МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИЙН МЭНДЧИЛГЭЭ

Тэнгэр мэт заяатай, тэгш таван оюунтай Монголын эмэгтэйчүүд, бүсгүйчүүдийн хайр энхрийлэл, халуун сэтгэлийн илчинд төр улсын үндэс болсон гэр бүлийн амьдрал бөөцийлөгдөж, айл гэрийн хана нуруу, амьдрал ахуйн өнгө зүс шууд хамаарч байдаг нь бодит үнэн билээ.
Манай орны айл өрх бүр халуун ам бүлээрээ амар амгалан, мөр бүтэн, сэтгэл өег, өлсөж даарахын зовлонгүй амьдарч, эрдэм чадалтай байх аваас хувь хүн, өрх гэр төдийгүй улс орны тусгаар тогтнол, хөгжил дэвшилд нэн тустай хэмээн Төрийн тэргүүн миний бие үзэж, Монгол улсын төрөөс гэр бүлийн хөгжлийн талаар баримтлах бодлого-ыг санаачлан УИХ-аар батлуулж, Монгол улсын Засгийн газар өнгөрсөн оныг Гэр бүлийн жил болгон зарлаж ажиллалаа.
Хүмүүний амьдрал эв ая, ээдрээ нугачаа ихтэй байдаг болохоор зах зээлийн нийгэмд хөлөө олж ажил амьдралаа дэвжүүлж яваа айл өрхөө дэмжиж, дутуу гуцуу, уруу доройгоо тэтгэж өөд нь татвал төрийн энэ мэт бодлого, шийдвэр хэрэгжин биежиж үр өгөөжөө өгөх нь дамжиггүй.
Төр эмэгтэйчүүдийн хөдөлмөр бүтээлийг өндөр үнэлж улсын эрхэм алдар цол хүртээж, төрийн дээд шагналаар шагнаж ирсэн нь Та бүхэнд үзүүлж буй хүндэтгэл, хийснийг онцолж, хийж бүтээх урмыг тэтгэж байгаа хэрэг юм.
Сүүлийн жилүүдэд төр засгаас эмэгтэйчүүдийн асуудлаар эрх зүйн болон бодлогын хэд хэдэн баримт бичгийг батлан гаргалаа. Эмэгтэйчүүдийн боловсрол, соёл, хөдөлмөр, эрүүл мэндэд дэвшил гарч, нийгэмд эзлэх байр суурь нь батжиж бэхжиж байна.
Баярын энэ өдөр эмэгтэйчүүдийн хөгжлийн талаар шийдвэрлэвэл зохих зарим асуудлын тухайд одоо санал, бодлоо хуваалцая.
-Хүн ам цөөн, соёл, түүхийн ихээхэн онцлогтой Монгол улсад эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүрэг үлэмж их байна. Эмэгтэйчүүд, эхчүүдийн дунд муу муухай үйл, ужид завхай байдал газар авсан улс орон хэзээ ч өөдөлдөггүй болохоор өрх бүр хэл ам, хилэнц нүглээс ангид, орчин цагийн соёл, ёс суртахуун, боловсролтой иргэн төлөвших халуун дулаан өргөө байгаасай гэж би хүсч байдаг юм. Удам залгах үрсээ хүний дайтай хүн, шударга журамт иргэн болгон төлөвшүүлэхэд эх хүн хайраа дотроо, халаа гаднаа байлгаж, тэдэнд хатуужил тэсвэр, өөрөө өөрийгөө аваад явах ухаан суулгаж, хүний эрхэм сайн зан чанар, эрдэм мэдлэг эзэмшүүлэхийн төлөө хичээн зүтгэх нь цаг үргэлжид эрхэмлэх гэгээн зорилт болой. Цэцэг, цэврүү мэт охидоо хайрлан хүндэтгэж, элбэрэлт эх, эх оронч бүсгүйчүүл, эрдэм чадалт эмэгтэйчүүд болгон хөгжүүлье.
-Монголын эмэгтэйчүүд харьцангуй өндөр боловсролтой, шийдвэр гаргах төвшинд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллах чадвартай. Энэ чадамжийг бүтээн байгуулалт, бүтээл туурвилын үйлсэд аль болох дүүрэн ашиглах хэрэгтэй байна.
Эмэгтэйчүүдийг шийдвэр гаргах төвшинд ажиллуулах нийгмийн хэрэгцээ, шаардлага өндөр байгааг төр, засаг соргог мэдэрч, бодлого шийдвэртээ тусгаж, бодит ажил хэрэг болгоё.
Эмэгтэйчүүдийн торгон мэдрэмж, тогтсон бодлыг төр засгийн шийдвэр гаргахдаа байнга тусгаж байгууштай байна.
-Эмэгтэйчүүдийн нэлээд хэсэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй, олон хүн ядуурлын зовлонг туулж яваад сэтгэл эмзэглэхгүй, тайван суухын аргагүй. Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллын асуудлаар өмнө хүрсэн төвшнөөсөө ухарч, буцаан алдаж байгаа нь харамсавч баршгүй. Ядуу дорой амьдралтай эмэгтэйчүүддээ төр засаг, түмэн олон, төрийн бус байгууллагуудаас үзүүлж буй дэмжлэг туслалцааг нэмэгдүүлэн, тусалж дэмжиж буй арга барилыг оновчтой болгож, хүртээмж, үр дүнг сайжруулах талаар дорвитой ажил үгүйлэгдэж, нэгдсэн зохицуулалт дутагдаж байгаад дүгнэлт хийн бодитой тодорхой, үр өгөөжтэй ажил алхмыг хийцгээе.
Монгол улсын эдийн засгийг хөгжүүлэх, нийгмийн баялгийг бүтээхэд хөдөлмөрийн насны хүн амын тэн хагасыг эзэлдэг эмэгтэйчүүдийн үүрэг асар их байгааг харгалзан эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх асуудлыг тэргүүн зорилт болгон хэрэгжүүлцгээе.
-Эмэгтэйчүүдийн эсрэг аливаа хүчирхийллийг газар авахуулахгүйн төлөө нийгмийн сэтгэл зүйг бүхэлд нь хандуулж, эмэгтэйчүүдийг үзэл бодлоор нь ялгаварлах, гадуурхах, хажиглах, ажлын байранд нь ёс бус шаардлага тавих аливаа буруу зан үйлд уруу татах зэрэг зүй бус үзэгдлийг таслан зогсоохын төлөө сонор соргог ажиллацгаая.
-Эх нялхсын эрүүл мэндийг хамгаалах, эндэгдлийг бууруулах чиглэлээр төр засгаас нэлээд анхаарч, хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа ч энэ салбарт цаашид байнга хийх ажил нь хийснээсээ их байна. Эмэгтэйчүүд нэн ялангуяа хөдөөгийн эмэгтэйчүүдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг эрс сайжруулж, өөд татахад нөөц бололцоогоо түлхүү ашиглацгаая.
-Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн төрөлтийг урамшлуулахад чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээг амаар биш ажил хэргээр хэрэгжүүлэх нь манай орны хүн ам зүйн бодлогын нэн чухал тал юм. Хүн амын төрөлт цөөрөх нь улс орны ирээдүйд нөхөж баршгүй хохирол учруулахыг төрийн бодлогын түвшинд үргэлж бодож тооцож ажиллах хэрэгтэй.
Монголын наран ээлт, саран гоо ээжүүд, эмэгтэйчүүд Та бүхэн өнгөнд цэвэр, үйлэнд уран, үрдээ энэрэлтэй, үргэлж цэмцгэр, ханьдаа түшигтэй, хадамдаа элэгтэй, эх хүний есөн эрдэм төгс байж, жаргалын дээдийг эдлэн, сайн сайхан, сэтгэл хангалуун амьдрах болтугай.
2005 оны 3 дугаар сарын 8
—оОо—