Чөлөөтиинхөн нэг мөнгө, гурван хүрэлтэй ирлээ

Долоо дахь жилдээ зохиогдож буй уг тэмцээнд дэлхийн арван орны бөхчүүд хүч чадлаа үзсэн байна. Манай бөхчүүд багаараа явснаас Замчин клубын Ж.Чулуунбат 84 кг-ын жинд мөнгөн медаль хүртжээ. Тэрээр алтан медалийн төлөө Кубын алдарт бөх дэлхийн аварга, олимпийн мөнгөн медальт И.Ромеротой өрсөлдсөн байна. Энэ сарын сүүлчээр Ташкентад болох Дэлхийн цомын тэмцээнд оролцох Кубын шигшээ багийнхан уг тэмцээнд багагүй амжилттай оролцжээ. Мөн манай бөхчүүдээс 50 кг-ын жинд Дарханы залуу бөх Д.Амархүү, 74 кг-д Хүч -ийн Ч.Мөнхбаяр, 96 кг-д Хилчин-ий Н.Бүрэнбаатар нар хүрэл медаль хүртсэн байна. Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит уг тэмцээний алтан медалийг 2000, мөнгөн медалийг 1000, хүрэл медалийг 300 ам.доллар дагалдсан аж.
З.ХАНГАЛ
(өдрийн сонин 2005-03-10 061)