Монгол улсын ерөнхийлөгч малчдад хандаж хэлсэн үг

Эдүгээ Монголын уудам тал нутагт 169.2 мянган өрхийн малчид идээшин суурьшиж, хоёр нарны хооронд борви бохисхийлгүй хөдөлмөрлөн зүтгэж, хөдөө хөхөрч гадаа гандан байж нийгмийн баялгийг бүтээлцэн, Та биднийг тэжээж, тэтгэж байна. Малын буян яндашгүй их, малчны хишиг дундаршгүй ундаргатай билээ.
Хөдөөд өвөл алагтай цоогтой болж, бичин жилийг багагүй хохирол амсаж үдлээ. Хором тутам урсах цаг хугацааны эрхэмсэг чанар дор хахир өвөл шилжрэн одож, мал аж ахуйн үйлдвэрлэл, мал маллагааны хамгийн хариуцлагатай, цаг наргүй ажилтай хатуухан хаврын улиралтай золголоо. Хүн мал сульдан, өвс тэжээл, хоол хүнс хомсдсон хаврын тарчиг цагт мал, малчнаа гэсэн бодлыг өвөрлөн ажил амьдралд нь бодитой дэмжлэг туслалцаа үзүүлэхийн хамт шууд тусалж, хүн бүл нэмж чаддаггүй юмаа гэхэд ядаж сэтгэлийн дэм өгч байх нь хүн ёсны асуудал юм. Хүн хэдий сайн ч хэлэхээс наашгүй гэдэг. Энэ л бодлын үүднээс би ажил амьдралд тань хэрэгтэй болов уу гэсэн цөөн санааг хэльюү гэж зорилоо.
Малчдын мал маллагааны хамгийн хүнд хүчир ажилтай, овсгоо самбаа, ур ухаан, сонор сэрэмжийг шаардсан үе бол мал хаваржуулах цаг. Өвлийн ид үеэр олонхи аймгийн нутгаар цас ихээр унаж, удаан хугацаанд хүйтний эрч чангарснаас мал даарч, өлдөн тарга тэвээрэг муутай орсон мал олноор хорогдов. Өнөөгийн байдлаар 246.5 мянган толгой буюу оны эхний малын 1 орчим хувь нь хорогдоод байна. Өвөл хатуурхаж, хаваржилт хүндэрсэн 9 аймгийн 56 суманд энэхүү хохирлын 80 гаруй хувь нь гарчээ. Цас ханзарч, олигтой дулаарч өгөхгүй, нөөцөлсөн жаахан өвс тэжээлээ дууссан зэргээс үүдээд хүндрэлтэй байдал улам даамжран үргэлжилсэн хэвээр байна. Баруун болон зүүн бүсийн зарим аймагт хаваржилт хүндэрч цаг агаар тогтворгүй, жавар нь хариагүй хүйтэн хавсарга салхи, шуургатай байгаагаас сульдаж доройтсон мал хэвтрээсээ жиндэж, хорогдол нэмэгдэж болзошгүй нь. Мал түүний дотор ямаа олноороо хээл хаяж байна.
Иймд зусаг болон тарга хүч доройтсон төллөх малыг сүргээс ялган тэжээх, ойрын бэлчээрт тусад нь хариулж маллах, хужир усаар дутаахгүй байх, хээл хамгаалах боломжит бүх аргыг хэрэглэн эрдэнэт малаа аль болох хорогдол багатайгаар хаваржуулахад бүх анхаарлаа төвлөрүүлэн ажиллацгаая.
Орон даяар мал төллөлтийн ид үе эхэллээ. Энэ жил 10-аад сая мал төллөнө. Төл хүлээн авах, бойжуулах бэлтгэлийнхээ дутууг гүйцээж, төл малд шаардлагатай нэмэгдэл тэжээл, уут нэмнээ, хужир шүү, эм тан, элгэвч хөгнө, ногт чагт гээд хэрэгцээтэй бүхний хүрэлцэхүйц нөөцийг бүрдүүлье. Хашаа хороогоо засаж, хуурай бууцтай дулаан хэвтэр, ойрын соргог бэлчээр, ус хужиртай байх нөхцлийг хангая.
Мал төллүүлэх ажилд эрвийх дэрвийхээрээ тусалцгаая, мал эмнэлэг, мал аж ахуйн мэргэжилтэнүүд төлийг элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх ажилд малчидтайгаа хамт зүтгэж, сум, багийн удирдлага хүн бүл цөөтэй айлд туслах бэлтгэл зохион байгуулалтын ажлаа жин тан болгох хэрэгтэй. Мал аж ахуйн мэргэжилтэн, сум, орон нутгийн дарга, сонгуультны малчиддаа хамгийн ойр байх, тус болох цаг чинь одоо шүү.
Сонгуулийн үеэр яаж тал засдаг билээ, түүн лүгээ адил малчдаа эргэж тойрч, нөгөө нэр дэвшигчийнхээ амлаж ярьж байсан зүйлсийг ажил хэрэг болгож, гараа сунган, сэтгэл гарган тусал.
Төлийн өсөлт торнилтыг харгалзан хөрвөжилтийн үе шат дамжуулан бойжуулдаг аргыг нутаг орны онцлог, цаг агаарын нөхцөлтэй уялдуулан хэрэглэх нь үр дүнтэй болно. Хөрвөжүүлсний дараа төлийг түргэн махлуулж, сэнсрэлтээс хамгаалах нь нэн чухал гэдгийг ахмад туршлагатай малчид зөвлөсөн хэвээр байна. Ахмадын сургаал ажил амьдралыг тэтгэх рашаан булагийн ширгэшгүй ундарга билээ.
Хаврын тэнгэр хартай гэдэг. Тэр тусмаа энэ хавар цаг агаар тогтворгүй, хавсарга шуургатай, жихүүн хүйтэн байгаа тул малчид онцгой хянуур няхуур, сонор сэрэмжтэй байцгаа. Цаг уур, хэвлэл мэдээлэл, онцгой байдлын мэргэжилтэн ажилтнууд, орон нутгийн удирдлага цаг агаарын гэнэтийн өөрчлөлт, хувирлын мэдээллийг малчдад урьдчилан хүргэж, сэрэмжлүүлэх хүндрэл тохиолдсон үед хүн хүч, машин техник, холбоо харилцаа, хоол хүнс бусад шаардагдах зүйлээр хангаж туслан, хохирлоос сэргийлэх боломжит бүх арга хэмжээг хэрэгжүүлбэл зохино.
Мал сүргээ өвчин эмгэгээс сэргийлэх, мал эрүүлжүүлэх ажилд урьд урьдаас илүү санаа тавьцгаая. Малын гоц халдварт аюулт өвчин үе үе гарах болсонд санаа зовохгүй суухын аргагүй. Гоц халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг өвчний судалгаа, эрсдлийн үнэлгээ, орон нутгийн мэргэжилтний саналд үндэслэн оновчтой төлөвлөж, сайтар зохион байгуул. Мал сүргийг халдварт болон паразит өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, туулга, угаалгад бүрэн хамруулах, ялангуяа голомттой, эрсдэлтэй орон нутагт үзлэг, эмчилгээг маш сайн хийж, хяналтыг чангатгах нь чухал. Хүний эмч хүнийг л эмчилдэг. Харин малын эмч хүн төрөлхтнийг эмчилдэг гэсэн ухаантны үгний учрыг таньж, хужрыг тунгааж байх нь малчин удамт, мах сүүн хоолт монголчуудын хувьд онцгой ач холбогдолтой сургамж шүү.
Малаа ноосолж, ямаагаа самнах цаг ойртлоо. Цаг агаарын мэдээг ойр ойрхон сонсож, салхи шуурга, цас бороогүй үед малаа ноослон, ямаагаа самнахаа бусдаар заалгах юу байхав. Самнасан ямаа цочир хүйтэн, салхи шуурга, цас бороонд осгож магадгүй тул болгоомжтой байхад илүүдэхгүй. Зах зээлийн үнэ ханшийг сайтар судлан ноолуураа аль болох үнэ хүргэж өгөхийг хичээцгээ.
Малчдыг цахилгаанжуулах, техникжүүлэх, телевизжүүлэх, холбоо мэдээллийг сайжруулах, халуун ус, ахуйн бусад үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэх гээд ярьдаг, бичдэг асуудлууд бүгд зөв зүйтэй, хийж хэрэгжүүлэх ажил мөн. Гэхдээ бүтэх, бүтэхгүй том юм хий хоосон ярьж цаг алдаж сууснаас гарын дор байгаа хийчихэж болох, нөөц бололцоогоо дайчлан хэрэгжүүлчихэж чадах зүйлсээ эхлээд ажил хэрэг болгох нь өлзийтэй. Маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушиг дээр ч гэж ярьдаг. Юуны урьд өвөлдөө зудархаж, хавартаа зүтгүү байгаа нутгийн малчдад өвс тэжээл, хужир шүү хүргэх, төлийн өвс илүүчлэх, хамгийн ойр зуурын хэрэгцээт бараа, гурил будааг нь үнэрхэж тунирхалгүй дөхүүлээд өгөх зохион байгуулалтын арга хэмжээг төв, орон нутгийн ажил хариуцсан хүмүүс даруй авч хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ яриад, сурталчлаад байгаа бичил зээлийн эх үүсвэрээсээ малчдад зээл олгох, малгүй иргэдийг малжуулах төсөл хэрэгжүүлэх, малчны хөдөлмөр хөнгөлөх хямд төсөр техник зээлээр өгөх гээд дорвитой далайцтай арга хэмжээг Засгийн газар, орон нутгийн удирдлага авбал хөдөөгийнхөнд юу юунаас илүү хэрэгтэй байна.
Сэтгэлд гал байхад зууханд аргал олдоно гэсэн өвөг дээдсийнхээ сургаалийг бишрэн дагаж хүйтэн хөрзгөр хаврыг өөдрөг сэтгэл, хөдөлмөр зүтгэлээрээ даван туулж, төлөө сайн бойжуулж, малын хорогдол багатайгаар урин дулаантай учран золгохыг малчин түмэндээ хүсэн ерөөж байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Back to top button