Монгол шуудан компанийн захирлыг өөрчлөв.

Гэхдээ яг одоогоор шинэ, хуучин захирлууд ажлаа албан ёсоор хүлээлцээгүй байгаа юм байна. Шинээр томилогдсон захирлын талаар өмнө нь татварын байгууллагад ажиллаж байсан гэх мэдээллээс өөр зүйл сонсогдсонгүй.
Монголын шуудан, харилцааны салбарт монополь шахуу гэгддэг тус компанийн удирдлагыг өөрчлөх гэж байгаа тухай яриа нэлээд эртнээс дэгдэж байсан. Их эвслийн Засгийн газар байгуулагдсанаар яам, агентлагуудыг хоёр хүчин зөвшилцлийн замаар тэнцүү хувааж авч байхаар тохиролцсоноор тус төрийн өмчит компанийн удирдлагыг солих таамаглал дэвшигдэж байсан билээ. Монголын бүх хэвлэлүүдийг уншигчдын гарт түгээдэг, захидал илгээмжийг хүргэдэг социализмын үеэс өвлөгдөн ирсэн улс орон даяар хүчирхэг сүлжээтэй тус компанийн удирдлагын асуудал хэвлэл мэдээллийнхэн болоод улстөрчдийн анхаарлын төвд байдаг. Монголын бүх сонинууд тус компаниар үйлчлүүлдэг бөгөөд сонин захиалагчдийн мөнгө Монгол шуудан компанийн дансанд орсны дараа тодорхой хувь шимтгэлийг аваад сонины редакциудад шилжүүлдэг. Хэдийгээр хэвлэл захиалгын нэлээд хэдэн компани шинээр байгуулагдсан ч Монгол шуудан монополь шахуу байгууллагын хувьд зөвхөн хэвлэн нийтлэгчдийн бус улстөрийн хүчнийхний сонирхлыг татсан хэвээр байгаа юм. Дээрээс нь тус компанийг хувьчлахаар бэлтгэл ажлыг хангах үйл ажиллагаа зарлагдаад байгаа энэ үед дээрх халаа сэлгээ бүр ч их анхаарал татаж буй аж.
Тиймээс ч нам гүм хийсэн дээрх халаа сэлгээг албан ёсоор зарлаагүй байгаа энэ өдрүүдэд чамгүй сэжиг таамаг дэгджээ.
Үүнийг нэг нь Монгол шуудан компани захиалгын мөнгийг сонины редакциудад хуваарилахгүйгээр удааж, 300 сая төгрөгийг өөр компанийн дансанд байршуулсан.
Өөрөөр хэлбэл, мөнгийг эздэд нь олгохоос өмнө эргүүлж байсан гэх таамаглал байна.
Хэдэн жилийн өмнө сонинууд захиалагчдийн мөнгө монгол шуудан компанийн дансанд орчихсон байхад редакцид шилжүүлэхгүй байна гэсэн гомдол гарч өдгөөгийн Монголын сонины холбооны гишүүд зарга дэгдээж байсан. Харин одоо Ж.Жанцан долоо, арав хоног тутмын сонинуудын дийлэнхийг нэгтгэдэг Монголын сонинуудын холбооны дэд тэргүүнээр ажиллаж байгаа тул энэ төрлийн үл ойлголцол байхгүй болсон гэж ойлгож болохоор юм.
Мөн сонины захиалгын мөнгөнөөс Монгол шуудан компанийн авдаг шимтгэлийг 30 хувь нэмэгдүүлэх гэснийг хэвлэн нийтлэгч компаниуд эсэргүүцэж гомдол гаргасан. Ийнхүү шимтгэлийг нэмэх гэснээ Монгол шуудан компанийн зүгээс тээвэрлэгч МИАТ, АэроМонголия компаниуд үнээ нэмсэн гэж тайлбарласан ч тухайн салбарын сайд үгүйсгэсэн.
Юутай ч энэхүү асуудлаар хоёр талын байр суурь буюу тушаал гаргасан ТӨХ-ны дарга З. Энхболд, албан тушаал нь өөрчлөгдөөд байгаад Ж. Жанцан нараас цөөн зүйлийг тодрууллаа.
Ж. Жанцан. Халагдсан тушаалаа аваагүй л байна.
-Таныг ямар үндэслэлээр албан тушаалаас тань өөрчилсөн юм бэ?
-Мэдэхгүй ээ, Би халагдсан тушаалаа аваагүй, тамга тэмдгээ хүлээлцээгүй л байна.
-Тушаал өнгөрсөн долоо хоногт гарсан юм байна. Танд үндэслэлийг нь хэлэх ёстой биз дээ?
-Хэлэх ёстой, хэлээгүй л байна.
-Шалгалтаар зөрчил илэрсэн учраас Монгол шуудан компанийн удирдлагыг өөрчилж байгаа гэсэн яриа гарчээ. Тухайлбал, захиалгын мөнгө болох 300 сая төгрөгийг хүүгүйгээр өөр дансанд байршуулсан байсан гэж?
-Манайх 11 данстай, данс болгон тусдаа байдаг. Захиалгын данс дахь мөнгийг гэрээний дагуу хөдөлгөхгүй байх ёстой, хөдөлгөдөг ч үгүй .
-Уг мөнгийг сонины редакциудад шилжүүлэхгүй удаан хугацаагаар саатуулсан тохиолдол бий юу?
-Өмнө нь байнга саатдаг байсан юм билээ. Харин би энд ажиллаад саатуулахыг таслан зогсоосон.
-Монгол шуудан-д шалгалт орсон юм уу?
-Ерөөсөө сар болгон шахуу л шалгаж л байдаг. Бараг жилд арваад удаа шалгадаг. Шалгуулахаар матаас бичээд байдаг тэр хүмүүс урьд нь тус компанид юм шахдаг байсан. Харин янз бүрийн зүйл шахья, нийлүүлье гэсэн саналыг би огт хүлээж авдаггүй. Би хэлдэг шүү дээ. Намайг шалгамаар байвал шалга. Хамаагүй би тэр Ганц худагт чинь ч очоод сууя л гэдэг. Шалгуулья гэхээр нөгөө матаас бичдэг хүмүүс нь чимээгүй болчихдог л байхгүй юу.
-Шимтгэлийг 30 хувь нэмэгдүүлэх гэсэн нь үндэслэлгүй байсан юм уу?
-Манайх АэроМонголия компаниар ихэнх тээвэрлэлтээ хийдэг. Аль өнгөрсөн жилийн 9-р сараас Аэро монголия компанид нэмэгдсэн үнээр нь төлбөрөө хийгээд явсан байгаа. Тэгэхээр логикоор бодсон ч бүгд худлаа хоосон яриа байгаа биз дээ.
-МАХН, Эх орон-Ардчилал эвсэл яам, агентлагуудын удирдлагыг зөвшилцөн томилж байгаа. Эх орон-Ардчилал эвслийхнээс Монгол шуудан компанийн захирлыг томилохоор болсон гэж яригдаж байсан. Тэгэхээр намын харьяаллаар…?
-Бялуу хуваах гэж үү? Ерөөсөө Засгийн газар байгуулагдсаны маргаашнаас л баахан юм яригдаж байсан болохоор би бүр дөжирчихсөн л дөө.
ТӨХ-ны дарга З.Энхболд 137 мянган ам. долларын асуудал байдаг.
-Монгол шуудан компанийн захиралыг ямар үндэслэлээр өөрчилсэн юм бэ?
-Өмнөх ТӨХ-ны даргын үед шалгалт хийгээд арга хэмжээ авахыг Төлөөлөн удирдах зөвлөл / ТУЗ/-д нь даалгачихсан байсан. ТУЗ нь хуралдаагүй байгаад байсан. Тэгээд сольё гэсэн юм билээ. Захирлыг өөрчлөх тогтоол гарсан. Хэрэгжүүлж хараахан эхлээгүй байна.
-Санхүүгийн зөрчил илэрсэн гэсэн яриа байна?
-Ямар?
-300 сая төгрөг өөр дансанд байршуулсан. Шимтгэлийг 30 хувь нэмэх нь үндэслэлгүй байсан гээд л…?
-137 мянган ам. долларын асуудал байдаг юм билээ. Шимтгэлийг онгоц, тээвэр, танхимын үнэ нэмэгдсэн гэж тайлбарладаг. Гэхдээ эдгээрийн үнэ нэмэгдээгүй л байдаг юм билээ.
ТӨХ-ны дарга З.Энхболд Монгол шуудан компанийн захирлыг сольсон талаар удахгүй хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор мэдээлнэ хэмээсэн юм. Мөн Ж.Жанцан ч халагдсан тушаалтайгаа албан ёсоор танилцсаныхаа дараа хэвлэлийнхэнд дэлгэрэнгүй тайлбар өгнө гэв.
А. Алтантуяа.
/2005.03.9, Ардын эрх /