М.Энхсайхан Би тиим бохир хүн биш

Уг нь М.Энхсайхан Р.Гончигдоржид зөвшилцөх хүсэлтээ хүргүүлсэн ч ямар нэгэн хариу өгөлгүй ҮЗХ-гоо хуралдуулж, хэд хэдэн шийдвэрийг батламжлаад байна. Тэрбумын хэрэг, болж өнгөрсөн ҮЗХ-ны хурлын талаар М.Энхсайханаас байр суурийг нь тодрууллаа.
-Таныг журмын нөхөд тань нэг тэрбум гаруй төгрөгийн хэрэгт унагаж байгаа бололтой. Та тайлбар хийх үү?
-Тэр мөнгийг сонгуулийн ажилд бүрэн зарцуулсан. Ямар ч алдаа мадаг байхгүй, санхүүгийн шалгалт мэргэжлийн өндөр түвшинд хийгдсэнэ. Сангийн яамны санхүүгийн хяналтын албанаас шалгалт хийгээд, бүх зүйл ном дүрмийн дагуу болжээ гэдгийг тогтоочихсон. Эвслийн удирдах дээд байгууллагын хуралд ч тайлангаа тавьсан. Энд ямар ч алдаа байхгүй гэдгийг дахин хэлье. АН-ын их хурал болохын өмнө М.Энхсайхан гэдэг хүний нэр хүндийг унагах гэсэн хэсэг хүний явуулга гэдгийг л ойлгох хэрэгтэй.
-Тэр хүмүуст санхүүгийн тайлантай танилцах боломжийг та олгоогүй юм биш үү. Таны хэлээд байгаа тэр хурлын тухай дуулаагүй гэсэн?
-Санхуүгийн баримт бичиг бүгд нээлттэй, хэн ч танилцаж болно. Тэгээд ч хүний мөнгөөр бохир заваан юм хийдэг нь би биш. Ийм аргаар намайг дарамталж чадахгүй гэдгийг дахин хэлье. Тэд нар хуралдаа суугаагүй л байхгүй юу. Тэр хурлыг мэдээгүй гэдэг нь бас л улс төр. Санхүүгийн баримтай танилцъя гэвэл арав гаруй ботъ баримт бий. Эргэлзэх зүйл байхгүй.
-Танд ямар ч но байхгүй гэсэн үг үү?
-Шалгуулаг, надад ямар ч но байхгүй.
-ҮЗХ хуралдлаа?
-Хууль бус хурал болсон. Нам хагарах бодитой аюулын өмнө тулгараад байна. Бид боломжоо хайх хэрэгтэй. Энэ бүхнийг их хурлаар шийднэ. Тиим учраас хурлаа хамтарч зарлаж болох нь уу гэх бололцоог хайх үүднээс их хурлын товыг зарласан тушаалаа хүчингүй болгосон. Эв зүйгээ олох бололцоо бидэнд байх ёстой.
-Та тушаалаа хүчингүй болгочихлоо. Энэ чинь ҮЗХ-ны хурлыг хүлээн зөвшөөрсөн мэтээр ойлгогдож байгаа?
-Зөвшөөрсөн асуудал биш. ҮЗХ-ны хурал хууль ёсны бус шүү дээ. Их хурал гуравдугаар сарын сүүлийн арав хоногт болно. Бид гарц хайж байна.
Э.ТӨР
(өнөөдөр 2005-03-07 054, 055)