Дун цагаан шүдэт минь…

Хаана ч билээ дээ би чамтай таарсан
Халуу шатаж зүрх булиглаж чамтай зөрсөн
Найзуудтайгаа наргиантайхан явсан охин заяа
Намайг ч анзаарах сөхөөгүй дайрч одсон дурлал минь ээ
Ганц үг солилоо гээд дурлалын ган тайлагдахгүй ээ
Гарыг чинь атгалаа гээд зүрх минь амрахгүй ээ
Бүлээхэн уруулыг чинь үнсэж булбарай биеийг чинь илбэж
Бүтэн шөнө багадах ч ганц мөчийг чамтай жаргаж үдвэл…
Дурлал минь ээ
Дун цагаан шүдэт минь
Гэгээн гэнэн хүсэл минь
Гэнэт учирсан хүслэн минь ээ
Амьдралын минь дэнсэнд алтан мөч тэр болог
Аз жргалын минь титмэнд алмаазан шигтгээ тэр болог
Өнчин дурлал тээж гэргийтэйгээ учрах нүгэл минь арилаг
Өрөөл нэгний зүрх шархлуулсан хүнд ялнаас чи мултраг
Ийм л нэгэн үлгэрийн эхлэл чамд би аминчлаж шивнэе
Итгэн үү байна уу энэ чиний л хэрэг ээ
Ямар ч байсан эхлэлгүй энэ үлгэр төгсгөл хайж зовлон тарихгүй ээ
Яг л бүх юм хуучнаараа он цагт амар сайхандаа жаргана аа
Дурлал минь ээ
Дун цагаан шүдэт минь ээ
2004 он
Улиасны дор
Урьд хосын
Учирдаг байсан
Биеийг чинь шивж
Нэрсээрээ шархлуулсан
Танил улиасыг
Түшин зогсоод
Тайтгарах дусал
Тосон саатлаа
Надаар чи
Наадах хэрэггүй
Навчин хээгээр
Мэргэлээд хэрэггүй
Ирнэ ирэхгүй ирнэ …
Ийм их навчис
Итгэл тээн хийсэх нь
Эргээд чамруу гүймээр
Бороо хэзээ ч юм
Шиврэхээ больж
Бодол сэтгэл
Шаналалд хоргодно
Нүцгэрсэн модны
Нөмөрт жиндүүхэн
Байз! Танил цув…
Болзсон ч биш дээ түүнтэй.
2002 он Болодын Мөнхдөл