Саарал ордны жиг жуг

Хэдийгээр намрын чуулган завсарласан ч сайд томилох асуудлыг ээлжит бус хуралдаан зарлаж дор нь хэлэлцэх боломжтой. Гэтэл өнөөг хүртэл шийдээгүй байгаагийн шалтгаан юу вэ? Зөвшилцөн ажиллаж байгаа хоёр намын хооронд ямар ч асуудал гарсан заавал тооцож үзэх ёстой нэг нөхцөл үүссэн нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч хэн байх вэ гэдэг асуудал гэнэ. Яг энэ шалтгаанаас болоод сайдуудын томилгоо хийгдээгүй байгаа аж. Бүр цаашилбал Засгийн газар тогтвортой ажиллах эсэх ч АН-аас Ерөнхийлөгчид нэр дэвшигч хэн байхаас хамаарна гэж ойрын эх сурвалж мэдээлж байна.
Нэр дэвшигчийн сунгаанд хэн хэн оролцох вэ?
Өнгөрсөн буюу 2001 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН дотор сунгаа явагдаж Р. Гончигдорж М. Энхсайханыг ялснаар Ерөнхийлөгчид нэр дэвших эрх намаасаа авч байсан. Гэхдээ сунгааны үеэр гарсан зарим будлианаас үүдэн өрсөлдөгч нь түүнд гомдож, сурталчигаанд нь оролцоогүй билээ.
Удахгүй болох сонгуулийн өмнө Ардчилсан нам мөн нэр дэвшигчдийн сунгаа явуулах аж. Энэ удаагийн марафонд тус намаас нэр дэвших боломжтой хүмүүсийн тоонд хамгийн түрүүнд тооцогддог Р. Гончигдорж оролцохгүй гэнэ. Харин Д. Дорлигжав сунгаанд орох сурагтай байна. Нөгөө талаас М. Энхсайхан мэдээж оролцож таарна. Одоогоор сунгаанд оролцох хүмүүсийн нэр бүрэн тодорч дуусаагүй бөгөөд бүр хэд хэдэн хүн оролцож ч магадгүй аж. Харин ялагч нь М. Энхсайхан байхаар нам дотроо тохирсон гэх яриа байна.
А. Чандмань.
2005.03.7, Ардын эрх