ЮКОС шатахууныхаа үнийг дураараа нэмсэнээс болж үнийн хөөрөгдөл үүсчээ.

-ОХУ-ын ЮКОС компани манай улсад нийлүүлдэг шатахууныхаа үнийг 3-р сарын нэгнээс нэмсэн гэсэн товч хариулт өглөө. Оросын Засгийн газар нефтийн бүтээгдэхүүнийхээ экспортын татварыг нэмэх шийдвэрийг хоёрдугаар сарын 18-нд гаргажээ. Гэтэл гарсан өдрөөсөө хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болдог энэ шийдвэр тэр дороо л манай улсад хэрэгжиж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, манай улсад шатахуун нийлүүлдэг хувийн ЮКОС компани Засгийн газрынхаа шийдвэрийг дур мэдэн гуч хоногоор урагшлуулсан байна. Яг өнөөдрийн байдлаар ОХУ экспортолж байгаа нефтийн бүтээгдэхүүндээ тонн тутамд 75 ам. доллар тооцдог хэвээрээ байна. Гуравдугаар сарын 18-ны өдрөөс нэмэгдсэн үнээр буюу тонн тутамд 68,2 ам.долларын татвар тооцох юм. ЮКОС компани ийнхүү нэмэгдээгүй байгаа, нэмэхээр хүлээгдэж буй үнийг тооцон манай улсад нийлүүлдэг шатахууныхаа үнийг нэмжээ. Манай шатахуун импортлогч компаниуд ч хэлсэн үнээр нь авч байгаа аж. Өөрсдөө боловсруулаад үйлдвэрлэж чадахгүй болохоор авахаас өөр аргагүй. Нөгөөдүүл нь ч нэмэх шийдвэр гарсныг нэмэгдлээ гэж хэлээд л амыг нь таглачихсан аж. ОХУ экспортод гаргадаг шатахууныхаа татварыг яагаад нэмэх болсныг сонирхлоо. Дэлхийн зах зээл дээр түүхий нефтийн үнэ нэмэгдвэл том гүрнүүдийн зах зээл дэх нефтийн үнэ нэмэгддэг. Гэтэл дэлхийн зах зээл дэр нэг баррель түүхий нефтийн үнэ 53 ам. доллар байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтвортой байгаа юм. ОПЕК өдөрт гаргадаг шатахууныхаа квотын хэмжээг багасгана гээд зарлачихсан нь Орос болон бусад орныг экспортод гаргадаг шатахууныхаа татварыг нэмэхэд хүргэсэн бололтой. Манайд нийлүүлдэг шатахууны үнээ нэмсэн нь ямар шалтгаантайг ЮКОС компаниас албан ёсоор асуусан уу гэж Д. Амарсайхан даргаас тодруулахад
-Тэд манай Засгийн газар татвараа нэмсэн гэсэн хариулт өгдөг гэв.
Уг нь өнгөрсөн оны 12 дугаар сард Ерөнхий сайд Ц. Элбэгдорж газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх болон үнийн талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргаж байсан билээ. ОХУ-аас импортолж байгаа газрын тосны үнийг тогтвортой байлгах чиглэлээр Монгол Улс ОХУ-ын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэн, ОХУ-ын Засгийн газарт санал тавих зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Үйлдвэр, худалдааны сайд С.Батболд, Зам тээвэр, аялал жуулчлалын сайд Г. Батхүү нарт даалгасан. Ингэж арга хэмжээ авсаар байхад Оросын нэг хувийн компани нэмэгдээгүй байгаа экспортын татварыг тооцон шатахууныхаа үнийг нэмж байгааг юу гэж ойлгох вэ.
Шатахуун түгээх станцуудад шатахууны үнэ дараах байдалтай байна. Нийслэлийн бүх шатахуун түгээх станцад шатахууны үнэ ижил байгаа аж.
А-80 590 /хуучин үнэ 560/
Аи-92 680 / хуучин үнэ 660/
Аи-95 730 / хуучин үнэ 680/
Дизель 810 / хуучин үнэ 760/
Ц. Шижир.
2005.03.9, Монголын мэдээ