Архины лонхон дээрх бидний өвөг дээдэс…

Yнэндээ би архины лонхон дээрх хэдэн муу өвөг дээдсээ л хэлж байгаа ухаан минь энэ. Чингис, Есүхэй, Хубилай, Өгөөдэй, Цогт тайж, Богд, Чойбалсан, Цэдэнбал… эд нар юу вэ. Гэсэн хөгжилтэй оньсого хүртэл зохиогджээ. Хариулт нь *архи*. Сүүлийн хэдхээн жилд монголд архины үйлдвэр гэж тоогоо алдаж, ард түмэндээ архи зарж дээшээ гараагүй томчуудыг олох гэвэл өвсөн дотроос зүү эрэхтэй ижил болсон өнөө үед хэдэн хаадаас минь өөр өгчихмөөр нэр үгүй болсон нь арга ч үгүй юмуу даа. Татвар өндөртэй л гээд байдаг архи монголын захын нэг бөөны дэлгүүрт 650 хан төгрөгөөр зарагдаж байх юм. За тэгээд 1000 төгрөгний архи бол захын дэлгүүр болгоны лангуун дээгүүр эгнээстэй жагсаагаатай. Сайхан сайхан хаад, түүхт хүмүүсийн минь зурагтай, нэртэй урдаас хараад намайг аваач намайг аваач гэж инээлдэж байх юм. Монголчууд бид талийгч болсон хүний нэрийг хүртэл хамаагүй хэлдэггүй цэрэлдэг ёс заншилтай улс. Гэтэл өдгөө *нэг Чингис, хоёр Есүхэй гэгчлэн эцэг хүүтэй нь хамт дуудан авч эцэст нь хогийн саванд, гудманд хэвтэж хол дороо гишгэлсээр. Энэ чигээрээ бол бидний үр хүүхдүүд Чингис, Хубилай, Өгөөдэй… гэхээр архи л гэж төсөөлсөөр бүр түүхээ архи шиг л сэтгэх байх даа хөөрхийс.
Цаашлаад хар захын үүдээр ороход *сайхан спирт байна шүү, аваарай, хэмээн хэдэн талаас бүчих нь эрх чөлөөт ардчилсан орон гэдгийг үзүүлж өгч байна даа гэсэн хоржин бодол төрүүлнэ. За тэр төрийн цагдаа нь хүртэл ойртохоос халширдаг *Бөмбөгөр* хавьцааг дурдахаа больё. Хөдөө орон нутгууд маань ч ялгаагүй архи, спиртэн далайд умбасаар л живсээр л…
Yнэндээ бидний өвөг дээдэс, их хаад маань, ирээдүйд архины шошго болон сурталчилж, ард түмнээ хордуулах гэж агуу их түүхийг бүтээж амь бие хайрлалгүй тэмцэж явсан гэж үү. Тэд хэрэв энэ үеийг эргэж нэг харвал яасан ихээр хилэгнэж бас гутарч тэнэгхэн үрсээ өрөвдөх бол оо. Аягүй бол илдээ сугалаад хэдэн төрийн түшээдийн минь толгойг *хяргах* байсан биз.
Энэхүү асуудлуудын талаар нэг муу сэтгүүлч надаас илүүтэй холбогдох газар, албан тушаалтнууд маань нэгийг тунгааж суудаг буйзаа. Энэ удаад элдэв тоо баримт дурдаж эрхэм уншигч таныг чилээхийг хүссэнгүй. Дор бүрээ нэгийг тунгаагтун. Эцэст нь өгүүлэхэд архидалт, архины үйлдвэрлэлт, мөн нэр олгох тал дээр анхаарах цаг хэдийн болжээ. Монгол орон минь дарс шиг амьдралд лонх шиг явсаар жүнз шиг хоосруузай. Бодох цаг болгоох мөч…
Сэтгүүлч Болод.М