Дуучин Т. Баясгалан Эр нөхөр гэх нь байтугай тольдох ч завгүй явна.

-Тиймээ, удахгүй би энэ сарын 11,12-нд УБ палас-т Зөвхөн чамдаа тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын маань найруулагчаар Логик студийн найруулагч Баяраа ажиллаж байгаа. Ер нь надтай үсчин Одонгооо, гоо сайханч Эрдэнэбулган гээд олон хүмүүс хамтран ажиллаж байна. Ноднин би Сүүтэй зүүдэн гэдэг тоглолтоо 3 сард хийж байсан. Тэрнээс хойш нэг жилийн ойн дээрээ зөвхөн чамдаа тоглолтоо хийх гэж байна. Энэ тоглолтын маань онцлог гэвэл дуу бүр нь шинэлэг, Сүүтэй зүүдэн ерөнхийдөө ээжийн тухай дуунаас бүтсэн байсан бол энэ тоглолтонд хайрын дуу давамгайлсан байна.
-Хэдэн дуу дуулагдах бол. Яагаад Зөвхөн чамдаа гэж нэрлэсэн юм. Хэн нэгэнд зориулсан юм уу?
-Ер нь би уран бүтээлээ ард түмэндээ зориулдаг. Би энэ дуугаа хэн нэгэнд зориулсан бол тэр хүн миний ард түмний нэг хэсэг байх болно. Энэ тоглолтонд маань поп, зохиолын ардын, сонгодог гээд дөрвөн чиглэлийн 20-иод дуу дуулагдана. Сүүлийн үед би сонгодог тал руугаа дуулахыг зорьж байгаа. Тэрнийхээ нэг хэсгийг тоглолтондоо харуулна. Нэгэн сюрприз дэлгэхэд би тоглолтон дээрээ Ламба гуйн нулимс дуурийн нэлээн жүжиглэлтэй жижиг хэсэгт тоглоно. Энэ жүжгэнд надаас гадна 2-3 дуучид жүжиглэнэ. Ер нь энэ тоглолт хайрын тухай нэгэн түүх байх болно.
-Тоглолтон дээр дуэт дуулах уу. Жавхлан оролцох болов уу?
-Миний тоглолтонд бусад дуучид мэндчилгээ дэвшүүлж оролцохгүй. Энэ бол Баясгалан гэдэг хүнийг бусдад таниулах гэсэн тоглолтм. Миний тоглолтонд дандаа эрэгтэй дуучид оролцоно, би нэлээд хэдэн дуучидтай дуэт дуулна, одоохондоо тоог нь нууцалчихья. Жавхлан үзэх байх.
-Яагаад таны тоглолтонд Жавхлан оролцохгүй гэж, хүмүүс орох байх гэж бодож байгаа болов уу?
-Би тоглолтонд маань Жавхлан оролцоно ч гээгүй, оролцохгүй ч гээгүй. Энэ бол миний тайлан тоглолт, тэрнээс Жавхлангийн биш. Бид хоёр тухайн үедээ хамтарч дуулдаг байсан болохоос дандаа дуулах албагагүй шүү дээ.
-Тоглолт чинь ерөнхийдөө хайрын түүх гэсэн, бас л бусад хамтлаг дуучидтай адилхан болчих юм биш үү?
-Хайр маш олон янз шүү дээ. Бид бусдын адил өнцгөөс биш арай өөр өнцгөөс хайрыг харж бас өгүүлсэн байгаа. Ерөнхийдөө миний Зөвхөн чамдаа дууны клипийн жанртай адил зохиомжтой. Тэглээ ч дуулж байгаа хүмүүс нь өөр болохоор хайрынх нь өнгө өөр байх болно.
B<>-Энэ тоглолтоо орон нутагт тоглох уу. Цаашдын ажлын төлөвлөгөөг чинь сонирхвол?
-Зөвхөн чамдаа тоглолтоо орон нутгаар тоглоно. Надад Англи, Солонгос, Америкаас урилга ирж байгаа, тэднээс Англи сонирхол татаад байгаа. Цаашдын мөрөөдөл гэвэл их бий. Миний мөрөөдөл шат шатаар биелэгдэж байгаа. Бага насны хүүхдүүдийг сургадаг, дуу хөгжмийн сургалтын төв байгуулья гэж бодож байгаа. Энэ сургалтанд маань амьдралын боломж муутай айлын хүүхдүүд ч суралцах боломжтой байх болно. Одоогоор сургууль байгуулах суурь асуудлууд шийдэгдчихсэн байгаа. Энэ сургуульд маань манай СУИС-ийн мэргэжлийн сайн багш нар цагаар хичээл заах болно.
-Өөрөө түүндээ багшлах уу. Ингэхэд боловсролдоо хэр анхаарч байна?
-Цаг зав болвол багшлалгүй яахав. Одоогоор би СУИС- д заах аргын талаар магистр хамгаалж байгаа. Ер нь цаашдаа гадагшаа сурна гэж бодож байгаа. Энэ жил Италид очоод энэ талаар судалж үзсэн.
-Удахгүй Мартын найман боллоо. Ээжийгээ яаж баярлуулах вэ. Өөрөө хэр эрх охин бэ?
-Ноднин би Сүүтэй зүүдэн тоглолтоо хийчихээд ээждээ 99 сарнай бариад мөргөхөд ээж маань уул шиг их баярлалаа гэж байсан. Энэ жил ч бас ээждээ өөрийн тоглолтоор бэлэг барина. Ээжид маань охиных нь амжилт бүр баяр байдаг. Удахгүй болох баяраар ээжийгээ Ээжийн бүүвэйтэй хорвоо нэвтрүүлэгт оруулж баярлуулна, бас тоглолтоо хийнэ, гэхдээ би зөвхөн баяр гэлтгүй аль болох ээжийгээ баярлуулахыг боддог. Ээждээ эрхлэх үедээ эрхлэнэ, загнуулах үедээ загнуулна, ер нь эрх талдаа шүү .
-Ээжийн охин хэзээ өрх тусгаарлах вэ. Хувийн амьдралаа хэт орхигдуулаад байна уу?
-Сонин хэвлэлээр бол би бараг 20-иод хүнтэй суучихсан байх. Тэртээ тэргүй цаг хугацаа бүгдийг харуулах биз. Одоохондоо уран бүтээл гээд завгүй явж байна. Гэхдээ хүнтэй сууж, хүүхэд гаргая гэвэл амархан шүү дээ. Заяаны хань маань нэг газар явж байгаа байлгүй дээ.
-Залуу хүн болохоор гоёж гоодох дуртай байлгүй, толины өмнө удаан эргэлдэх нь эмэгтэй хүний зан байдаг ?
-Тоглолтын үеэр л олон янзын хувцас өмсөж нүүрээ тод буддаг. Тэрнээс бусад үед тийм их гоёх дургүй. Өөртөө зохисон аятайхан стильтэй , биед эвтэйхэн хувцас өмсдөг, гоо сайхандаа тодорхой хэмжээний мөнгө зарцуулдаг. Харин надад тэгтлээ их тольдох зав байдаггүй болохоор толины өмнө удаан зогсдоггүй.
-Сүрчиг, дотруур хувцас гээд эмэгтэй хүнээс салгаж болохгүй зүйл байдаг шүү дээ. Тэр бүхэнд хэр анхаардаг вэ?
-Анхааралгүй яахав. Сүрчигний хувьд сэнгэнэсэн зөөлөн үнэртнийг таалдаг. кензо-ийн бүтээгдэхүүнийг сонирхдог. Дотуур хувцсандаа анхаарах нь зүйн хэрэг. Ялангуяа урлагийн хүмүүс бид энд тэнд тоглолтонд очино, олон хувцас солих хэрэг гарна. Торгомсог материалтай дотуур хувцсанд дуртай.
-Өнөөдрийн амьдралдаа хангалуун байдаг уу?
-Болж байна гэж би боддог. Эрүүл саруул, ажил төрөл бүтэмжтэй, ард түмэндээ уран бүтээлээ хүргээд явж байгаа нь надад сайхан байдаг. Мэдээж цаашлаад мөрөөдөл байгаа.
-Танд баярлалаа, цаашдын уран бүтээлд амжилт хүсье
.-Баярлаа. Танай сонины хамт олонд мөн танай сонины уншигчдад бүгдээрээ эрүүл энх байж, ихийг бүтээж амар амгалан байгаарай гэж ерөөе.
Б. Уранцэцэг.
/2005.03.7, 81-р суваг /