40 жилийн өмнөх улсын баяр наадмын үеэр бөхчүүд цагдаа нарын хооронд том зодоон дэгджээ.

Бөхчүүдийн нанчилдааны үнэн худал нь үл мэдэгдэх сураг сонссоноос биш нүдээрээ үзээгүй наадамчин монголчуудад дээрх зодоон үнэхээр хүнд туссан юм.
Гэвч энэ нь бөхчүүдийн хувьд ердийн л үзэгдэл бололтй. Юу гэвэл улсын наадамд нэжгээд түрүүлсэн Д. Жамц арслан нэгэн спартакиадын барилдаанд дархан аварга Д. Дамдинтай барилдаад ойчихдоо нударганы амт үзүүлсэн ажээ. Энэ тухай улсын заан Чоно хэмээх Түзэлийн Зундуй гуай Тэгэхэд Дамдин аварга Жамцыг хаянгуутаа дээрээс нь нидэрсэн юм шиг байна лээ. Тэгсэн нөгөө Жамц арслан чинь уурлан босож ирүүтээ аваргыг дэлсээд авсан шүү. Ер нь иймэрхүү гар зөрүүлэх тохиолдол миний үед манай бөхчүүдийн дунд байдаг л байсан хэмээн ярьсан билээ. Улсын баяр наадамд завсаргүй таван жил дараалан түрүүлсэн Дамдин аварга тун ч эрэмгий бөх байсан аж. Энэ домогт хүчтэний тухайд улсын наадамд нэг удаа түрүүлсэн С. Оргодол арслан гуай Дамдин чинь дүрэм мүрэм гэж мэддэг ч үгүй, дэвдэг ч үгүй, өрдөг ч үгүй, зүгээр л нэг түнтийсэн юм гарч ирээд л учраагаа тэр чигээр нь дайрчихдаг тийм нэг хар буриад байсан юм чинь…-гэж хэлэх вэ.
Гэвч Өсөхбаяр, Сүхбат хоёрын цуут зодооноос даруй 40 жилийн урьд буюу 1962 оны улсын баяр наадам дээр олныг цочоосон том зодоон болжээ. Уг зодоон наадмын бөхийн зургаагийн давааны үеэр бөхчүүд, цагдаа нарын хооронд болсон байна. Монгол наадмын түүхэнд анх удаа тохиосон энэ сүрт зодооны талаар тэмээ өргөдөг хэмээн алдаршсан Бямбын Жамьяндорж арслан ийн ярив.
Зургаагийн даваанд би Говь-Алтайн У. Түдэв начныг амлаад гарахад тэр үед жаахан бороотой үе таарсан юм. Барилдаж байхад Пүрэв ойчихдоо газарт бөгсөөрөө суучихсан. Би ч давлаа гэж бодтол мань хүн суугаа чигээрээ намайг өмсчихгүй юу. Тэгээд л шууд босоод туг тойрчихсон. Тийм сэргэлэн хүн шүү дээ Пүрвээ чинь. Би яахав өөрийгөө унаагүй хаясан гэж бодоод хөлийн цэцүүд үнэн мөнөөр шийднэ биз гээд зогсоод байсан чинь элэнцгийнх нь зөв шийдэх байх вэ. Бид хоёрын барилдааныг шүүж хянасан засуул цэц ч байдаггүй бүгдээрээ зодоон харах нь харж, зодоонд оролцох нь оролцоод бидний барилдааныг анхаарсан хүн байгаагүй. Тэгээд би элдэв маргаан гаргалгүй л тахимаа өгсөн дөө.
-Ямар учиртай юун зодоон болсон юм бэ?
-Хулгар Дамдиндорж, дүүгүүр Гомбосүрэн нарын хэдэн бөх наадмын талбайн зүлэг рүү орж ирээд суухад нь бас хэдэн цагдаа ирж тэднийг хөөсөн юм биз. Энэ бол хүн суудаг газар, барилддаг талбай. Эндээс яв гэсэн юм байх. Булганы дүүгүүр Гомбосүрэн угийн шартай золиг юм чинь Мөнхбат аваргыг хүртэл зодно гээд дайрч байсан лүд байхгүй юу.
-Мөнхбат аваргыг уу?
-Харин тийм. Дүүгүүр Гомбосүрэн чинь түргэн ууртай, хор шартай ч сайн барилддаг бөх байсан юм. Гурван жил /1961-1963 онууд/ дараалан тавын даваанд унаад ашгүй 1964 оны улсын наадмаар тав давж начин болчихоод байхад нь зургаагийн даваанд Мөнхбат дахин авахгүй юу. Уг нь Гомбосүрэн тэр наадамд ирчихээд төв аймгийн гурван чонын амнаас гарлаа. Одоо начин болноо гэж аархсан байна л даа. Мань хүнийг Төв аймгийн Эрдэнэ-Очир арслан, Сосорбарам арслан, Мөнхбат аварга гурав жил дараалаад тавын даваанд авч хаясныг хэлсэн нь тэр. Гэтэл арай гэж начин болоод байтал нь Мөөеө аварга дахин авсныг дуулаад, нөгөөх золиг чинь Мөнхбат юундаа намайг дандаа амладаг юм бэ. Би тэрнийг зодно гэдэг байгаа. Барилдахаар гарахдаа хоёр гараа тас зангидчихсан байсан. Тэр үед Мөнхбат улсын наадамд нэг түрүүлж арслан болчихсон байсан цаг. Өрүүтээ л Мөнхбат давхар гүйгээд хаячихгүй яахав. Өнөө дүүгүүр юун зодох, дараа нь Мөнхбатыг хүний хор шар хөдөлгөхөөр нь уур хүрээд зодмоор санагддаг юм. Зодьё гэхээр тэр сайхан амьтны хаана нь зодох вэ, хайр хүрээд байдаг юм гэж байсан нөхөр шүү.
-Үнэхээр ааштай шазруун хүн байж. Харин нөгөө зодоон юу болсон билээ?
-Цагдаа нарыг хөөж туухлаар нь дүүгүүр Гомбосүрэн яахав, шартай хүн юм хойно нэг цагдааг нь үсэртэл хусаад хаяхгүй яана. Тэгсэн нөгөө хулгар Дамдиндорж гэж нохой нь харайж очоод бас дэвсчихсэн байгаа юм. Ингээд цагдаа нар бөөрөлхөөд дайрахаар нь бөхчүүд нийлээд босно биз. Талцаад бөөн зодоон болдог юм байна л даа. Энэ зодооноос болж би давсан байтлаа унасан болоод хохирсон юм даа…
Дээрх зодооныг цагдаа шүүх гэлгүйгээр тэсгээд дарж өнгөрөөсөн гэдэг юм. Учир нь Өсөхбаярын алдарт буурын тийрээнийг ч бөхдөө хайртай Монгол хүний сэтгэлээр хүлцэж аанай цагдаа шүүх бололгүй өнгөрөөсөн боловч наадамчдын хооронд фанаатуудын үймээн гарч болзошгүй хэмээн Цэнгэлдэх хүрээлэнд цагдаагийн хүчийг нэмэн авчирсанаар үл барам тусгайгийнхан ч дуудсан гэдэг билээ.
Дашрамд сонирхуулахад 1962 оны дээрх бөхчүүд цагдаа нарын хоорондох зодооныг үүсгэсэн Дүүгүүр хэмээх С. Гомбосүрэн нь 1964 оноос хойш гурван жил дараалан улсынхаа баяр наадамд тав давсан тун тэнхээтэй сайн бөх байсан аж.
Харин түүнтэй зодооныг өдөөсөн хулгар хочтой Дамдиндорж нь Архангайн Хашаат сумын уугуул улсын баяр наадамд 1957, 1958, 1960 онуудад мөнхүү гурван удаа тав дасан сайн бөх байсан бололтой.
2005.03.Дээдсийн хүрээлэн /