С.Мэндсайхан Оюутолгойг алдахгүй байх нь улсын эрх ашигтай холбоотой

-Завханд харанхуй нөмөрч, Улиастайнхан лаа барьж байгаа тухай хэвлэлүүд бичиж байна. Тэнд юу болоод байна вэ?
-Завханы байдал сүүлийн үед нэлээд анхаарал татсан асуудал болчихоод байна. Завхан бол манайд байгаа дизель станцтай гурван аймгийн нэг. Эдгээр аймагт улсын төсвөөс татаас өгдөг. Завханы хувьд ийм хүндрэл гарчихаад байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Эдгээрийн аль нь ч Засгийн газар, Түлш, эрчим хүчний яам, Сангийн яамтай холбоогүй, орон нутгийн удирдлага, ажил хариуцаж байгаа хүмүүсийн алдаатай үйл ажиллагаа нөлөөлсөн. Дизель станцын хувьд бүтэн 24 цагаар цахилгаан үйлдвэрлээд байх бололцоо байдаггүй, тодорхой хэмжээгээр хязгаарлалт хийдэг. Энэ хязгаарлалтыг тооцож улсаас татаас өгдөг юм.
-Завханд ямар татаас өгсөн юм бэ?
-2005 онд улсын төсвөөс нэг тэрбум төгрөг өгөхөөр тусгасан. Энэ мөнгө бодит амьдралд хүрэлцэхгүй л дээ. Татаасаар авах хөрөнгө нь ийм хэмжээгээр тогтоогдоход хүргэсэн буруутай этгээдүүд нь Завханы удирдлага, Завхан эрчим хүч компанийг хувьчилж авсан Монгол эрдэм компани гэж шууд хэлье. 2004 оны 11-р сараас Улиастайн эрчим хүчний үйл ажиллагааг Монгол эрдэм компани концессийн гэрээгээр явуулж байгаа. Хэдий мөнгө хөрөнгийн тал дээр бэрхшээл гарсан ч үүнээс ноцтой шалтгаанаар Завхан аймгийг харанхуй болгосон. Ер нь дулааны станцад тодорхой хязгаарлалт хийхэд үндсэндээ өвлийн улиралд 260-270 сая төгрөгийн түлш зарцуулах тооцоо гарсан юм. Гэтэл Улиастайн эрчим хүчний үйлдвэр он гарсаар 745 сая төгрөгийн дизель түлш авчихаад байна. Нөхцөл байдлыг тооцолгүй 24 цагаар ажиллуулснаас энэ их түлшийг үр ашиггүй зарцуулж, өнөөдөр Завхан таг харанхуй болох аюул нүүрлэчихээд байна.
-21-р зуун гарчихаад байхад бүхэл бүтэн аймаг харанхуй сууж байна гэдэг байж болшгүй зүйл. Энэ байдал хэзээ хэвийн болох вэ?
-Бид холбогдох хүмүүстэй уулзаж, газар дээр нь ажиллаж байгаа. Завханы асуудлыг ойрын хугацаанд шийдэж хэвийн горимд нь оруулна. Ер нь энэ байдлыг Засгийн газар, Түлш, эрчим хүчний яам, Сангийн яамны төвшинд хэд хэдэн удаа авч хэлэлцсэн. Гол нь орон нутгийн удирдлага, компанийг авч яваа хүмүүсийн хариуцлагагүй, хувиа хичээсэн байдал үүнд их нөлөөлсөн. Тиймээс буруутай этгээдүүдэд хариуцлага тооцох ёстой.
-Говь-Алтай аймагт ч байдал тийм сайнгүй байгаа байх аа?
-Тийм ээ, мөн л орон нутгийн удирдлага, эрчим хүчний үйлдвэрийнхний зохисгүй ажиллагаанаас болоод гарах ёсгүй хүндрэл гарч байгаа.
-Өмнөговийн байдал тун хүнд байна. Ер нь Даланзадгадад өвөлдөө байнга шахуу асуудал үүсдэг болсоор хэдэн жилийг үдлээ. Уг нь тэндхийн станцыг саяхан ашиглалтад авсан биз дээ. Гэтэл яагаад өдгөө тус аймаг хөлдөхдөө тулаад байна вэ?
-Даланзадгадын дулааны станц бол 2000 оны 10-р сард ашиглалтад орсон. Одоо дөнгөж дөрвөн жилийн нүүр үзэж байгаа ч ерөөсөө ашиглалтад өгсөн цагаас л асуудал үүссэн, өнөөг хүртэл үргэлжилсээр л байна. Энэ бол станцыг барьж байгуулах үед ажиллаж байсан, хяналт тавьж байсан, одоо ажиллуулж байгаа хүмүүсийн алдаатай үйл ажиллагаа, бусад нөхцөл байдлаас үүссэн зүйл. Анхнаасаа станцын техник, технологийн шийдлийг буруу сонгосон, өндөр илчлэгтэй нүүрс хэрэглэдэг мөртлөө 60-аад оны хуучирсан технологи суурилуулсан.
-Тэгэхээр технологийн горимыг өөрчлөх хэрэгтэй гэсэн үг үү?
-Тийм ээ. Технологийн шинэ шийдэл хийхээс нааш байдал засрахгүй. Өнгөрсөн онд сонгууль болоод их засвар хийж чадаагүй. Энэ зун хийхээр төлөвлөсөн. Ингэхдээ Хятад, Солонгосоос мэргэжилтнүүд авчрахаас өөр аргагүй болоод байна.
Даланзадгадын станц хоёр зуухтай, нэг нь технологийн горимоос болоод байнга ажиллаж чаддаггүй, нөгөө нь энэ сарын 1-нд гарсан аваараас болоод зогслоо. Одоо тэнд яаралтай засвар хийж байгаа. Арваад хоногийн дотор хэвийн горимдоо орох байх. Хэдийгээр аваар гарсан ч аймгийн төвийг цахилгаанаар хангах ажлыг тасалдуулаагүй. Дулааны хувьд таслахаас өөр аргагүй болсон. Одоогийн байдлаар дулаан өгч эхэлж байгаа.
-Станц иймэрхүү байдалтай ажиллаж байгаа нь удирдлагынх нь арга барилтай холбоотой гэсэн яриа байна. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Станцийн дарга Доржийн хувьд Дарханаас тэнд томилогдож очсон. Ажил хийж байгаа хүнд алдаа дутагдал байлгүй яахав. Гэхдээ Дорж дарга Өмнөговьд очоод нэлээд зүйл хийсэн. Тиймээс шүүмжлэхээсээ илүү оруулсан хувь нэмэр нь их гэмээр байна. Хөдөөний ийм станцад боловсон хүчин хангалтгүй, өвлийн их ачааллыг давах ч хүнд шүү дээ. Цаашид энэ станцыг мэргэжилтэй хүмүүсээр хангах хэрэгтэй байгаа. Гол нь технологийн шинэчлэл хийх хэрэгтэй, тэгэхгүй бол болохгүй.
-Ер нь станц хэвийн болох эцсийн хугацаа хэзээ вэ?
-Энэ зундаа багтааж томоохон арга хэмжээ авна. Гэхдээ энэ нь зөвхөн манай яамны асуудал биш болчихоод байгаа. Энэ төслийг хэрэгжүүлсэн Солонгосын талтай хамтарч ажиллах шаардлагатай.
-Айвенхоу майнз компани манай эрчим хүчний салбарыг найдваргүй гэж мэдэгдсэн. Гэтэл Оюутолгой бол маш том хэрэглэгч. Энэ том хэрэглэгчийг өөртөө татах талаар танай яам юу хийж байна вэ?
-Оюутолгой бол үнэхээр эрчим хүчний маш том хэрэглэгч. Зөвхөн Оюутолгой ч биш, ойрын жилүүдэд говийн бүсэд үйлдвэрлэлийн олон төв нээгдэх нь байна. Эдгээр хэрэглэгчийг алдахгүй байх нь манай эрчим хүчний салбарын том зорилт болоод байна. Тэгээд ч энэ бол Монгол улсын эрх ашигтай холбоотой асуудал.
Бидний тооцоо, судалгаагаар Монгол Улс Оюутолгойн эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах бололцоотой. Тухайлбал, 4-р станц бүрэн хүчин чадлаа ашиглахад л үүнийг хийж чадна. Нөгөө талаас Оюутолгойн төслийг хэрэгжүүлж байгаа компанийн зүгээс эрчим хүчний найдвартай байдлыг хангах шаардлага тавьж байгаа. Энэ тал дээр бид 100 хувийн баталгаа өгч чадахгүй ч тус үйлдвэрийг ашиглалтад ортол бидэнд хугацаа байна. Тийм болохоор бид шинэ эх үүсвэр барих замаар ч юм уу, Оюутолгой эрчим хүчээр хангах боломжтой. Энэ чиглэлээр ажиллаж байгаа, асуудлыг шийдэж чадна гэж итгэж байна.
Т.Жаргал
2005.03.10 Зууны мэдээ