Монгол бөхийн найман Жамьян

Өсвөр бага наснаасаа Даншиг их наадмын арслан жаахан Дамбий гэдэг бөхөөр бөхийн гараа, дэвээ, мэх заалгаж Залаагийн овооны наадамд зодоглож хамж, дайрч, харваж тахимдах мэхээрээ учраа бүхнээ өвдөг шороодуулан түрүүлсэн нь бөх болох анхны гараа байв. Төрийн их баяр наадамд хоёр удаа (1926, 1927) түрүүлж, нэг удаа (1925) үзүүрлэн, мөн арав гаруй удаа шөвгөрсөн энэ бөх аймгийнхаа наадамд дөрөв түрүүлж, хоёр үзүүрлэн жар хэтрэх насандаа ч төрийн их баяр наадамд зодоглож байсан бөгөөд 1969 онд үндэсний спортын гавьяат мастер цол хүртжээ. Түүний зээ хөвгүүд болох Г.Өсөхбаяр нь төрийн их баяр наадамд хоёр удаа түрүүлж улсын аварга, Г.Батбаяр нь харцага цол тус тус хүртээд байна. Нацаг зааны хүү нэхий өлгийнөөсөө дөнгөж сугаран, ойр зуур
унаж тусан хөлд орж байх үес одоогийн Хөвсгөл аймгийн Галт сумын нутагт нэгэн хөвгүүн мэндэлсэн нь ирээдүйн улсын заан Содовын Жамьян байжээ. Өвөг эцэг Чоймбол нь шархадсан бодон гахайтай гэнэт тулгаран нүцгэн гараараа дийлж байсан, эцэг Содов нь тэмээний тэн ачааг өрөөсөн гараараа өргөдөг энгүй их хүч тэнхээтэй хүмүүс байсан гэдэг. С.Жамьян хүү хүүхэд ахуй цагаасаа Тариатын хүрээнд шавилан сууж, үе тэнгийн банди нартай ноцолдон бас тэндэхийн бөхийн сорилгод суралцан хожим Монгол бөхийн найман Жамьян нийслэл хүрээний Гандан хийдэд шавилан сууж, тэр үеийн сайн бөхчүүдтэй барилдан хүч бяраа сорьж, барилдах ур хаанд суралцан сайн бөх болжээ.
Ш.Төмөрбаатар арслан буур Жамьян аваргыг дийлдэг хэрнээ С.Жамьян зааныг огт хүчирдэггүй байсан нь сонин юм. Үе тэнгийнхэн дундаа пүг Жамьян гэж нэршсэн энэ бөх харваж дайрдаг, гар ачдаг, учраа бөхөө хүчтэй халан тэнцвэр алдуулж, бярдаж барилддаг бөх байв. 1920- оод оны үед улсын баяр наадамд зодоглон заан цол хүртсэн бололтой. 1946 оны улсын их баяр наадамд урилгаар ирж барилдахдаа 1922 оны заан гэж бүртгүүлжээ. Жамьян зааны эгчийнх нь ач хүү бол улсын заан Сарангэрэлийн Хүрэлбаатар юм. Энэ хоёр Жамьянг зургаа, долоон нас хүрч ишиг, хурга хариулахтайгаа болсон үес одоогийн Архангай аймгийн Тариат суманд ирээдүйн улсын заан Дарамын Жамьяншарав мэндэлжээ. Бага балчир наснаасаа бурханы ном үзэж лам болсон тэрбээр Тариатын хүрээний бөхийн сорилгод суралцан улмаар Гандан хийдэд ирж шавилан сууснаар нас бие гүйцэж, бяр чадал суун, барилдах арга мэх эзэмшиж бөх болох зам нь нээгджээ. 1932 онд заан цол хүртсэнээсээ хойш лавтайяа гурван удаа (1934, 1937, 1938) шөвгөрсөн мэдээ бий. Түүний суйлах, дүүгүүрдэх, гуядах мэхийг нь хэр баргийн бөх хариулж чаддаггүй гэж тэнгийн нь бөхчүүд дурсан ярьсан байна. Энэ гурван Жамьян арван нас ч хүрээгүй балчирхан хөвгүүд байх үес Засагтхан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу буюу одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт нэгэн хөвгүүн мэндэлсэн нь Гомбын Жамьян байжээ. Халхын алдарт хоёр босоогийн нэг Сосорын Шагдарыг хорь шүргэх настай байхад нэгэн нутаг усанд мэндэлсэн энэ хүү эр өсөж эсгий сунахын хэрээр холоос харахад сүр бараа багатай ч ойроос харахад хүрэл баримал шиг бадируун чийрэг эр болов. Нэгэн нутаг усны энгүй их хүчтэн Гуна Төмөрбат, далайн ногоон Лувсан-Иш нарын эрч хүчийг яаж ийж байж өнгөрөөгөөд, тайвшрах үед нь гэнэдүүлэн дайрч унагадаг бөх болжээ. 1934 оны улсын их баяр наадамд алс хол нутгаасаа ирж зодоглосон Жамьян тавын даваанд даншиг их наадмын заан, өндрөөрөө гайхагдсан алдарт бүрхэг Дэндэвт амлуулан барилдаж гарыг нь хумхин халз хутгаад барсангүй гэтэл нөгөө бүрхэг нь Хүн уначихаад байхад битгий ноолоод бай! гэхэд нь анзаарвал учраа бөх нь бөгсөөрөө суучихсан, босох гэж ядаж цөхөж байжээ. Ийнхүү тав давж улсын начин цол хүртсэн гэдэг. Эдгээр дөрвөн Жамьянг эрийн цээнд хүрч ид барилдаж байх үес Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутагт нэгэн хөвгүүн мэндэлсэн нь Аюушийн Жамьян байлаа.
Эцэг Аюуш нь Даншиг их наадмын заан цолтой, нутаг усныхандаа Аяа заан гэж нэршсэн, Бор цонж руу аян жин тээдэг тун ч ажилсаг нэгэн байжээ. Жамьян цэргээс халагдаж ирээд сумынхаа наадамд гурван жил дараалан түрүүлсэн ч аймгийнхаа наадамд шөвгөрөхөөс хэтэрдэггүй байв. 1956 онд Улаанбаатар хотод ирж суурьшив. 1957 онд нийслэл хотын үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаанд зодоглон II байрт шалгарав. Мөн оныхоо улсын их баяр наадамд зодоглон улсын арслан С.Самданжигмэдээр зургаа давж улсын начин цол хүртжээ. Эдгээр бөхчүүдийн дараагийн Жамьян бол Булган аймгийн Сайхан сумын нутагт 1931 онд мэндэлсэн, орон даяар тэмээ өргөдөг гэж алдаршсан Бямбын Жамьяндорж арслан юм. Цэргийн алба хаасан залуу эр аймгийнхаа наадамд түрүүлж, хойтон жил нь нийслэл хотын үндэсний бөхийн аварга болж, улмаар улсын их баяр наадамд зодоглон 6 давж начин цол, Монголын залуучууд оюутны анхдугаар их наадмаас заан цол тус тус хүртсэн. Улмаар 1961 онд шөвгийн дөрвөн бөхөд үлдэн онцлог ойн наадам байсан учир шууд улсын арслан цолтой болжээ. Дараагийн Жамьян бол Увс аймгийн Тэс суманд 1969 онд Увсын долоон хар-ын залгамж халаа болон мэндэлсэн Дэчингийн Жавзанжамьян начин юм. Барилдаан нь нилээд хүлээцтэй, нэг их
хурц шаламгай хөдөлгөөн хийгээд байдаггүй, онцгойлон мэхээ хэвшүүлж чадаагүй ч барилдааны явц дунд ямар ч мэхний хувилбар гаргаж чаддаг бөх юм. 1992 оны улсын их баяр наадамд зодоглон Д.Амгаа заанаар 5 давж улсын начин цол хүртжээ. Төрийн их баяр наадамд зодоглон шөвгөрч улсын цол хүртсэн Жамьянгуудын отгон нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт 1972 онд мэндэлсэн Мижиддоржийн Жамьянпүрэв начин юм. Ямар ч хүчтэй бөхөд бярдуулдаггүй, унаж явахдаа ч уран мэх хийн учраагаа өвдөг шороодуулдаг, бас заримдаа яагаа ч үгүй эрт үсрээд өгдөг энэ бөх 1993 онд аймгийнхаа наадамд түрүүлж, 1995 онд Д.Эрдэнэбат заанаар 5 давж улсын начин цолтой болжээ. Миний нутаг сайхан нэртэй урлаг, спортын тоглолтын үндэсний бөхийн барилдаанд 20 аймгийн хүчтэнүүдтэй уран мэхийг уралдуулан барилдаж суун тусуут хонгодож өргөх мэхээрээ учраа бүхнээ орхиж түрүүлсэн юм.
Б.ХИШИГБАТ