Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын дарга нар байраа сэлгэх үү

Тус намд Н.Энхбаяр, Ч.Улаан, Д.Идэвхтэн, Ө.Энхтүвшин гээд төрийн тэргүүний сонгуульд өрсөлдөх боломжтой олон хүн байгааг уулзалтууд дээр дурдах болсон байна. МАХН-ын Удирдах зөвлөлийнхөн Засгийн газрын танхимд багтаж байгаа АН-ын гишүүдтэй дэвшүүлж болох нэгэн хувилбарын талаар зөвшилцсөн сурагтай. Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас УИХ-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл АН түүнийг дэмжих зорилгоор зориуд сулхан өрсөлдөгч гаргах, Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдвол тойрогт нь Н.Багабандийн нэрийг дэвшүүлэн УИХ-ын нөхөн сонгуульд оруулах, Н.Багабанди ялалт байгуулж сонгогдвол УИХ-ын даргаар сонгуулах, сонгуульд унавал МАХН-ын дарга болгох зэрэг тактикийн шинжтэй зүйлс яригдсан гэнэ. УИХ-ын гишүүн байсан Н.Багабандийг 2001 оны сонгуулиар Монгол Улсын Ерөнхийлөгч болоход Завхан аймаг дахь тойрогт нь Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдсөн парламентад сонгогдож байсан билээ. Н.Багабандийн нэр сонгогчдын дунд сайн байгаа, 1992-1996 онд УИХ-ын дарга байсан зэргийг харгалзан дээрх хувилбарыг дэвшүүлж буй гэнэ. Хэдийгээр Н.Багабанди, Н.Энхбаяр нар төдий л сайнгүй харилцаатай, Н.Багабандийн Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрх хуулийн дагуу дуусгавар болж байгаа боловч тодорхой нөлөө, хүрээлэл бүхий Ерөнхийлөгчийг улс төрөөс холдуулж сул орхихыг хүсэхгүй байгаа бололтой. Ийнхүү өнөөгийн Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар байраа сэлгэж магадгүй хувилбар яригдсан байна.
Д.Оюун
/2005.03.11, Ардын эрх /