Ж.ЖАВЗАНДУЛАМ Хүү минь төрсөн цагаасаа ээжийнхээ сэтгэлд жаргалын цэцэг ургуулсан

Хүүгээ бөх болгохын тулд жанжин малгай урлан зүү хатгах бүртээ тарни шингээж, алс Японд үдэхдээ сүмо гэдэг бөхийн их сургуульд явууллаа хэмээн төөрөлдөж, башё бүхнийг сэтгэл дэнслэн үздэг, Кёкүшюүзаны ээж. Та бидний сайн мэдэх Д.Батбаярын тухай бус, сүмоч болох хүсэлтэй Батаанаа (ээж нь ингэж дууддаг) хүүгийн талаар бид хөөрөлдсөн юм. Уншигч авгай та санаж буй байх, Д.Батбаярын төрсөн өдөр гуравдугаар сарын 8 шүү дээ. Төрсөн цагаасаа эхлэн баяр баяслын цэцэг ургуулсан миний хүү хэмээн түүний ээж өгүүлсэн юм.
-Жавар үзээгүй Монгол, жаал байгаагүй хүүхэд гэж байдаггүй гэдэг цэцэн үг бий. Кёкүшюүзан ер нь таны чихнээс хэр их хонх уядаг хүүхэд байв?
-Хүүхэд бүхэн сахилгагүй байдаг. Тэдэнд амьдрал тэр чигээрээ сонирхолтой ертөнц учраас ийн зүггүйтдэг болов уу. Хүү минь чихнээс ердөө хонх уяж байгаагүй, харин үргэлж цэцэг ургуулдаг байлаа. Мартын 8-нд би анх миний хүү хэмээх сайхан үгийг Батаанаагийнхаа чихэнд шивнэсэн. Эхчүүдийн баярын өдөр ээж болно гэдэг бас л том бэлгэшээл. Би тэгэхэд 19 настай байсан. 4 кг 500 гр хүү төрснийг дуулаад бөх болоосой гэж залбирч билээ.
-Хүүдээ Батбаяр хэмээх нэрийг хэн өгсөн юм бэ?
-Биеэр том хүүхэд төрсөн учраас аав нь ч бөх болоосой гэж хүсч байж. Тиймээс хүүгээ Батбаатар гэж нэрлэе гэлээ. Тэгэхэд нь би миний хүү баярын өдөр төрсөн. Төрсөн цагаасаа эхэлж биднийг баярлууллаа. Цаашид ч үргэлж баярлуулаасай гэж бэлгэшээн Батбаяр гэсэн нэр өгье гэлээ. Өвгөн маань ч зөвшөөрсөн.
-Миний хүү гэж дуудах гээд дүү хэмээн хөглөдөг гэж хүмүүс ярьдаг л даа. Залуу ээж ингэж хөглөв үү?
-Үгүй дээ. Хэвлийдээ тээж явахдаа ч би хүүтэйгээ ярьдаг байсан. Миний хүү гэж дуудах сэтгэл зүйн бэлтгэлийг эртнээс базаасан. Хүүгээ хөхүүлж байхдаа энэ хорвоо надад ямар том бэлэг барив аа гэж бодож билээ. Хүүхэд бүхэн л ээждээ хөөрхөн. Гэхдээ Батаанаа бүр ч илүү хөөрхөн, бондойсон, өхөөрдөм хүү байсан.
-Үрдээ бүүвэй аялах ч бас эх хүний жаргал гэдэг.
-Бүүвэйн дуу гэгч дарь эхийн сэтгэлийн дуудлага юм. Дэндүү их хайр бүүвэйн дуугаар дамждаг. Бүүвэй аяласан эх хүний харц нь дандаа зөөлөн байдаг гэдэг шүү дээ. Хүн гэгч сэтгэлээрээ амьтан. Яг л бүүвэйн дуу шиг. Тиймээс замбуулин хүнийг зөөлөн угтаж, зөөлөн хүрээлж, зөөлөн үддэг байж таарна.
-Хүүгээ бөх болгоно гэсэн бодол хэзээнээс биеллээ олов?
-Батаанаа найман настайдаа Янзага зуслангийн нэрэмжит үндэсний бөхийн барилдаанд түрүүлж билээ. Бид хоёр ч туйлын их баярласан. Тэгээд аав нь Х.Намшир багшид шавь оруулахаар дагуулан очсон. Ингээд хүү минь тун завгүй болов. Хичээлээ давтана, бэлтгэлээ хийнэ. Тэр үед би дэлгүүрийн дарга, аав нь цэргийн дарга байсан учраас гэртээ тогтохгүй. Хүү минь ар гэрийн бүх ажлаа хийнэ.
-Кёкүшюүзаныг багад нь хүн бүхэн өхөөрдөн нэр өгдөг байсан гэл үү?
-Тийм ээ. Хүүг минь харсан бүхэн л өхөөрдөнө. Бондгор, зааны тугал гээд л. Бас хүн бүхэн бөх болно гэж ерөөнө. Ингэж хэлэхэд би маш их баярлана. Хүүгээ хооллохдоо Миний хүү хоолоо сайн идээрэй. Ингэвэл хурдан өсч Баянаа аварга шиг болно шүү гэнэ. Батбаяр хоолоо идчихээд толины өмнө очоод Ээжээ би Баянаа аварга шиг болж байна уу? гэж асуудаг сан. Одоо бодоход бөх болно гэсэн бодол үргэлж уяатай явдаг байжээ дээ.
-Та хүүдээ жанжин малгай анх урлаж өгснийг бодоход уран хүн байх нь ээ?
-Буруу хойшоо (инээв). Би хөх зүү хөндлөн барьж үзээгүй байсан гэхэд хилсдэхгүй. Сайн сайхан ирээдүйг бэлгэдэн малгайг нь өөрөө оёхоор шийдсэн юм. Малгайны эсгүүр хайн явж байхдаа Спортын төв ордноор орлоо. Туяа гэдэг няравт энэ тухай хэлэхэд эсгүүр авчирч өгөв өө. Малгайг оёж, зүү хатгах бүртээ сайн бөх болохыг бэлгэдэн маань уншиж суусан. Гэтэл сампин зангидаж чаддаггүй. Хэсэг хөглөсний эцэст арай гэж зангидав. Гэтэл тэр нь далий болчихсон. Одоо ч тэр малгай манайд бий. Японд үзэсгэлэнд тавигдсан удаатай.
-Хүүгээ ямар мэргэжилтэй болгоно гэж боддог байв?
-Би эмч, багш, дарга болгохсон гэж ер хүсч байгаагүй. Аав минь бөх байсан учраас ч тэр үү, тамирчин болоосой гэж боддог байв.
-Тэгвэл Кёкүшюүзан бөхөөс өөр төрлийн спортыг сонгох хүсэл байсан болов уу?
-Зун болохоор бид Ховд, Увсад очиж амардаг байлаа. Батаанаа морь унахдаа гаргуун, даага сургах дуртай. Ингээд бодохоор хүү минь уяач болох авьяастай байсан байгаа биз. Бас мотоцикл унах дуртай. Нэг удаа хад сондуул дундуур мотоциклоо паржигнуулан харайж явахыг хараад золтой л муужирсангүй. Намайг хараад бүр онгирох вий гэж айгаад хараагүй дүр үзүүлсэн. Ээжээ би сайн унаж байгаа биз гэж асуухад нь Ингэж болдоггүй юм. Ээж нь ч ингэж унаж чадна гэчихлээ. Тэгээд л давхих нь гайгүй болсон. Бас нэг удаа Би боксоор хичээллэе. Бокс тоглох эвсэл байна гэж багш магтсан гээд орж ирэв. Тэгэхэд нь Ээж нь хүүгээ хүн зодохыг, хүнээр зодуулахыг харах хүсэлгүй байна. Би зүрх муутай хүн гэчихэв ээ. Батаанаа түүнээс хойш бөхөөс өөр спортын талаар яриагүй. Одоо хэр нь зүрх чинь гайгүй биз гэж асуудаг юм. Би боксчин болгохгүй гээд л зүрх өвддөг гээд хэлчихсэн юм.
-Сүмогоор хичээллэнэ гэхэд нь хэрхэн хүлээж авав?
-Миний хувьд бөх л бол бөх. Гэхдээ сүмог мэдэхгүй учраас бөхийн сайн сургууль байх гэж бодсон. Хүүгийн минь нас, биеийн өндөр, жин нь таарч байлаа. Би тэр том сургуульд суралцаад дасгалжуулагч болоод ирэх байх гэж төсөөлсөн хэрэг.
-Алс явж байгаа хүнд нутгийн чулуу, эсвэл шагай өгдөг уламжлал бий. Та хүүдээ юу өгч явуулав?
-Тэмдэглэлийн дэвтэр өгч явуулсан. Хүү минь ч бас ээжийгээ санана гээд дэвтрийн эхний хуудсанд зургаа нааж Миний Батаанаа. Ээж нь хүүдээ хайртай шүү. Энэ өдрийн мэнд хүргэе гээд л бичсэн. Дараагийн хуудсуудад нь сургаал үг бичив. Хүүтэйгээ утсаар ярихдаа юу хийж байгааг нь асуухад Таны дэвтрийг уншаад сууж байна л гэдэг сэн. Батбаяр маань маш сайхан дуулна, гитар тоглоно. Санах бүртээ хүүгийнхээ бичлэгийг сонсдог.
-Сүмоч болохын тулд маш их саад бэрхшээлийг туулж байгаагаа ярьсан уу?
-Хэцүү байснаа нуусан. Хэрэв мэдсэн бол хүүгээ буцаагаад дуудах байсан биз. Явсных нь дараахан төрсөн өдөр
нь болсон юм. Утсаар яриад хаана байгааг асуухад бэлтгэлээ хийж байна гэлээ. Тэгэхэд нь багшдаа хэлээд өлөө ав. Магадгүй багш чинь төрсөн өдрийг нь мартсан байлгүй гэж билээ. Бидэнд сүмогийн бичлэгтэй хуурцгууд явуулсан үеэс нь энэ спортын тухай төсөөлөлтэй болсон. Барилдаануудыг нь үзэхээр олон хүн цугларна аа.
-Кёкүшюүзан гэсэн нэрийг сонсоод?
-Хэлэхэд маш хэцүү нэр шиг санагдав. Утгыг нь асуухад Мандаж байгаа нартай уулын бүргэд гэлээ. Үнэхээр сайхан нэр. Би нарыг шүтдэг. Хүүгээ нялхад нь үүр хэрхэн цайдгийг харуулах гэж эртлэн босдог байв. Голын тохой өгсөн хүүгээ тэвэрч алхахдаа шувуудын сүүдэр дайрчих вий гэж эмээдэг байж билээ. Үүр цайхыг харсан хүний үүр цайдаг гэдэг мэргэн үг ч бий. Нэрний тайлбарыг сонсоод энэ бүхнийг өөрийн эрхгүй дурссан.
-Японоос ирэхдээ Батбаяр маш их өөрчлөгдсөн байсан уу?
-Тэгэлгүй яахав. Бие, ухаан нь зэрэг өсч, бие хүн болон төлөвшсөн байсан. Хүүгээ өдий дайтай явааг хараад японы ард түмэнд ч маш баярласан. Болдогсон бол хүүгээ аваад үлдмээр санагдсан минь нууц биш. Батаанааг буцахад бага дүү нь гурван ойтой байв. Ахыгаа явуулахгүй гээд онгоцны буудал дээр хүзүүдэж уйлаад бөөн юм болсон.
-Хүүгийнхээ барилдааныг ордон дотор үзэж суухдаа юу бодов?
-Дэвжээг нь хараад ханцуйдаа залбирч суусан. Ордон дотор барилдааныг үзээд сууж байхдаа сэтгэл их догдлоод. Хэн нь хаяж, унаж буйг мэдэхгүй нулимс л бүрхсэн дээ.
-Кёкүшюүзан докторын зэрэг хамгаалсан бил үү? Бэлтгэл хийхээс гадна өөрийгөө хөгжүүлэхийг та захисан нь лавтай.
-Хүү минь сурагч байхдаа орос хэлэнд маш авьяастай байсан. Энэ нь ч япон хэл богино хугацаанд сурахад нөлөөлсөн болов уу. Орсоор ярьж чадах уу гэхэд мартчихсан байх гэдэг юм. Батаанаа ҮБТДС-ийг эчнээгээр төгссөн. Мөн одоо Японы их сургуульд суралцаж байгаа. Манайхаар бол Удирдлагын академи юм уу даа. Чингис хааны дэлхийн академид Монголын эртний хаадын гүн ухааныг сүмод нэвтрүүлж амжилтад хүрсэн минь сэдвээр академич цол хамгаалсан. Сая Монгол хүний сүлд хийморь, гүн ухаан сэдвээр доктор боллоо.
-Эх хүний сэтгэлд үр нь үргэлж нялх хэвээрээ байдаг гэж үнэн үү?
-Үүн шиг үнэн үг байхгүй. Одооноос олон жилийн өмнө дөө. Хүү минь утсаар яриад Цэвэгням, Энхбат бид гурав далайд сэлж байна. Та давалгааг нь сонсох уу гээд сонсголоо. Би маш их айж Далайгаас хол тоглоорой хүүхдүүд минь гэхэд гурвуулаа инээлдсэн. Тоглоорой гэсэн үг л тэднийг маань инээлгэж л дээ. Саяхан хүүгээ ирэхэд нь үсийг нь самнаж суулаа. Миний хүүгийн үс том хүнийх шиг ургажээ гэхэд гэр доторх хүмүүс бүгд шоолоод.
-Кёкүшюүзан Монголд хэзээ ирэх вэ?
-Гуравдугаар сарын тэмцээний дараа ирж магадгүй.
-Хүүтэйгээ шавайгаа ханатал ярилцах цаг танд олддог уу?
-Бараг үгүй. Ямартаа л Нүхтэд амраад Улаанбаатарт ирэхдээ Батбаяр Ээжийн ямар жолооч болсныг харна гээд машинд суулаа. Хүүтэйгээ хоёулхнаа явахдаа замаа уртасгахыг хүссэн үү, маш удаан явсан. Батаанаа Аав таныг машин жолоодохоороо аалз шиг явдаг гээд байсан. Та мэлхий шиг юм байна шүү дээ гээд инээж байх вэ.
-Хүүгээ эрхлүүлэх зав гардаггүй гэж үү?
-Утсаар эрхлүүлнэ. Утсаа салгаж дуут мессеж дээр тавьсан байхад нь багад нь яаж өхөөрддөг байсан, тэгж л эрхлүүлнэ. Энэ үед сэтгэл минь маш сайхан болчихдог.
-Ярилцлага маань өндөрлөх дөхлөө. Манай сониноор дамжуулан юу хэлмээр байна вэ?
-Бүх эхчүүддээ удахгүй болох эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж эрүүл энх, элэг бүтэн, магнай тэнэгэр амьдрахын ерөөл дэвшүүлье. Мэргэжлийн сүмод барилдаж байгаа хүүхдүүддээ амжилтын дээдийг ерөөе. Энэ хорвоогийн бүх хүн нэгнээ эхийн хайраар хайрлавал мөнхөрнө гэдэгт би итгэдэг. Биесээ бүү гомдоогоосой, нэгнийхээ сэтгэлд сэв битгий суулгаасай. Атаа жөтөө бус, аз жаргал, өөдрөг итгэлийг хүсч явбал хүн бүхэн сайхан амьдарна.