Хээгүй, хийгүй хоёрыг хэн залгамжлах вэ.

Төрийн тэргүүнээ сонгох, нэр дэвшүүлэх боломж дөрвөн жилд ганц удаа тохиолдог болохоор хэн бүхний гижгийг хүргэж, ач холбогдол өгч байгаа нь ойлгомжтой.
Улс төрийн хамгийн ууган нам МАХН-ынхан сонгуульд буурь суурьтай, хэл ам багатайхан оролцохыг чухалчилж байна. Гэсэн хэдий ч хэвлэлийн захиалгат нийтлэлүүд, элдэв дайралтууд, тус намын лидерүүдийн хооронд яс хаях оролдлогууд хурдаа хэдийнээ авсан. Хэвлэлүүд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас УИХ-ын дарга Н. Энхбаяр, Шадар сайд Ч.Улаан нарын нэрийг сарын өмнөөс сойж эхэлсэн. Гэхдээ энэ бол баттай эх сурвалжийн нотлогдсон мэдээ биш. Хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй буюу парламентад суудал бүхий МАХН, АН, ИЗ-БНН, БНН, Эх орон намынхан ирэх сарын 2 гэхэд нэр дэвшигчээ эцсийн байдлаар тодруулж, СЕХ-нд мэдэгдэх ёстой. МАХН-ын Бага хурал энэ сарын 26-27-нд болж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодруулахаар зэхэж байна. МАХН-ын дарга Н.Энхбаяр монголын үндэсний телевизийн шууд ярилцлагад оролцохдоо Манай намд Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой боловсон хүчин хангалттай бий. Тухайлбал, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Идэвхтэн, С.Баяр, Ч.Улаан гэх мэт хүнийг нэрлэж болно хэмээсэн. Юутай ч түүний нэр цохсон хүмүүс МАХН-аас нэр дэвших хамгийн өндөр магадлалтай нь.
АН-ын хувьд байдал тун ээдрээтэй байна. Намын өмнөх болон шинэ удирдлагуудын хоорондох толхилцол тус намын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож чадахгүй болж мэдэх нөхцөл байдалд аваачсан. АН-аас Ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай Р.Гончигдорж сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ эрт мэдэгдсэн. Гэхдээ энэ бол түүний хувийн шийдэл юм. Магадгүй хэсэг хугацааны дараа хувийн эрх ашгаас намын эрх ашгийг дээгүүрт тавьж байна гээд нэрээ дэвшүүлэхийг ч үгүйсгэх аргагүй. Одоогоор АН-ынхан нам доторхи-иргэний дайн-аа түр зогсоож, Ерөнхийлөгчийн нэр дэвшигчээ сунгаагаар тодруулах шийдвэрт хүрээд байна. Сунгаанд Д. Дорлигжав, М. Энхсайхан, зэрэг хэд хэдэн хүн хүч үзэх төлөвтэй байгаа. АН-ын ҮЗХ энэ сарын 18-нд хуралдаж хоёр хүний нэрийг батална. Үүний дараа 3-р сарын 31-нд хуралдах АН-ын Үндэсний чуулганаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх хүний нэрийг эцэслэх юм. Ажиглагчдын дүгнэж буйгаар АН-ын лидерүүдийнй зөрчил энэ удаагийн сонгуульд амжилт гаргах магадлалыг эрс багасгасан байна. Зөрчилдөөн хэзээ ч амжилт дагуулдаггүй гэдэг.
ИЗ-БНН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд бие дааж оролцох төлөвтэй байна. Тус намын тэргүүн С.Оюун саяхан Зууны мэдээ сонины редакцид зочлохдоо ингэж хэлсэн юм. Ийн ганцаардах болсны шалтгаан нь АН-ын дотоод зөрчил гэнэ. Уг нь АН олигтойхон байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд эвсэл болж оролцох сонирхол ИЗ-БНН-д байсан юм билээ. ИЗ-БНН-ын Үндэсний хороо энэ сарын 28-нд хуралдаж нэр дэвшигчээ тодруулахаар төлөвлөж байна. Гэхдээ зарим нэг хэвлэлд гарсан шиг УИХ-ын гишүүн асан Д. Мөнхөөг тус намаас нэр дэвшүүлэхгүй юм билээ. Уг нь С.Оюун сонгуульд амжилт үзүүлэх магадлал өндөр байгаа ч түүний нас 45 хүрээгүй юм байна. Тийм болохоор өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан Л.Дашнямыг дахин нэр дэвшүүлэх тухай зарим эх сурвалж хэлж байна.
Б.Жаргалсайханы даргалдаг БНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүний нэр бараг хоёр сарын өмнө тодорхой болсон. УИХ-ын гишүүн, БНН-ын дарга Б.Жаргалсайхан сонгуульд хүч сорино. Мэдээж хэрэг БНН дотор түүнтэй өрсөлдөх хүн байгаагүй.
Эх орон намын хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох нь тодорхойгүй байна. Эрэл компанийг түшиглэн байгуулсан тус намынхан өөртөө итгэх, эсвэл хэн нэгэнтэй хамжихаа шийдэж амжаагүй байгаа гэнэ лээ. Хэрэв АН-аас М.Энхсайханыг нэр дэвшүүлбэл Эх орон нам түүнийг дэмжих магадлал өндөр юм. Харин дангаараа оролцох болбол намын дарга Б.Эрдэнэбатаа зүтгүүлж мэднэ.
Улс төрийн намуудаар ийм сонинтой байна. Улстөрчдөд аль намаас хэний нэрийг дэвшүүлэх нь чухал байгаа бол сонгогчид арай өөр зүйлд сэтгэл зовниж сууна.
Төрийн тэргүүнийг сонгох сонгууль өнгөрсөн зуны УИХ-ын сонгууль шиг элдэв луйвар, хууль бус үйлдлээр дүүрэн байх вий гэж олон хүн болгоомжилж байна. Тэгээд ч энэ сонгуульд СЕХ өмнөх бүрэрлдэхүүнээрээ ажиллах юм билээ. Ямартай ч төрийн тэргүүнийг сонгох сонгуульд улсын төсвөөс 640 орчим сая төгрөг зарцуулахаар шийдвэрлэсэн. Энэ мөнгө нам, эвсэл, нэр дэвшигчдээс бус ард түмний халааснаас гарч байгаа гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ. Ерөнхийлөгчийн сонгууль шударга болох болтугай.
Б. Түвшинтөгс.
/2005.03.14, Зууны мэдээ /