СТА дуучин М.Бямбажав *Одоо зохиолын дуу хаданд гарна*

-Одоо болох гэж байгаа уран бүтээлийн тайлан тоглолтын талаарх мэдээллээр яриагаа эхэлье?
-2002 онд *Амьдрах сайхан* тоглолтоо хийснээс хойших 2 дахь бие даасан уран бүтээлийн минь тайлан тоглолт одоо болох гэж байна. Энэхүү тоглолтоо би *Заллага* гэж нэрлэсэн. Учир нь гэвэл би уран бүтээл хийхгүй нэг хэсэг хугацаанд завсарласан. Тэгэхээр эргээд би уран бүтээлийн ажилдаа ханцуй шамлан нэлээд эрчтэй орж байгаа. Ингээд ард түмнээ фэннүүдээ урин залж байна гэсэн утгатай юм. Бас миний *Заллага* гэж өвөрмөц стильтэй шинэ уран бүтээл энэхүү тоглолтон дээр анх дуулагдаж олонд хүрэх болно. Маш олон шинэ шинэ дуунууд энэ тоглолтон дээр бас дуулагдана. Мөн нэлээдгүй өвөрмөц сюрприз бэлдээд байгаа.
-Энэ завсарлах хугацаандаа хаагуур юу хийж яваваа?
-Би энэ бүх хугацаанд уран бүтээлээ хийгээд л энд тэндхийн тоглолтонд урилгаар оролцож дуулаад л явж байсан. Бас нэг хэсэг солонгост ажиллаж амьдарч байгаад ирлээ.
-Нууц биш бол солонгост яг юу хийж байв аа?
-Энэ бол хувийн ажил байсан. Жил гаран тэнд амьдраад л ирсэн. Yүнээс өөр юм яриад яахав.
-Тоглолтонд ямар ямар дуучид оролцох вэ?
-Манайд бие даасан уран бүтээлийн цэнгүүн гэчихээд баахан дуучид авчраад дуулуулчихдаг цэнгүүн зөндөө болж байгаа ш дээ. Би бол тэгэхгүй. Энд оролцож байгаа дуучид бүгд миний дууг л дуулна. Ардын жүжигчин Зангад гуай, миний багш Чулуунхүү гуай, *морины* гэгддэг гавьяат Батбаяр, гавьяат Далантай бүгд л миний дууг дуулцгаана. Бас үүн дээр миний нутгийн дүү Жавхлан гээд олон залуу уран бүтээлчид оролцож байгаа.
-Тэгэхээр таны аяыг нь зохиосон дууг дуулна гэсэн үг юм аа даа. Та ер хичнээн дуунд аялгуу хийв ээ?
-Тиймээ. Миний аяыг нь хийсэн 20 гаруй дуу дуулагдана.
-Дээр нэлээд өвөрмөц сюрприз бэлдэж байгаа гэсэн. Ганцыг нь цухас задлахгүй юу?
-Тайзан дээр дуучин Бямбажав нэг зэрэг маш олон гарч ирнэ. Яг яаж, ямар хэлбэрээр гэдгийг нь очоод сонирхоорой.
-Хэсэг хугацаанд завсарлаад уран бүтээлдээ эргэн ороход ямар санагдаж байна?
-Багагүй хугацаанд хувийн бизнес хийж гадаад дотоодод байлаа. Гэхдээ ганц юмыг маш сайн ойлголоо. Уран бүтээлч хүн уран бүтээлээсээ өөр юм хийгээд явж хэзээ ч болдоггүй, чаддаггүй юм байна гэдгийг мэдэрлээ. Цанаасаа л сэтгэл гэдэг юм чинь урлаг руугаа тэмүүлээд байдаг юм байна. Одоо бол уран бүтээлдээ дайран орлоо.
-Зохиолын дуу одоо нэг үеэ бодвол эргэж хүчээ авч, нөгөө талаар хүмүүс сонсох дуртай болж байх шиг санагддаг. Энэ талаар таны бодол?
-Манайх нэг хэсэг рок-поп, хип хоп гээд хошуурсан. Гэхдээ манай нутгийн дүү Жавхлан нэгэн шинэ үеийг нээж чадсан гэж би хэлмээр байна. Одоо эргээд ард түмэн зохиолын утга уянгатай дууг сонсох дуртай болж. Одоо зохиолын дуу хаданд гарна.
-Шинэ CD, клип хийлгэж байгаа юу?
-Ирэх 6 сард Заллага нэртэй 20 дуутай шинэ CD гарна. Мөн бүх шинэ хуучин дуундаа клип хийлгэнэ.
-Та урдын стиль дуулах хэв маягаа өөрчилж шинэчилсэн үү?
-Урдын унаган хэв маяг дуулах стиль дээрээ ямар нэг шинэ өөрчлөлт оруулж, сонин сонин нугалаа нэмэх гэх мэт маяглах шаардлага байхгүй. Харин урдныхаараа гэхдээ бүр илүү дуулна.
-Хуучны сайхан дуунууд дуулагдах юм уу?
-Оройтсон бороо, Амьдрах сайхан, Yгүйлж явья нэгийгээ, Мартагдашгүй хайр гээд хуучны дуунууд минь дуулагдана. Энэ дуунууд одоо хүртэл мартагдаагүй байж л байгаа жинхэнэ олон жилийн настай бүтээлүүд байхгүй юу. Тэрнээс одооны дуунууд бол хажууд нь ганцхан сарын настай дуунууд байна шүү дээ.
-УГЖ Чулуунхүү багштайгаа хамт шинэ уран бүтээл хийж байгаа юу?
-Багштайгаа мэдээж хамт уран бүтээлээ хийж байгаа. Одоо миний тоглолтыг хөтөлнө.
<>b-Таны уран бүтээлд амжилт хүсье.
/ Olloo.mn / Болод.М