Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар зөвшилцөлд хүрэв бололтой.

Өөрөөр хэлбэл, Эрэл-ийн хоёр сайдын орыг залгамжлагчид хэн бэ гэдгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр дундаасаа төрүүлэх юм. Ерөнхий сайд уржигдар Ерөнхийлөгчтэй уулзаж хоёр сайдын нэрийг танилцуулжээ. Энэ асуудлаар хоёр эрхэм өчигдөр бас уулзсан байна. Зөвшилцлийн хугацаа долоо хоног. Үүгээр тооцвол шинэ сайд нарын нэр ирэх долоо хоногийн лхагва гаригт тодорхой болох учиртай.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хугацаа наашилж магадгүй бололтой. Ерөнхийлөгч Ерөнхий сайдын санал болгосон хүмүүсийг таалсан гэнэ. Тиймээс өнөө, маргаашгүй УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж хуралдуулах сураг байна. УИХ-ын Тамгын газар өчигдрөөс гишүүд рүү утас цохиж ээлжит бус чуулганд бэлэн байхыг санууулж эхэлжээ. Харин чуулганы завсарлагыг ашиглан хөдөө, бас гадаад руу хөлгийн жолоо залсан гишүүдийн тоо олон. Тийм болохоор ирц бүрдэх боломж тааруу байгаа аж. Хэрэв ээлжит бус чуулган зарлавал зөвхөн хоёр сайдын асуудлыг хэлэлцэхгүй. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн болох болзол-оо хангасан Ж. Гүррагчаа ч тангараг өргөх юм.
Хоёр сайдын томилгоо ийн ойртож байгаа хэдий ч тэд хэн бэ гэсэн асуулт олон хүний сонирхлыг татаж буй. Анх хоёр сайдын суудалд суух магадлалтай таван хүний нэр дуулдаж байв. Явцын дунд нэг нь хасагдсанаар дөрвөн хүн үлдсэн. Тэр нь Мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдад С. Оюун, М. Зоригт, Батлан хамгаалахын сайдад Д. Дорлигжав, Ц. Тогоо. Эдний хоёр нь сайдын суудалд сууна. Гэхдээ хамгийн өндөр магадлалтай нь М. Зоригт, Ц. Тогоо нар бололтой. Баттай эх сурвалжийн ийм үг чих дэлсч байна.
Б. Төмөртогоо.
/2005.03.11,Зууны мэдээ /