын хувьд зөвшөөрч, Монголын хэсгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг Yйлдвэр, худалдааны сайд, Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга С.Батболдод даалгалаа. Уг хуралдаанд оролцоход шаардагдах 3.4 сая төгрөгийн зардлыг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрч захирамж гаргахаар боллоо.
Ээлжит 5 дугаар хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд өмнөх 4 дүгээр хуралдааны шийдвэрийн биелэлтийг дүгнэсэн байна. 4 дүгээр хуралдаанаас гарсан Протоколд Монголын талаас авч хэрэгжүүлэх нийт 24 шийдвэр, зөвлөмж бүхий заалт тусгагдсанаас 16 заалт бүрэн хэрэгжиж, 5 нь хэрэгжих шатандаа явж байна. Түүнчлэн 3 заалт хэрэгжээгүй бөгөөд үүний нэг нь Оросын талаас шалтгаалан хэрэгжээгүй байна.
ТОГТООЛУУДАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАВ
Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн энэ оны 1 дүгээр сард батласан билээ. Уг хуулиар Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайдын хэрэгжүүлэх бүрэн эрхийг онцгой байдал гэсэн нэр томъёогоор хуульчилсан юм. Yүнтэй холбогдуулан Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч агентлаг байгуулах тухай Засгийн газрын 2002 оны 162, Гамшгаас хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай засгийн газрын 2004 оны 51 дүгээр тогтоолууд болон бусад тогтоол шийдвэрүүд дэх Гамшгаас хамгаалах гэсэн томъёоллыг Онцгой байдал гэсэн томъёоллоор өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Түүнчлэн Дүрэм батлах тухай Засгийн газрын 2004 оны 52 дугаар тогтоолыг хүчингүй болгов.
МОНГОЛ УЛС ХУДАЛДААНЫ БОДЛОГОО ДХБ-Д ХЯНУУЛНА
Монгол Улсын худалдааны бодлогыг Дэлхийн худалдааны байгууллага энэ сарын 15-17-нд Женев хотноо хянан хэлэлцэх гэж байна. Энэхүү хэлэлцүүлэгт Монголын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцохыг Yйлдвэр, худалдааны сайд С.Батболдод үүрэг болгож, төлөөлөгчдийн ажлын удирдамжийг зөвшөөрлөө. Удирдамжийн үндсэн зорилт нь Монгол Улс ДХБ-д элссэнээс буюу 1997 оноос хойшхи хугацаанд явуулсан худалдааны бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар тус байгууллагын гишүүн орнуудад мэдээлж танилцуулах, хамгаалах явдал гэж тодорхойлов.
Хэлэлцүүлэгт оролцох төлөөлөгчдийн зардлыг ерөнхийлөн захирагчдын тус тусын багцад багтаан санхүүжүүлэхээр шийдвэрлэсний зэрэгцээ уг арга хэмжээний үр дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд С.Батболдод даалгалаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас манайд мэдээллээ