Яруу найрагч Д.Ган-Очирын шүлгүүд

Орой үдэш уйлж дуулаагүй ч
Орчлонгийн зовлонг огоорсонгүй
Орчлонгийн зовлонг бодох юм бол
Оройн сэрүүнд чи минь цэцэг шиг гандчихна
Сарны саруулд уйтгарлан гуниглаагүй ч
Садар явдлыг бидэн хоёр хүссэнгүй
Садар явдлыг хэрвээ хүсэх юм бол
Сарны тохиолго шиг чи минь хиртчихнэ
Дарсны аагинд хөлчүүрхээгүй ч
Дарвиж би чинь согтсонгүй
Дарвиж хэрвээ согтох юм бол
Дарс шиг чи минь дуусчихна
Хоёул хамт байгаагүй ч
Хорвоогийн уйтгарыг зүхсэнгүй
Хорвоогийн уйтгарыг хэрвээ зүхэх юм бол
Хоёр салаа гэзэг шиг чинь
Хоёр мөрөн болоод урсчихна
1994-8-27
Харууслын аяз
Чиний яван одох чинь миний нулимс байсан
Чиний буцан ирэх чинь миний зовлон болсон
Ахиад л чамайг уйлуулж
Аялан одох улирал шиг гундлаа
Салж чадахгүй зүрхний цалманд
Санаж л явья гэсээр мөрөө бурууллаа
Үзэгний минь ховдол нулимсаар дүүрч
Yнсэх уруулын чинь замд шарилж ургалаа
Ахин би чамайг яасан ч харахгүй гэж
Аньсган дотроо өөрийгөө сохоллоо
Бодол санаа минь үргэлжийн үргэлжид
Болор хундаганд цалгин цалгивч
Бохь шиг амттай тэр охидыг
Болж л өгвөл хайралмаар байдаг ч
Эгэлхэн түүнийгээ мартаж чадахгүй
Эргэн хурган шаналж л явна
Ээжийнхээ сэтгэлээс хугаслаж төрсөн
Эрххэн хүү чинь уйлж л явна
Адлуулж муулуулсан энэ орчлонд
Аргадуулж суудаг бүсгүй чамд
Амлаж зүрхлэмгүй хайраа дэвсэж
Амгалан шөнийг чам дээр хучиж
Yсний чинь дор шүлгийн дэвтрээ ивж
Yзэгдэх төдий зүүдэнд чинь тэвэрч
Чимээ чагнан сэтгэлээ бүлээцүүлэж
Чи минийх болоо ч гэж ахин хэлнэ
1999-2-6
Харуусал
Цахлай мэт энгэрээ задгайлж
Цас бороон дундуур нисэж явахдаа
Цантатлаа уйлсан сэтгэлийн чинь цонхыг
Цаг бусаар нээх гэж цамнаж явсан даа
Цучлын төдий сэтгэлийн гал минь
Цувраад ганганах ангирын дуунд
Цун цунгийн нулимсаа унагадаг байсан
Цуцахыг мэдэхгүй жигүүрээ дэлгэхэд
Цув нөмрөг минь үүлс байсан
Цээжний гүн рүү минь чулуудсан толь
Цэвэрхэн царайны чинь эсгүүр байсан
Бороо цасны хооронд сэтгэлийн модонд хөлдчихөөд
Боловсорч амжаагүй байхдаа чи дэн-дун
Бодол зүүдний зурагнаас зугуухан арчигдах %
Богинохон цагны хэл дурлал минь дон дон
1995-7-11