Хөгжих үү, хөлдөх үү?

Хэл яриагаар тэр хүний нийгэмд нь үйлчилдэг ухагдахуунууд илэрнэ. Тэр ухагдахуунууд нь тэднийг тээгчийн хөгжлийг тодорхойлоод өгнө. Энэ дэвсгэр ухагдахуунууд нь ганц хүний алтан таван хошуутай сургуулийн Мэдлэгээс бас жаахан анги бололтой. Цаанаасаа л цухалзаад байдаг, даравч далдайдаг, булавч бултайдаг зүйл аж. Бид ч гэсэн ширэнгэн ойн хүн иддэг омгийн эрдэмтэнтэй уулзахад давуу хөгжснөө мэдрэх л байх. Учир нь гэвэл тухайн хүний дэвсгэр ухагдахуунууд тухайн нийгмийн уур амьсгалыг бүрдүүлдэг. Тэр ухагдахуунаар нь нийгэм хөдөлнө. Мөн эсрэгээр нийгэм, иргэдийн ухагдахуунуудыг бүрэлдүүлдэг ч байж болно. Ядуу нийгэм ядуу ухагдахуунтай. Ялангуяа энэ материалист хандлагатай нийгэмд.

Ер нь хөгжил бол ухагдахууны хувьсал. Хөгжих тусам ухагдахуун нь олон талтай болж, ухаан нэмэгдэнэ. Хувь хүн дээр бол энэ их тод харагдана. Зарим нь арав төгсөөд ухагдахуунаа өөрчлөөгүй байхад, зарим нь хорь гараад тархиндаа шинэ соргог үзэл суулгаагүй байдаг. Арав төгсөөд гацсан нөхөдтэй уулзах сонин. Яг л амьд альбом гэсэн үг. Ганц цээжилсэн хичээл дээрээ гацан тархиндаа шинэ мэдээлэл хийгээгүйгээс тэр хүн тэгэж цаг хугацааг зогсоож чадсан. Түүнээс бол бие бялдар нь цагын жамыг даган хөгширсөн байдаг. Гавал дахь ганц үзэл нь цаг хугацааг гацааж чадсан болохоор хөгжил нь саарсан болов уу? Улс орон ч мөн үүнтэй адилхан. Цаг, орон зайгаа анзаарахгүй ухагдахуунаа ялзаруулснаас хөгжил нь зосдог байх.
Соёл гэдгийг бид киноноос дуурайхдаа зөвхөн цэвэрхэн хувцаслах, баярлалаа, sorry хэмээн эвлэгхэн хэлэх л гэж бодоод байдаг. Гэтэл соёлтой хүн болно гэдэг маань зөвхөн энэ биш харин хүнлэг, гэгээтэй нийгэмд амьдрах ухагдахуунтай болохыг хэлж байгаа юм биш үү? Үүнийг олж харахгүйгээс хөгжил маань явцгүй, ирээдүй маань барьцгүй болжээ. Малчин пролетари нарын тарьсан нийгмийн ухагдахууныг хүчээр өөр дэвсгэр дээр хэрэгжүүлэх гээд байхаар бид соёлтой гэхэд хаашаа юм, соёлгүй гэхэд хаашаа юм байдалд оржээ.

Чухам юугаараа, ямар ухагдахуунаараа бид бусдаас ялгаатай байгааг олж хараад тэднийхээ үндэс, үүсвэрийг тогтоочихвол Монгол хүн өөрийгөө ойлгоход хэрэгтэй болов уу? Үнэндээ, одоогийн Монгол тархинд үржсэн ухагдахуунууд хоцрогдсон гэдгийг бүгд мэдэрдэг байх. Энэ ухагдахуунууд хоцрогдож, явцууран, бүдүүлэг, харгис, малист шинжтэй болсон нь тодорхой хэмжээнд Монгол уламжлалт шашнаасаа хөндийрснөөс болсон.

Сармагчин Монгол
Шашингүй ард түмэн өөрийгөө хөгжүүлэх чадваргүй. Ухагдахуунууд нь цаг үеийнхээ нөлөөгөөр хаашаа ч туйлшран явцуурах, гацах шинжтэй, ёс суртахууны доройтолд ороход амархан өөрсдийн соёлын дэвсгэргүй болдог. Жишээ нь одоогийн яруу найргийг хар, сэтгэлгээний суурь, тэжээлгүй болохоор бөөн архичид баахан өөрийгөө магтасан, улсаа хоосон дөвийлгөсөн өрөвдөлтэй байдалд оржээ. Монголд 21-н оноос хойш авьяаслаг яруу найрагч төрсөн ч агуу яруу найрагч төрсөнгүй. Энэ нь ганцхан Марксизм, Ленинизмээс сэтгэлгээнийхээ ундаргыг татсантай холбоотой. Ардчилсан Хувьсгалаас хойш бол бүр бантан болсон. Нэг хэсэг нь хуучнаа хэлбэрдэн гаднаас нь дуурайж, нөгөө хэсэг нь Өрнийн өөр мэдэхгүй Измүүдийг бас л гаднаас нь хуулан олигтой зүйл хийсэнгүй. Ер нь 1990-д оноос хойших яруу найргийг өөрийгөө л магтасан, өөрийгөө л өрөвдсөн хэт туйлширсан БИ төвтэй яруу найраг (egocentric poetry) хэмээн нэрлэмээр. Би ихтэй, бэлчээр багатай дөвчигнүүр, догшин, сагсуу яруу найргаар бид хол явахгүй ээ. Урлаг чинь эртнээс шашныг даган, сүсэг бишрэлийн мэдрэмж дээр суурилсан байдаг. Гэтэл манайхан Би-дээр төвлөрүүлэн, түүнийгээ ичэхгүй жинхэнэ Монгол хэмээн сурталчлан сагсуурч байна. Дээрээс нь шинжлэх ухааны нээлт хийж дэлхийн хөгжилд нэмэр болдоггүй Монгол улам л хоосон бахархалаар сэтгэлээ зогооно.

Яагаад яруу найргийг ярив гэхээр, яруу найраг бол тухайн ард түмний сэтгэлгээний толь байдаг, мөн соёл хэмээн ярьвал соёл, урлагыг хөндөхгүй байхын аргагүй билээ. Яруу найраг маань ингэж явцуурсан болохоор бидний сэтгэлгээ ямар байх нь ойлгомжтой.

Өнөөгийн Монгол шашныг ойлгодоггүй болохоор хүн хүнээ хүндлэх, хайрлах талаар наад захын боловсрол байхгүй, хэдийгээр өөрсдийнхөө хүн чанараар онгирдог ч Монгол хүн (ялангуяа хотынхон) ухамсартайгаар сэтгэлийн заслаа бараг хийхээ больсон. Тиймээс зөв сүсэг дутаж Монгол хүн, хүн болж төлөвших нэгэн зүйлээр дутаад байна. Эр, эмгүй замбараагүй онгироо, бөөн том БИ нар, үнэн сэтгэлээсээ бусдыг, харийн юмыг хайрлаж, хүндэлж чаддаггүй ганцхан хувиа л бодсон зан маань эний илрэл. Соёлыг зөвхөн хазгай, муруй гадаад хэл, балиар юмнаас хол байх гээд ойлгочихсон хүмүүс гаднах төрхөө тордоод л гадаадынхан шиг болчихвол дээд хүмүүн боллоо хэмээн доройчуудаа дээрэлхэх хэрэгсэл болгож байгаа маань бас эний илрэл. Энэ байдал маань биднийг улам л мунхаг харагдуулж байна.
Харин дээр үед Монголчууд соёл гэдгийг соёогүй болно гэж ухаарчээ. Хүүхдээ номыг нь сурахгүй ч номхоныг нь сураарай гэдэг байж. Одоогоор бол сургуульд сурахгүй ч соёлтой болоорой гэсэн үг. Энэ нь орчин цагт яг тохирох ухагдахуун. Хүн нийгмийн амьтан тэгэхээр соёогүй, номхон болж байж л бусдадтайгаа зохицож амьдарна. Хэрэв догшин бол хараахан нийгмийн амьтан болж төлөвшөөгүй байна гэсэн үг. Амьтан хүртэл сүргээрээ амьдардаг нь номхон, ганцаараа амьдардаг нь догшин байдаг. Монголчууд номхон болох процёссыг хүн ухамсартайгаар хийдэг гэдгийг мэддэг байснаас номхон болоорой хэмээн эрдмийн мөр хөөх гэж байгаа хүүхдүүддээ захидаг байжээ. Эцсийн бүлэгт номхон биш бол номоор ч яах вэ дээ. Бусдын төлөө тийм хүн юу ч хийх билээ. Тэгээд ч Буддизмд номхоныг нь төлөвшүүлчихэд номыг нь сурчихдаг ч байсан байж болох. Залхуураад бай гэсэн үг хараахан биш. Гэвч өнөөдөр бид номхон гэдэг үгийг үзэж чаддаггүй. Нэгнийгээ олхиогүй, дорой сул хэмээн хараан ном сурж ноён болоорой, дарга болж доллар цуглуулаарай гэж хүүхдүүдээ заана.
Уул нь бид чинь одоо л тохирмоор хүчирхийлэлгүй боловсон шашинтай байлаа. Гэтэл үүнийгээ хоцрогдсон нэрийн доор Ардын хувьсгалаа будаа болгочихоод одоо өөрсдөө хоцрогдочихоороо эргээд шашнаа ойлгохоо байчихлаа. Шашин бол хар тамхи гэсэн суртал ухуулгыг олигтойхон ч шинжлээд үзчихгүй Оросын зааснаар л тууж явна. Тэгчихээд бас дэлхийн бүх оронтой найрсаг харилцаатай хэмээн онгирно. Бидний найрсаг харилцаа, биднийг тоож, хэрэгсэхгүй байгаад л байгаа юм. Түүнээс соёл, урлаг, сэтгэлгээнийх нь ундрагыг хар тамхи гээд томорч байгаа хүмүүстэй гадныхан харилцах уу? Аз болж манайхны чадал нь хүрэхгүй болохоор бусдад томорч зааж сургахгүй нь сайхан юм даа.

Дээрээс нь ганцхан мөнгө л ярьсан, толгой нь өөр орон зайд ажиллахгүй байгаа хүний ухагдахуун ямар байх уу? Хичнээн боловсролтой ч хүмүүсийг үргээнэ биз дээ. Хөгжилтэй гээд бидний дуурайх гээд байгаа улсууд өсвөр үеийнхэндээ шашны мэдлэг олон янзын аргаар олгодог юм байна. Гэтэл Монголд энэ тухай хойч үедээ заах нь битгий хэл ойлгох хүмүүс ховор. Зааж байгаа шинжлэх ухаанууд нь бүгд гадагш чиглэсэн. Сэтгэлийн засал хийн хүнийг хүн болгох нэг ч дотогш чиглэсэн хичээл алга. Чухам хүнлэг чанарыг хойч үедээ дамжуулан, тэднийг номхон соёлтой болгохын тулд бусад орныхон шашныг ашигладаг ажээ. Шашин хэт сохроор дагавал сөрөг нөлөөтэй ч хувь хүнийг хүн болгох хамгийн хүчтэй хэрэгсэл юм. Нийгэм нь хурдацтайгаар баяжихаар хүний шунал мөн ихсэнэ. Мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй. Тэгвэл үүний эсрэг зогсож чадах зүйлсийн нэг бол шашин.
Хэрэв сайн ажвал аливаа үндэстэний өвөрмөц дүр төрх, ухагдахуунууд нь, гол шашин дээр нь суурилсан байгаа. Хичнээн хөгжлөө ч ямар ч улсын нийт хүн амын ул сэтгэлгээний загвар нь шашнаасаа тасраагүй. Магадгүй тэгэж байж тусгаар улс гэгдэн хамаагүй зүйлд давтаад байхгүй бие даах чадвартай байдаг болов уу? Үе бүхэн өөр, өөрсдийн үзлээр хөгжлийг тодорхойлох явцадаа үндэс сууриасаа гажих явдал гарна. Энэ нөхцөлд улсын уламжлалт шинжийг уламжлалт шашин нь хадгалсан тул тулах ганц тулгуур болно.

Харин уламжлалт шашнаасаа хөндийрсөн суурин Монголд сэтгэлгээний биеэ даах чанар байхгүй. Зөвлөлт засгийн газар Монголыг бүрэн эрхшээлдээ оруулахын тулд хамгийн түрүүнд шашныг устгасан. Тэгэж байж зөөлөн чихтэй дүү нараа бий болгосон. 70-д жил хийсвэр суртал ухуулгад мансуурсаар ирсэн бидний сэтгэлгээ сармагчин шиг болжээ. Тиймээс ч өнөөгийн Монголчууд өөрсдийгөө төлжүүлэх чадваргүй, дандаа л гадны зүйлсээс хамаардаг.

Зөвхөн гадны хүчин зүйлсээс хамааралтай байх нь Монгол оронд хөгжил авчрахгүй. Эдийн засгийн хувьд биеэ бүрэн даах чадваргүй байлаа ч юуны түрүүн Монгол үндэстэн оюуны хөгжлөө бусдаас шалтгаалалгүй төлжүүлдэг болох хэрэгтэй. Бүрэн боломж ч бий. Ондоогоор хэлвэл Тусгаар Монгол ТУСГААР СОЁЛЫН ГОЛОМТ болох чухал. Өөрсдийн амьд соёлын голомттой байсан цагт бусдын юмыг илүү ашигтайгаар ашиглаж чадна. Бид эргээд соёлоо сэргээн төлжүүлэх орон зай ч бий, шаардлага ч бий.

Шинжлэх ухаан хурдан хувирч байна. Хүнийг хаашаа авч яваа нь тодорхойгүй. Тэгвэл шашин тодорхой хэмжээнд хүний сүсэгтэй адил урт настай. Энэ хэрэгцээ бол хэзээ ч алга болохгүй, хэрэв сүсэг бишрэл уствал хүн чанар алга болно. Иймээс зөв ухаарсан шашин хүнийг хаашаа хөтлөх нь ойлгомжтой. Тийм ч учраас шинжлэх ухааныг хөгжүүлэхдээ шашныг бас гээж болохгүй болов уу? Хүн төрөлхтөн хөгжилдөө барьц алдахад шашин нэг тулгуур болох ёстой

Хоцрогдсон ухагдахуун гэнэ үү?
Хоцрогдсон ухагдахууныг өөх, тос их иддэг заншил дээр аваад үзье. Дэлхий нийтээрээ малын өөх, тос эрүүл мэндэд муу гээд байхад л Монголчууд сонсох ч дургүй
-Аа, тэр яадаг юм. Монгол хүн эртнээс идсээр ирсэн. Яагаа ч үгүй, болж л байна гээд л хусаж гарна. Идэхгүй бол бараг Монгол биш болчих юм гэнэ. Аав нь өөхнөөс болоод үхчихлээ гэхэд талийгаачийн будаалган дээр жинхэнэ өөх, тос нь халисан хуйцайгаар бусдыг дайлна.

Аавынхаа үхлээс сургамж авсангүй. Сохор, дүлий мэт л чимээгүй өнгөрнө. Биднийг ийм сохор болгосон зүйл бол ганцхан ухагдахуун. Түүнээс биш Монголын ихэнх нь бичэг үсэг тайлагдсан, зурагт, араажав үзэх боломжтой байгаа. Соёлжоогүйдээ бас биш ажээ.
Жинхэнэ Монгол зөвхөн мах иддэг, өөх, тосоо хаяхыг буян арилна гэдэг сохор ухагдахуун өнөөдөр дангаараа маш олон Монгол эрэгтэй, эмэгтэйчүүдийг алж байна. Мах идэхгүй манайх шиг цаг агаартай газар амьдрах хэцүү. Тэр тусмаа эртний нүүдэлчдэд өөрөө хөдөлдөггүй хоол хүнсний зүйл тээж явна гэдэг бэрхшээлтэй болов уу. Харин одоо ихэнх Монголчууд байшинд амьдардаг атлаа жилийн дөрвөн улиралд тасралтгүй малын мах зулгаадаг. Өвлийн идшээ бэлдэнэ гээд амьд хонийг 69-нд чихэж ирээд, балкон дээрээ тэсгэм хүйтэнд 3,4 хонуулаад, гал тогоондоо майлуулан алж байна. Иймэрхүү үйлдлийг Монгол ёс, заншлаа хадгалж байгаа хэмээн өөгшүүлвэл арай л өрөөсгөл болох болов уу? Бид орчноо мэдрэхгүй, цаг үеэ анзаарахгүйгээс болж хотыг хөдөө хэмээн эндүүрээд байх юм. Тиймээс хот маань бохир байдаг. Тэгээд ч амьд малыг орон сууцны байранд нядлахыг хоригломоор юм. Арай дэндүү зохицохгүй байна. Ер нь орчин цагт ногоо жаахан идвэл зүгээр. Хоол хүнсээ 21-р зууны төвшинд хүргэх цаг иржээ. Бусад орныхон хүн өдөрт таваас дээш төрлийн жимс, ногоо идэх хэрэгтэй хэмээн сурталчилна. Харин бид таваа байг гэхэд 2,3-ыг идэж байна уу, үгүй юу? Уул нь махаа хачирладаг бол Монгол хүний нас ч уртсана, өмхий ч багасана.
Урьд цагт бол зун махаа болиод идээ, цагаагаа иддэг байжээ. Одоо тийм ч юм алга. Бид мал хариулдаггүй байж эцэг өвгөдөөсөө ч илүү мах идэж байгаа байх. Гадаадад байгаа Монголчууд гэхэд л ганц мөнгөө хэмнэдэг зүйл нь мах, хаягдал шахам махыг хамгийн хямдхан авчихаад өнөөх өөх тосоо өлбөрч үхэхгүй болтолоо иднэ. Тэгээд таргалахаараа буян нэмэгдэж, буйр суурьтай болж байна гээд л данхалзаад байна. Адаг сүүлд нь дотор авах юмгүй болчихжээ хэмээн гаслана. Үнэндээ бол малаа хариулж яваа малчин хүртэл тэгэж махандаа таргалахгүй.

Иймэрхүү ухагдахуунууд Монголд асар олон. Ерөнхий шинжээр нь базаад хэлвэл ЗӨВХӨН ба ЖИНХЭНЭ МОНГОЛ ухагдахуун. Цаг хугацаа урсахад ард түмэн өөрийн мэдлэгийн сангаа аривжуулж шинэчилдэг. Хэрэв англичууд бид зөвхөн гахай иддэг ард түмэн, япончууд самурай байсан гээд сэлмээ эргүүлээд байвал өдийд эн зэрэгтэй хөгжих үү? Өнөөдөр 21-р зууны жирийн Англи иргэн өглөө латин америк кофе уугаад өдөрт халуун орноос авчирсан жимс жимсгэн идэн өвөг дээдсийнхээ амсаж үзээгүй хоол ундыг амтлан явахдаа Англи хүн ганцхан гахайн утсан мах л идэх ёстой гэсэн хатуу бодлого баримтлаагүй.

Хөгжингүй орнуудыг харахад өчигдөрийнхөө ухагдахууныг өнөөдөр зоригтой шинэчилж байна. Гэхдээ түүхийн залгамж чанараа алдаагүй. Залгамж чанараа алдаагүй нь өөрсдийнхөө соёлыг манайх шиг сохроор хүчирхийлэн устгаагүйд оршино. Хуучнаас шинэд шилжэхдээ хувьсгалын биш хувьслын замаар явжээ. Өөрсдийгөө үргэлж хөгжил дунд үзэж, өнгөрсөн үеэсээ бид ухаантай, ирээдүй биднээс мэдлэгтэй хэмээн сэтгэнэ. Өнөөдөр шинжлэх ухааны шинэ нээлт гаргахад маргааш хуучнаа зоригтойгоор халдаг. Шинжлэх ухаан хөгжих хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлжээ. Шинжлэх ухаанаа дагаад тархин дахь программууд нь ч хурдацтайгаар солигдох аж. Манайхныг ганц ухагдахуунаасаа салж ядан байхад гадны нөхөд хэд хэдээр нь сольчихсон илүү ихийг мэдчихсэн байх юм. Тэгэж ярих юм бол хөгжсөн, хөгжөөгүй хоёр орны иргэний ялгаа нь хэр олон ухагдахуун хурдацтай солих чадварт байгаа юм биш үү?

Хөгжингүй улсууд олсон нь гээснээсээ их гэдэгт итгэж, илүү хүнлэг нийгмийг байгуулна хэмээн зорино. Магадгүй тэр гээж байгаа зүйлд нь асар үнэтэй зүйл байж болох, хэн ч үгүйсгэхгүй. Бид энийг нь засаад явах боломжтой. Ганцхан сохроор дагалгүй судлаад явахад алдаа бага гаргах нь мэдээж.

Бид хоцрогдсон ухагдахуунтайгаа хэт зууралдсанаас тархиа хөлдөөжээ. Монголын хөгжлийг ЗӨВХӨН МОНГОЛ хаягтай ухагдахуунууд нилээн сааруулсан. Жинхэнэ Монгол хэмээсэн энэ ухагдахуунууд нь дархлагдсан, эвгүй оролдож болдоггүй, гаднах орчноо мэдэрдэггүй, тэгснээрээ Монгол тархийг өмхийрүүлэхэд их нөлөөтэй. Монголчлогдсон мунхаг санаанууд ч гэж болно. Архитай тэмцье гэнэ, тэгсэн атлаа духандаа түрхэнэ, хүндэт зочиндоо барина, Бурханыхаа өмнө зална. Тэгчихээд яаж архи уухыг багасгах юм. Амсахгүй Монголд амьдрах арга байна уу? Хүндэтгээд өгсөн архийг нь тогтоохгүй бол тангарга тасрана биз дээ.

Мэдээж үндэстэн бүр өвөрмөц төрхтэй байлгүй яах вэ? Өндөр Гэгээн Занабазарыг хонины ууц огтолж байгаагаар дүрсэлсэн чинь Монгол гэдэг сүнсийг дархалж байгаа хэрэг. Хамгийн гол нь нэгэнт л цагаа өнгөрөөсөн, мэдээжийн зүйлсийг зоригтойгоор анзааран цаг үетэйгээ тохируулах шаардлагатай. Шинжлэх ухаантай байнга харшуулан байр суурийг нь ганхуулах чухал. Ингэхийн тулд нэгдүгээрт өнөөдөр манайд үйлчилж байгаа ухагдахуунуудыг анзаарья. Монгол нэрийн дор үгжирсэн, өнгөө хувиргасан Оросын коммунист нарын тарьсан ухагдахуунууд нуугдаж байх магадлал ихтэй. Хоёрдугаарт Монголд үйлчилж байгаа ухагдахуунуудад мэс засал хийх цаг аль хэдийн болсон. Хэрэв энэ ухагдахуунуудыг засаж янзлахгүй бол цаашдаа Монгол улс өмхийрсөн тархины үржлийн газар ч болж магадгүй.
Энэ нь ирээдүйд Тусгаар Тогтнолд ч муу.

Х.Эрдэмбилэг
/Olloo,mn/

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button