Хий хоосон

Би байгаагүй
Би байхгүй
Би, би биш
Би чи биш
Амь минь цаг хугацааных
Амьдрал минь байгаль ертөнцийнх
Бие минь эцэг эхийнх
Би өөрөө хий хоосных
Нэр минь ч минийх биш
Намтар минь ч намайг танихгүй
Намайг хэн ч мэдэхгүй
Yнэндээ би ч өөрөө мэдэхгүй
Сэтгэл санаа минь хий хоосонгоос үүдэлтэй
Сурсан мэдсэн минь бусдаас эхтэй
Сэрэл хүсэл минь амьдралаас үүдэлтэй
Сүүдрийн сүүдэр л ганцхан надаас эхтэй
Би хий хоосон ч гэлээ
Нүгэл үржүүлж үхэл амилуулна
Бурхан хоосолж буян цуглуулна
Нил аялгуу тасалж нууц сэтгэнэ
Нам анир цочоож дуун алдана
Бодол минь хормын хоромд харьяалалтай
Байгаа байхгүйн чинад утгын эрэлтэй
Бүх эд эс бие биедээ богтлоостой
Бүхний оронд ганцхан хий хоосон эрхтэй…
…Надад анх юу ч байгаагүй
Нэг л мэдэхэд байгаагүй шигээ байсан
Яг миний бодол шиг оньсготой
Ярьж лавшруулж цөхрөлөө гээсэн
Хайр, солонго…
Хөгжим, нулимс…
Мэдэхгүй ч мэдэрнэм
Мэдлэгээс зүрхшээн оршихуйн гадна биширмээр
Хаанаас хэн юу яагаад яаж байгааг
Хэзээ хэн юунд яаж яах гэж мэдэхийг
Илүү хоосон зай
Дутуу хоосон заяа
Би үл мэдэв ч
Бид үгүйсгэн учирч байна
Танд би зөн совингоо илгээе
Та гагцхүү сэтгэлээ чагна
Тэнд хий хоосон буй
Тэнд чинь л би бодитоор буй
Болодын Мөнхдөл 2001 он