Уран зураг бол харах яруу найраг гэдэг шүү дээ

Энэ үг бол зураач С.Саранцацралтын шив шинэхэн номонд зориулж хэлсэн яруу найрагчийн мялаалгын үг. Тиймээ, үргэлж шинэ сонин юм сэтгэл, үзэгч сонирхогчдыг гайхшруулж, авъяас билэг, эрх чөлөө, сэтгэлээний гайхамшигаар гайхуулж байдаг энэ зураач маань яруу найраг уран зургийг ижилсүүлэн, амилуулж нэгэн цогц болгосон номын дээжийг монгол түмэндээ өргөн барьсан байна. Ингээд түүний содон сонин эл бүтээлийн нээлтийн хуриман дээж цоон хором уулзсанаа хүргэе
-Таныг зураач гэхээр хавтгай дээр бийр будаг л нийлүүлж байдаг гэж бодсоноос ном гаргах юм гэж санасангүй. Гэвч зураачийн ном ямар онцлогтой юм бол?
-2003 онд Яруу найраг ба би гэсэн нэртэй үзэсгэлэн гаргаж байсан. Энд би гучаад яруу найрагчдын яруу найргын бүтээлийг уншаад төрж байсан сэтгэгдлээрээ уран бүтээл хийж байсан. Энэ үзэсгэлэнгээ л ном болгож байгаа юм. Энэ номондоо яруу найргийг нь англи хэлэнд давхар хөрвүүлээд хэвлүүлсэнээрээ онцлог юм. Энэ нь олон талын ач холбогдолтой болж байгаа. Гадаад ертөнцөд уран зургийг тайлбаргүй ойлгодог бол яруу найраг орчуулгагүйгээр хүрдэггүй урлаг шүү дээ. Тиймээс монголынхоо яруу найргыг англи хэл дээр орчуулаад гаргавал манай урлагийг гадны хүмүүс илүү ойр хүлээх авах, монголынхоо урлагийг сурталчилах том ажил болох болов уу гэж бодсон юм. Яруу найраг бол сонсох уран зураг, уран зураг бол харах яруу найраг гэж сайхан үг байдаг шүү дээ. Тэр үгийг бодитоор уншигчидад хүргэхэд нэлээн ач холбогдолтой болсон байх.
-Ингэж ном гаргах санаа хэзээнээс төрөв?
-Yзэсгэлэн гаргаж байх явцад маш их хүмүүс сонирхон үзэж байсан. Өдөрт бараг 200-300 хүн үзэж байсан. Тэр үзэсгэлэнгээс харж байхад шүлэг нь англи бол хүмүүст илүү хүрэх юм байна гэсэн бодол төрсөн. Гадны хүмүүс ч бас тийм санал хэлж байсан. Тэндээс үүдээд зөвхөн монголчууддаа бус дэлхийн нийтэд уран зураг, яруу найргыг хүртээл болгох хэрэгтэй юм байна гэж бодоод хийсэн. Манай яруу найрагчид сайхан сайхан шүлгээ миний уран бүтээлтэй хослуулаад өгч байгаад баяртай байгаа
-Та уран бүтээлээ тухайн шүлгэнд зориулж бүтээж байна уу, эсвэл таны зурганд зориулж яруу найрагчид шүлэг бичиж байна уу?
-Бүгд яруу найргаас л төрсөн бүтээлүүд байгаа.
-Хэр олон бүтээлүүд байгаа бол?
-Энэ номонд 24 яруу найрагчийн бүтээлүүд, 26 зурагтай цогц альбом маягаар гарсан. Эндээс яруу найраг уран зургийн шүтэлцээг харахад их дөхөмтэй.
-Энэ ном таны анхны уран бүтээл үү. Урьд нь та уран бүтээлээ ном болгож байсан уу?
– Урьд нь тухайн бүтээлээр танилцуулга л хийж байсан болохоос ингэж ном болгож байсан удаа байхгүй. Энэ ном маань олон хүмүүний хөлс хүч, сэтгэл шингэсэн хамтын сайхан бүтээл боллоо. Хориод яруу найрагчид. Дээр нь орчуулгийг зохиолч эрдэмтэн Л.Дашням, орчуулагч Ш.Цог, Петер К.Марш гээд олон хүнтэй хамтарсан.
-Ном маань хэзээнээс хүмүүсийн гар дээр хүрч эхлэх гэж байна даа?
-Худалдаанд гараад эхэлсэн. УИХ-ын номын сан, Цэцэг төв, Интер ном худалдааны төвүүдэд байгаа. Yнийн хувьд 7500 төгрөг.
-Гадаадад борлуулах талаар ямар арга хэмжээ авч байна уу?
-Одоохондоо захиалга гэсэн юм бол байхгүй. Энэ тал дээр анхаарч, бодож санасан юм байгаа.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Би одоо энэ жилийн хувьд дөрөв таван гадаадын үзэсгэлэнгүүдэд оролцоно. Энэ ном үүгээд зогсохгүй. Цаашаа үргэлжилээд таван боть болох юм. Ирэх жил миний маш том үзэсгэлэг гарах юм. Тэр үзэсгэлэнгийн маань төсөл явж байна даа. Ажил бол ундраад л байна. Хийх юм их байна.
-Та үргэлж л шинэ сонин юм сэдэж урлагийг арай өөр өнцөгөөс нь харах боломж олгож байдаг. Таньд өөр ямар шинэ сонин санаа нуугдаж байгаа бол?
-Энэ бол одоохондоо нууц байна. Миний үзэсгэлэн гарахаар та нар их олон юмыг тайлах байх. Тэр үед -Аан, Саранцацралт ийм л юм хийх гээд нууцлаад байсан юм байна гэж харах байх. Одоохондоо нууцыг задлах болоогүй. Ямар ч байсан ирэх нохой жилд шинэ том үзэсгэлэнгээр та нартаа бэлэг барих болно
-Баярлалаа.
-Хуучирсан сэтгэлийн шархаа
Хурдхан шиг эдгээмээр байна
Айсуй өдөр хоногуудыг тэжээх
Амьд цог минь бөхсөн байна
Цаг хугацааны хүрдэнд тархи минь
Цалгин давхраатаж эргэсэн байна.
Орон зай намайг баглаж
Одруу дүүлэн далавчийг минь хайчилсан байна
Тохоилдож өнгөрсөн таагүй явдлаас болж
Таньд байхгүй гурав дахь мэлмий минь сохорсон байна.
Сэтгэл гэдэг чавхдаст хөгжмийн
Сүүлчээсээ хоёр дахь утас тасарсан байна
Нэн яруу сүүлчийн утсыг нь тасалбал
Нартын хаанаас ч эрээд
Намайг та нар олохгүй гэх байна.
/Б.Галсансүх/
/Olloo.mn Ж.Алтантуяа/