Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны тойм

Харамсалтай нь тендерт шалгарсан байгууллагын нийлүүлж буй цэргийн дүрэмт хувцасны материал, бүтээгдэхүүн нь тэдгээрт тавигдах тусгай стандарт, шаардлагыг хангахгүй байх явдал элбэг байна. Тус салбарын онцлог үйл ажиллагаа нь дүрэмт хувцас, хэрэглэлийн бат бөх чанар, тусгайлсан стандартыг шаарддаг, энхийг сахиулах болон олон улсын бусад арга хэмжээнд идэвхтэй байр суурьтай оролцох болсон нь Монголын зэвсэгт хүчнийг улам өндөр чанар, стандартын хувцас хэрэглэлээр хангах шаардлагыг бий болгоод байгаа юм. Түүнчлэн олон улсын жишгээр тусгай нөхцөл шаардсан цэргийн дүрэмт хувцас хэрэглэл, материалын тендер шалгаруулалтгүй бэлтгэн нийлүүлэх асуудлыг холбогдох хуулийн дагуу Засгийн газрын шийдвэрээр зохицуулах шаардлага зайлшгүй гарч байна.
Батлан хамгаалах яам цэргийн дүрэмт хувцсанд тавигдах тусгайлсан шаардлага стандартыг хангасан материалыг ОХУ, БНСУ, БНХАУ зэрэг орны өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээр цэргийн байгууллага хоорондын гэрээгээр шууд татан авч, харъяа цэргийн дүрэмт хувцасны Бөртэ төрийн өмчит үйлдвэрийн газарт төвлөрүүлэн үйлдвэрлэх бодлого барьж байна. Тиймээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хуулийн холбогдох хэсгийг үндэслэн уг хууль үйлчлэхгүй ажил, үйлчилгээний жагсаалтын баталсан Засгийн газрын 2001 оны 122 дугаар тогтоолд Цэргийн тусгай зориулалтын дүрэмт хувцасны материал гэсэн заалт нэмж оруулахаар шийдвэрлэлээ.
БYСИЙН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ НИЙТЛЭГ ЖУРМЫГ БАТЛАВ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиар Бүсийн хэлэлцээр байгуулах эрх зүйн үндсийг тодорхойлж, хэлэлцээр байгуулах нийтлэг журмыг тогтоон мөрдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон билээ. Yүний дагуу Бүсийн хэлэлцээр байгуулах нийтлэг журмыг баталж, уг хэлэлцээрийг хуульд заасан үндэслэлээр улс орны хөгжлийн тулгамдсан хэрэгцээ, бүс бүрийн онцлог байдлыг харгалзан тодорхой асуудлаар байгуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, Бүсийн зөвлөлийн дарга нарт даалгав.
Бусад улсын туршлагаас үзэхэд Австри, Франц, Швед зэрэг оронд бүс нутгийн эдийн засгийн чадавхийг дээшлүүлэх, буурай хөгжилтэй бүс нутгуудыг дэмжих, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, бүснутгийн хөгжилд олон нийтийн оролцоог хангах зорилгоор Засгийн газар болон бүс, мужийн хооронд гэрээ, хэлэлцээр байгуулж ажилладаг байна. Эдгээр нь нэг талын болон хамтарсан санхүүжилт бүхий хөгжлийн төсөл, хөтөлбөрүүд юм. Зах зээл хөгжсөн оронд бүсийн гэрээ, хэлэлцээрийг хөгжлийн төлөвлөлтийн нэг арга хэлбэр болгон ашиглаж байгаа бөгөөд тэдгээр нь төлөвлөгөөний нэг бүрэлдэхүүн хэсэг буюу түүнтэй хослон үйлчилдэг ажээ.
Манай улсын хувьд бүсийн хэлэлцээрийг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хоорондын уялдаа холбоог хангах, байгаль орчин, зах зээл, нийгэм соёлын хөгжлийн нийтлэг асуудлаа хамтын хүчээр шийдвэрлэх, энэ хэрэгт төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын харилцан дэмжлэгийг хөгжүүлэх механизм байх нь зүйтэй гэж Засгийн газар үзлээ. Гүйцэтгэх засаглал, үндсэн чиглэлтэй хослон үйлчилдэг төлөвлөлтийн механизмын нэг хэлбэр, тэгэхдээ хамтын зорилтот үйл ажиллагаа болгон хэрэгжүүлэх хувилбарыг сонгож дээр дурдсан Бүсийн хэлэлцээр байгуулах нийтлэг журамд тусгав.
БYСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САН ЗАСГИЙН ГАЗРЫН ХYЧ ЧАРМАЙЛТАД САНХYYГИЙН ДЭМЖЛЭГ YЗYYЛНЭ
Бүсийн хөгжлийг дэмжих сан байгуулж, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг баталж тогтоол гаргалаа. Тус сангийн зорилго, чиглэлийг дотоод, гадаадад сурталчлах, санд хөрөнгө төвлөрүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг Бүсийн зөвлөлийн дарга нарт уг тогтоолоор үүрэг болгов.
Сан байгуулах асуудал болон холбогдох журмыг боловсруулахдаа Франц, Герман, Швед, Канад зэрэг зах зээл өндөр хөгжсөн зарим орны бүс нутгийнхаа хөгжлийг түргэтгэхэд ашиглаж буй санхүүгийн дэмжлэгийн арга хэлбэрүүдийг харьцуулан судалж үзсэний зэрэгцээ нийслэлийн хөгжлийг дэмжих Улаанбаатар сан-гийн ажлын ололт, туршлагыг үндэс болгожээ.
Бүсийн хөгжлийг дэмжих сангууд нь тухайн бүсийн хэмжээнд хэрэгжүүлэх улсын болон аймаг, бүс нутаг хоорондын, салбар хоорондын чанартай хөгжлийн төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн нэмэлт эх үүсвэрийг бүрдүүлж, тухайн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг түргэтгэх Засгийн газрын хүч чармайлтад санхүүгийн дэмжлэг болох үндсэн зорилготой ажиллах юм.
YНДЭСНИЙ ХОРООНЫ YЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ ТӨСВИЙН ХУВААРИЛАГДААГYЙ ЗАРДЛААС ГАРГАХААР БОЛОВ
Бүсчилсэн хөгжлийн удирдлага, зохицуулалтын тухай хуульд заасны дагуу Бүс нутгийн хөгжлийг дэмжих орон тооны бус Yндэсний хороог байгуулахаар шийдвэрлэж, тус Yндэсний хороо болон гурван орон тоотой ажлын албаны үйл ажиллагааны зардлыг 2005 онд 12.1 сая төгрөг байхаар батлав. Уг зардал энэ оны төсөвт тусгагдаагүй тул улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргаж санхүүжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрч Ерөнхий сайдын захирамж гаргахаар боллоо. Цаашид энэ зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Шадар сайд Ч.Улаан, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт үүрэг болголоо.
НYБ-ЫН АСУУЛГАД МОНГОЛ УЛСААС ӨГӨХ ХАРИУЛТЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар НYБ-аас гишүүн орнууддаа нийт 7 бүлэг, 56 асуулт бүхий асуулга тавьсан билээ. Энэ асуулгад өгөх Монгол Улсын хариултыг бэлтгэхтэй холбоотой ажлыг өнгөрсөн оны 8 дугаар сараас эхлэн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, хүүхэд, өсвөр үеийнхний өргөн оролцоотойгоор хийж дуусаад байна. Хариулттай танилцаад, Засгийн газрын гишүүдээс гаргасан санал, дүгнэлтийг тусган НYБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт илгээхийг Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргилд даалгалаа.
Хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй холбоотой зөрчилд захиргааны шийтгэл оногдуулах зохистой хувилбарыг хуульчлан тогтоох, тэдгээрээс оновчтой сонголт хийх ур чадвар эзэмшүүлэх талаар төрийн захиргаа, хуулийн байгууллагын ажилтнуудыг сургах шаардлагатай байгаа нь хариулт бэлтгэх явцад тодорхой болсон байна. Мөн, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох, хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагын бүтэц тогтолцоог улам сайжруулах, энэ талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх гэх мэт олон асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа нь илэрхий болжээ.
ХYYХДИЙН ТӨЛӨӨ САН БАЙГУУЛЖ, ДYРМИЙГ НЬ БАТЛАВ
Хүүхдийн хөгжил, хамгааллын тулгамдсан асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулан хөрөнгө хуримтлуулах, түүнийг хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулах, тэдэнд хүргэх үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх зорилго бүхий Хүүхдийн төлөө сан байгуулахаар тогтож, тус сангийн дүрмийг баталлаа. Манай оронд 1970-1980-аад онд ажиллаж байсан Хүүхдийн төлөө сангийн дэмжлэгээр хүүхдийн эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ордон, зусланг барих зэрэг бүтээн байгуулалтын томоохон хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн туршлага бий. Хүүхдийн төлөө ийм сангууд дэлхийн олон улс оронд янз бүрийн хэлбэрээр ажилладаг байна.
ХYYХДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭНЭ
Монгол оронд хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 80 жилийн ойг энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр тэмдэглэхээр шийдвэрлэж, ойг угтан хүүхдийн төлөө, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, хүүхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх олон талт арга хэмжээг төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулахыг Шадар сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн орлогч дарга Ч.Улаанд даалгав. Ойг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдсон төвлөрсөн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төвлөрсөн төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрлөө.
Монгол Улсын хүүхдийн анхны байгууллага 1925 онд онд Хойчийг залгамжлагч багачуудын холбоо нэртэйгээр байгуулагджээ. Төр засгаас хүүхдийн байгууллага, хөдөлгөөний нийгмийн хөгжилд оруулсан хувь нэмрийг үнэлж төрийн дээд шагнал Сүхбаатарын одон-гоор гурвантаа шагнасан байна.
МОРИН ХУУР, УРТЫН ДУУ YНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖYYЛЖ АЖИЛЛАХЫГ БYХ ШАТНЫ ЗАСАГ ДАРГА НАРТ YYРЭГ БОЛГОЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 17, 2004 оны 134 дүгээр зарлигуудыг хэрэгжүүлэх зорилгоор Морин хуур, уртын дуу Yндэсний хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, уг хөтөлбөрийн хэрэгжилтийг зохицуулах Yндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг тус тус баталлаа. Yндэсний хөтөлбөрийг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах, шаардагдах зардлыг соёл, урлагийг дэмжих тусгай зориулалт бүхий сангийн төсөв, гадаад орон, олон улсын байгууллага, дотоод, гадаадын байгууллага, иргэдээс оруулсан хандив, тусламжийн хөрөнгөөс санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Yндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах Yндэсний зөвлөлийн дарга П.Цагаанд даалгав. Түүнчлэн, Морин хуур, уртын дуу Yндэсний хөтөлбөрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хэрэгжүүлэх дэд хөтөлбөр, төлөвлөгөөтэй ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болголоо.
НЭРЭМЖИТ БОЛГОВ
Түүхэн үйл явдлыг тэмдэглэх, төр, нийгмийн зүтгэлтэн, гавъяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь хүндэтгэх ажлыг зохион байгуулах журам болон холбогдох байгууллага, хамт олны саналыг үндэслэн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын 8 жилийн дунд сургуулийг Монгол Улсын гавъяат багш Цогт-Очирын Пэлжээгийн, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Монгол Улсын хүний гавъяат эмч Вандан-Ишийн Ичинхорлоогийн нэрэмжит тус тус болголоо.
Ц.Пэлжээ 1924 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Бор хэмээх газарт малчин ард Цогт-Очирын ууган хүү болон мэндэлжээ. Дэлгэрхангай сумын бага сургууль, ЗХУ-ын Рабфак-т суралцаж төгсөн, бага ангийн багш мэргэжил эзэмшжээ. Тэрээр 1942-1958 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын бага сургуульд багш, хичээлийн эрхлэгч-багш, 1958-1969 онд Дундговь аймгийн төвийн 10 жилийн сургуульд бага ангийн багш, 1969-1991 онд Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын сургуульд бага анги, монгол хэлний багш, зөвлөх багшаар ажилласан байна. Боловсролын байгууллагад 47 жил ажиллах хугацаандаа15 удаа 1 дүгээр анги даан авч төгсгөн, эрдэм шинжилгээний хуралд 39 удаагийн илтгэл тавьж, бага ангийн багш нарт зориулсан олон гарын авлага, зөвлөмж бичсэн байна. Түүний хөдөлмөрийг үнэлж 1943 онд Алтан гадас одон, 1954 онд хөдөлмөрийн хүндэт медаль, 1961 онд ардын гэгээрлийн тэргүүний ажилтан цол, тэмдэг, 1964 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1971 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж, 1975 онд Монгол улсын гавъяат багш цол олгожээ.
В.Ичинхорлоо 1914 онд одоогийн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хяраан хэмээх газар төржээ. 14 настайгаасаа Улаанбаатар хотын Эх нялхсын эмнэлэгт асрагчаар ажиллаж гараагаа эхэлсэн тэрээр 1930-1933 онд Эрхүү хотын ажилчны сургуульд, 1933-1938 онд Ленинград хотын Анагаах ухааны дээд сургуульд суралцан, хүний их эмчийн мэргэжил эзэмшсэн байна. 1938 оноос Улаанбаатар хотын төв больниц, 1939-1940 онд Дорнод аймгийн Баянтүмэн дэх цэргийн эмнэлэгт мэс засалч, 1945-1953 онд Төв аймгийн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч, 1947-1987 онд МУИС-ийн анагаах ухааны салбар, Хуулийн дээд сургуульд тэнхим, тасгийн эрхлэгч, багшаар үр бүтээлтэй ажиллаж байв. Тэрээр ЗХУ-д 1953 онд БНМАУ-д бэтэг өвчний тархалт сэдвээр анагаах ухааны дэд докторын, 1961 онд Элэгний бэтэг өвчнийг мэс заслаар эмчлэх аргууд сэдвээр анагаах ухааны шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсан, Монголын анхны эмэгтэй доктор, академич, мэс засалч юм. 1949 онд БНМАУ-ын Бага Хурлын гишүүн, 1951, 1955 онд Ардын Их Хурлын депутат, 1953 онд Ардын Их Хурлын тэргүүлэгчээр сонгогдож байсан. В.Ичинхорлоогийн зүтгэл, бүтээл, хөдөлмөрийг үнэлж 1971 онд БНМАУ-ын хүний гавьяат эмч цол, Сүхбаатарын одонгоор шагнажээ. Мөн Алтангадас одонгоор 3 удаа, бусад шагналаар шагнагдаж байжээ.
ЭМГЭГ СУДЛАЛЫН ТӨВ БИЕ ДААСАН БYТЦЭЭР АЖИЛЛАНА
Эрүүл мэндийн яамны бүтэц зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэхдээ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эмнэлгийн тусламжийг удирдах газар-ыг татан буулгаж, Эрүүл мэндийн хөгжлийн төв-ийг байгуулсан билээ. Yүнтэй холбоотойгоор дээр дурдсан агентлагийн бүрэлдэхүүнд ажиллаж байсан эмгэг судлалын албыг бие даасан бүтцээр ажиллуулах шаардлага гарч буй юм. Тиймээс өвчин эмгэг, ялангуяа хорт хавдар, түүнд эрсдэлтэй эмгэгийг эрт илрүүлж, оношлох, нийгмийн эрүүл мэндийг урьдчилан сэргийлэх чиг үүрэгтэй Эмгэг судлалын төвийг байгуулахаар боллоо. Тус төвд одоо Эмгэг судлалын албанд ажиллаж байгаа хоёр профессор, зургаан тэргүүлэх зэрэгтэй эмч, хоёр ахлах зэрэгтэй эмч, найман анагаах ухааны магистр, эмгэг судлаач хоёр докторант зэрэг цөөн тооны мэргэжилтнүүд хуучин бүрэлдэхүүнээрээ ажиллах юм.
БРЮССЕЛИЙН ХУРАЛДААНД ОРОЛЦОХ ТӨЛӨӨЛӨГЧДИЙН УДИРДАМЖИЙГ ЗӨВШӨӨРЛӨӨ
Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны ҮIII хуралдааныг энэ оны гуравдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Брюссель хотноо зохион байгуулахаар тохиролцоод байна. Хуралдаанд оролцох Монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг хэлэлцээд зарчмын хувьд зүйтэй гэж үзлээ. Төлөөлөгчдийг Монгол Улсын Шадар сайд, Монгол Улс, Европын холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны Монголын хэсгийн дарга Ч.Улаан ахалж ажиллах бөгөөд холбогдох яамдын саналыг үндэслэн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг батлахыг түүнд даалгав. Монголын хэсгийн төлөөлөгчдийн хуралдаанд оролцох зардлыг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас гаргахыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрч Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.
ДАЛАНЗАДГАДЫН ДЦС-ИЙН ХЭВИЙН АЖИЛЛАГААГ ХАНГАХАД ЗОРИУЛЖ
175 САЯ ТӨГРӨГ ОЛГОХООР БОЛОВ
Даланзадгадын дулааны цахилгаан станц 2005 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 14.30 минутад нэгдүгээр зуухны ул ширэмний ялтас баригч дам нуруунууд шатсанаас болж аваарийн байдалд ороод байгаа билээ. Энэ үед хоёрдугаар зуухны хоёрдогч агаарын салхилуурын цахилгаан хөдөлгүүр гэмтэлтэй байснаас бэлтгэл зуухгүй болсон байна. Аваарийн өмнө станцын ажиллагаанд 24 тн/ц ачаалалтай нэгдүгээр зуух, 1,8 МВт ачаалалтай хоёрдугаар турбогенератор бусад туслах тоноглолын хамт хэвийн ажиллаж байсан аж. Станцын нүүрсний нөөц 530 тн, катерпиллар болон аваарийн дизөль станцад дизель түлшний нөөц 12.6 тн бөгөөд хэвийн горимоор ажиллаж байжээ.
Станц бүрэн зогссонтой холбогдуулан аймгийн Засаг дарга болон орон нутгийн удирдлагуудад, мөн Онцгой байдлын өрөнхий газар-т мэдэгдэж шуурхай арга хэмжээ авч байна. Даланзадгад сумын дулааны төв шугамын усыг хүйтнээр эргүүлж, салаа шугамыг хөлдөөхгүйн тулд хоёрдогч хэлхээний хэрэглэгчдийн усыг буулгаж юүлээд байна.
Түлш эрчим хүчний яамнаас Станцын ажиллагааг сэргээх ажлыг шуурхай зохион байгуулах зорилгоор ажлын хэсгийг Даланзадгадын Дулааны цахилгаан станцад 2004 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ажлуулж байна. Станцын холбогдох ажилчид станцын барилга, дулаан хувиарлах төвийн барилгуудад ил гал түлэн, галаар жавар хаан Улаанбаатараас очсон нарийн мэргэжлийн засварын бригад, станцын засварын ажиллагсадтай хамтран зуухнууд, тэдгээрийн туслах тоноглолуудад засварын ажлыг хийж байна.
Дээрхи зуухны тоноглолуудад яаралтай засвар хийн явуулах хүртэл Даланзадгад сумын хэрэглэгчдийн дулааны эрчим хүчний хангамжийг 3 хоног зогсоох, цахилгаан эрчим хүчний хангамжийг 10 гаруй хоног тодорхой цагаар хязгаарлан ажиллах болоод байгаа юм. Хоёрдугаар зуухны засварын ажлыг 3 хоногт, нэгдүгээр зуухныхыг 12 хоногт тус тус хийж дуусг ахаар төлөвлөгөө гарган ажиллаж байна. Эдгээр арга хэмжээг авахад 175 сая төгрөг нэн тэргүүнд шаардагдаж байгааг харгалзан уг санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж олгохыг Сангийн сайд Н.Алтанхуягт зөвшөөрч тогтоол гаргалаа. Уг тогтоолоор цаашид станцын үйл ажиллагааг хэвийн болгох үүднээс нөхцөл байдлыг нарийвчлан судалж, станц анхнаасаа хэвийн бус ажиллаж эхэлсний учир шалтгаан, алдаа эндэгдэл хаана гарсныг тогтоох, гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох, төслийн гүйцэтгэгч БНСУ-ын Хьюндай Инженеринг компанитай энэ асуудлаар ярилцаж дүгнэлт гаргах ажилын хэсгийг томилон ажиллуулахаар шийдвэрлэв. Мөн, Даланзадгадын дулааны цахилгаан станц ХК-ийн хэвийн ажиллагааг хангах арга хэмжээний тухай асуудал боловсруулан Засгийн газарт оруулж хэлэлцүүлэхийг Түлш, Эрчим хүчний сайд Т.Очирхүүд үүрэг болголоо.
Төслийг хэрэгжүүлэгч Хьюндай инженеринг ХХК нь дулааны цахилгаан станцын хашаан доторхи түлш дамжуулах, зуух турбин хөргөлтийн цамхаг, тэдгээрийн үндсэн ба туслах байгууламж зэрэг барилга байгууламжийн ажлын зургийг зохиож, тоног төхөөрөмжийг сонгон угсралт, тохируулгыг хийж 1999 оны аравдугаар сарын 15-нд хүлээлгэж өгөх үүрэг хүлээсэн боловч төлөвлөсөн хугацаанаасаа нэг жилийн дараа буюу 2000 оны аравдугаар сард станцыг ашиглалтанд оруулсан. Төслийн ажлын өртөгт 6,29 тэрбум воныг БНСУ-аас, 1,3 сая ам.долларыг Монгол Улсаас тус тус гаргасан бөгөөд тухайн үеийн воныг америк долларын ханшид шилжүүлэхэд төслийн нийт өртөг 9,3 сая ам. доллар болсон байна.
БНСУ-аас хөнгөлөлттэй нөхцлөөр олгосон энэхүү зээл нь жилийн 3.0 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай, түүнээс хөнгөлттэй байх хугацаа нь 5 жил юм. Станцын үндсэн тоноглолд БНХАУ-д үйлдвэрлэгдсэнүечилсэн байдлаар нүүрсийг шатаах зориулалт бүхий цагт 27 тн уур боловсруулах ул ширэмтэй хоёр зуух, нэг бүр нь 3000 кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Япон улсад үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг турбогенератор, цагт 7.0 Гкал эрчим хүч дамжуулах дулааны шугам сүлжээ суурилуулсан байна. Энэхүү төслийн гүйцэтгэлий ажлын чанар, шаардлагын талаар Хьюндай Инженеринг компанитай хамтран ажиллах шаардлагатай гэж Засгийн газар үзлээ.
ЭСЯ-ДЫН АШИГЛАЖ БАЙГАА ГАЗРЫН ХЭМЖЭЭГ АДИЛ БОЛГОЛОО
Монгол, Болгарын Засгийн газар хооронд Улаанбаатар болон Софи хотноо тус тусын ЭСЯ-ны албан байр, орон сууцны иж бүрэн барилга барихад зориулан харилцан газар олгох тухай хэлэлцээрийг 1974 онд байгуулсан байна. Энэхүү хэлэлцээрийн дагуу Софи дахь Монголын ЭСЯ-нд 9300 кв.м, Улаанбаатар дахь Болгарын ЭСЯ-нд 12500 кв.м газрыг харилцан үнэ төлбөргүй олгосон бөгөөд Монголын талд 3200 кв.м газрыг нэмж олгохоор заасан аж. Хоёр талын газрын хэмжээг тэнцүүлэх яриа хэлэлцээг явуулах явцад Софи дахь ЭСЯ-ны газрыг хэвээр үлдээж, Улаанбаатар дахь ЭСЯ-ны ашиглаж байгаа газрыг 5039 кв.м газрыг буцаан авч, зэргэлдээх 1690 кв.м газрыг нэмж өгөхөөр тохиролцоод байгаа юм. Yүний дагуу Болгарын ЭСЯ-ны одоо ашиглаж байгаа газраас зарим хэсгийг буцаан авч, зэргэлдээх хэсгийг нэмж олгон хил заагийг тогтоож, гэрээ байгуулан ажиллахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболдод үүрэг болгож тогтоол гаргалаа. Ингэснээр Улаанбаатар хот дахь БНБУ-ын ЭСЯ-анд ашиглаж байгаа газрын хэмжээ 9180 кв.м болж буй юм.
Түүнчлэн, Улаанбаатар хот дахь Бүгд Найрамдах Турк Улсын ЭСЯ-нд 1800 кв.м газрыг нэмж ашиглуулахаар шийдвэрлэлээ. Нэмж олгосон газрын хил заагийг тогтоон гэрээ байгуулж ажиллахыг Нийслэлийн Засаг дарга М.Энхболдод даалгав.
УСНЫ ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР БАЙГУУЛАВ
Байгаль орчны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Усны хэрэг эрхлэх газар байгуулахаар шийдвэрлэж тогтоол гаргав. Yүнтэй холбогдуулан өмнө нь ажиллаж байсан Ой, усны нөөцийн газрын орон тоо, төсвийг Ой, усны хайгуул судалгааны төв, Байгаль орчны яамны Ойн бодлого, зохицуулалтын хэлтэст шилжүүлэх, Усны хэрэг эрхлэх газрын 2005 оны төсөв, санхүүжилтын асуудлыг шийдвэрлэж өгөхийг Сангийн сайд Н.Алтанхуяг, Байгаль орчны сайд У.Барсболд нарт даалгалаа. Мөн, Усны хэрэг эрхлэх газрын харъяанд аж ахуйн тооцоон дээр ажиллаж, зардлаа орлогоороо нөхөх Усны хэмнэлтийн төв байгуулахыг Байгаль орчны сайдад зөвшөөрөв.
Засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба
2005.03.09