Ж. Батзандан УИХ-ын 20 гаруй гишүүнийг эгүүлэн татна.

. Уулзалтын дараа тус хөдөлгөөний тэргүүн Ж. Батзандангаас зарим асуудлыг тодрууллаа.
-Та нар парламентад суудалтай намуудын дарга нартай яагаад уулзах хүсэлт тавьсан юм бэ. Үр дүнд хүрч байна уу?
-Манай хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Н.Энхбаярт хандан УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай хуулийг боловсруулж , хаврын чуулганаар хэлэлцүүлэхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу өгөөгүй. Иймд УИХ-д суудалтай намуудын дарга нараар дамжуулан энэ асуудлыг үр дүнд хүргэх зорилгоор гурван зүйл бүхий шаардах бичгийг өргөн барих хүсэлт тавьснаас хамгийн түрүүнд АН-ын дарга М. Энхсайхан биднийг хүлээн авч уулзаж, зарчмын хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.
-Шаардах бичигт ямар ямар асуудлыг тавьсан бэ?
-Гурван зүйл бүхий шаардлага тавьсан. Нэгд, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах эрхзүйн орчныг бий болгох, ингэхдээ тухайн тойргийн нийт сонгогчдын 40 болон түүнээс дээш хувь нь итгэл үзүүлэхгүй хэмээн гарын үсэг цуглуулсан тохиолдолд итгэл үзүүлэх эсэх асуудлаар дахин сонгууль зарлан явуулдаг тогтолцоог бий болгохыг шаардсан.
Хоёрт Жагсаал цуглааны журмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сүхбаатарын талбайд жагсаал хийхийг хориглосон заалтыг хүчингүй болгох, жагсаал цуглааныг хийхдээ төрийн захиргааны байгууллагаас зөвшөөрөл авдаг механизмыг цуцлах гэх мэт өөрчлөлтийг оруулах, гуравт, өнөөгийн үүсээд буй тогтолцооны хямралаас улс орноо гаргах зорилгоор Иргэдийн түр их хурлыг байгуулах, ингэхдээ уг хурлын төлөөллөөр УИХ-ын 76 гишүүн, улс төрийн 17 намаас тус бүр гурван хүн, орон нутгийн төлөөлөл болгож аймаг бүрээс таван хүн, иргэдийн хөдөлгөөн болон төрийн бус байгууллагуудаас мөн төлөөлөл оруулахыг шаардаж байгаа. Эдгээр шаардлагыг гуравдугаар сарын 15-ны өдөр гэхэд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан байх, тавдугаар сарын 19-ний өдөр хүртэл УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлагдсан байхыг шаардлаа.
-Ийм шаардлагууд тавих үндэслэл чухам юу байв аа?
-Эрүүл нийгэм-иргэний хөдөлгөөн дэргэдээ судалгааны баг байгуулсан Саяхан 3000 гаруй хүнийг хамарсан судалгааг орон даяар явуулахад судалгаанд оролцогсдын дийлэнх нь өнөөдрийн төр, засгийн ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлээд, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийг яаралтай баталж, зарим гишүүнийг эгүүлэн татахыг шаардсан байсан. Энэ бол ард түмний захиалга, нийгмийн захиалга гэдгийг дахин хэлмээр байна.
-Гишүүдээс хэн, хэнийг эгүүлэн татахыг шаардсан бол?
-Удахгүй бид энэ талаар судалгаагаа нэгтгэж байгаад нэртэй устай нь мэдээлнэ. 20 гаруй гишүүнийг эгүүлэн татахыг шаардсан байсан.
-Сүүлийн үед танай хөдөлгөөнийг хэтэрхий туйлширч байна гэж ярих болсон. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга Н. Энхбаярыг онцлоод байгаа?
-УИХ-ын дарга Н. Энхбаярт холбогдох нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч гэмт хэргийн бүрэлдхүүнгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Харин бид энэ асуудлаар Улсын Ерөнхий Прокурорын газар болон Ерөнхий прокурорт хандсан байгаа. Зарим Засаг дарга нарт 132 сая төгрөгөөр байр өвч өгсөн, Үнэн, Зууны мэдээ сонинд 56 сая төгрөг өгсөн нь цагаан дээр хараар бичсэн нотлох баримт мөн. Засгийн газрын нөөц хөрөнгийг байгалийн гамшиг, гэнэтийн осол зэрэг зарцуулах болохоос өөрийн таашаалд нийцүүлэн зарцуулдаг мөнгө биш. Засаг дарга нар байргүй байх, зарим сонин мөнгөгүй болох нь байгалийн гэнэтийн гамшиг,осол гэж үү. Үүн дээр Буян компаниас 1,2 тэрбум төгрөгөөр хөгжим хэрэгсэл авсныг ч анхаарч үзэх ёстой. Энэ байгалийн гамшиг уу. Зориулалтын дагуу зарцуулаагүй мөнгөний хариуцлагыг хэн үүрэх юм бэ. Хэрвээ тэр үед нь байгалийн гамшиг, гэнэтийн осол болсон бол ямар мөнгөөрөө ард түмэндээ, татвар төлөгчиддөө туслах байсан юм бэ. Ийм нотлох баримтууд хангалттай байгаа учир бид шүүхэд хандсанаа зөв гэж бодож байгаа.
-Танай хөдөлгөөний ард захилагч байгаа тухай яриа байдаг?
-УИХ-ын дарга Н. Энхбаяр биднийг шүүхэд өгснийг цайруулах гэж байгаа юм байлгүй. Үндэсний телевизээр өгсөн ярилцлагадаа манай хөдөлгөөний ард захиалагч байгаа тухай мэдээлэл цацаж,бидний нэр хүндэд бүдүүлгээр халдлаа. Харин ч бид ам бардам хэлж чадна. Бидний захиалагчид бол ард түмэн, нийгэм. Түүнээс биш хэн нэгэн хүн биднийг хүүхэлдэй болгон хөдөлгөөгүй. Үүнийг л Н. Энхбаяр дарга хэлж зүрхлэхгүй байна билээ.
/2005.03.3, Монголын мэдээ /