Монголросцветмет-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн эрүүгийн хэрэг үүсгэжээ

Тэд нэгжлэг хийхийг зөвшөөрсөн прокурорын зөвшөөрөл үзүүлсэн бөгөөд Гүйцэтгэх ажиллагаа явуулж байна хэмээсэн байна. Нэгжлэг хийх үеэр МАХН-ын хоёр ч том хуульч /УИХ-ын гишүүн асан/ байлцжээ. Гэр бүлийнх нь хүнийх нь хажуу айлдуу оруулж тавьсан хүнсний зүйлийг хүртэл нэгжсэн гэнэ. Энэ үеэр Х.Бадамсүрэн захирлын бие муудаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Түүнийг баривчлах гэсэн боловч биеийн байдлаас нь шалтгаалан хойшлуулжээ. Хүүхэд нь хэрэгт холбогдсоны улмаас сэтгэлзүйн багагүй дарамттай байсан нь гэнэтийн цочирлоос болж сэдэрсэн бололтой. Тэрээр одоо клиникийн 2-р эмнэлэгт хэвтэж байна. Бид Монголросцветмет-ын хэвлэлийн төлөөлөгч А.Лхагвагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Х.Бадамсүрэн гуайн бие ямархуу байна вэ?
-Дөнгөж сая уулзаад ирлээ. Биеийн байдал нь ерөнхийдөө тааруу байна. Намайг орохоос өмнө дусал хийлгэсэн тул эмч нар удаан уулзахыг зөвшөөрсөнгүй.
-Өрөөнийх нь үүдэнд цагдаа зогсчихоод хүн оруулахгүй байна гэсэн?
-Өнөөдөр лав цагдаа харагдаагүй.
-Хувийн нэгэн компанид тэрбум төгрөг шилжүүлсэн гэсэн үндэслэлээр нэгжлэг хийсэн гэсэн үнэн үү?
-Тэр талаар би юм хэлж мэдэхгүй байна. Нарийн ширийн зүйл асуух боломж ч байсангүй. Бие нь тааруу байгаа болохоор энэ талаар ярихыг хүсээгүй.
Х.Бадамсүрэнгийн гэрт нэгжлэг хийж, түүнийг баривчлах гэсэн нь хувийн компанид нэг тэрбум төгрөг шилжүүлснээс үүдэлтэй аж. Уг компани нь Монголросцветмет-ын дэргэд 2002 оны есдүгээр сард байгуулагдсан МонголросБук гэх бөгөөд эзэд нь түүний дотнын найзууд гэнэ. Барилга, барилгын угсралт эрхэлдэг уг компанид 2002 оны есдүгээр сараас 12-р сарын хугацаанд нийт нэг тэрбум төгрөг шилжүүлсэн байна. Түүнд улсын мөнгийг дур мэдэн хувийн компанид шилжүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн УМБГ-ын Эдийн засгийн хэргийг мөрдөх хэлтэс шалгаж эхэлжээ. Тус хэлтсээс Төрийн өмчийн хороонд /ТӨХ/ Монголросцветмет-ын холбогдолтой баримтуудыг гаргаж өгнө үү гэсэн албан бичиг баасан гаригт ирүүлсэн байна. ТӨХ-ны хариу баримтаар дээрх хэрэг давхар нотлогдсон бололтой. Мөн түүнийг Ш.Отгонбилэг агсны байгуулсан Эрдэнэт концерн компанид хамтарч байсан хэрэгт ч шалгаж эхэлсэн аж.
Гэвч энэ хэрэгт бас нэгэн өнцөг байгаа нь улс төр юм. МАХН-ын ойрын хүрээнийхэн Нарантрейд-ын С.Болдхэтийг баривчлан хорьсон нь Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АН-ын нэр хүндийг унагасан зүйл болсон, түүний хариуд МАХН-аас хэн нэгнийг золиослох хэрэгтэй болсонд Х.Бадамсүрэн захирал өртсөн гэж байгаа аж. Мөн ОХУ-тай хамтарсан өмчийн асуудлыг манайхан шүүрч авдаг нь ямар учиртай юм. Түүнийг албан тушаалаас нь зайлуулах аян шалтаг хайж байна. Оронд нь тавина гээд Д.Дорлигжав, До.Ганболд нарын нэрийг аль хэдийнэ ярьж эхэлсэн гэж хэлэх хүмүүс ч байна.
Дээрх таамаглалуудын аль зөв болохыг цаг хугацаа л харуулах буй заа.
Л.Мөнхбаясгалан
2005.03.14, Ардын эрх