Ажилд орохын тулд бусдыг итгүүлэх хангалтгүй, өөрөө итгэл төрүүлэхүйц харагдах хэрэгтэй

Харин та одоо сайн бодож байгаад ирээдүйн ярилцлагын өрнөлийг төсөөлөн бодохдоо үг ярианаас илүү ойлгомжтой байдаг дохио зангааны талаар хэр их анхаарснаа хэлээрэй. Мэдээж хэрэг тун ялихгүй, бараг анхаараагүй гэхэд болно.
Боловсон хүчин хариуцсан менежертэй уулзан өөрийгөө сурталчилж байхад хөл, гар хаана байх ёстой, ярилцахдаа ийш тийш харж болох уу, үсээ ойр ойрхон янзалбал яах бол гэдэг талаар бид бараг боддоггүй.
Гэтэл 15-20 минут ярилцлаганы эхний хэдэн минут л шийдвэрлэх үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Ажилд орох хүсэлтэй хүнтэй ярилцсан эхний зургаан минутанд ярилцлага явуулж байгаа хүнд төрсөн сэтгэгдэл нь дийлэнх тохиолдолд эцсийн үр дүнг тодорхойлж өгдөг. Ингээд ч зогсохгүй энэхүү сэтгэгдэл нь тухайн хүний анкетийг сөхөж үзэхээс өмнө бүрэлдэж эхэлдэг нь бүр сонирхолтой. Нийт ярилцлагуудын 70 хувьд нь ажил орох хүсэлтэй хүнийг ам нээж амжаагүй байхаас нь өмнө ажил олгогч тухайн хүний талаар өөрийн гэсэн сэтгэгдэлтэй болчихсон байдаг гэдгээс анхны сэтгэгдэл ямаршуу чухал ач холбогдолтой нь харагдаж байна.
Сэтгэл судлаачид дохио, зангааны хэлийг судалж эхэлснээс хойш маш олон сонирхолтой зүйлийг олж мэджээ. Нүүр тулан ярилцах үед чухал үүрэг гүйцэтгэн, шаардлагатай мэдээллийг ярилцагчид хүргэж байдаг дохио зангаанууд нь үг ярианаас тоон төдийгүй чанарын давуутай байдгийг тогтоосон юм. Хүн хүнтэй уулзахад үг яриаг нь ойлгохоос гадна ухамсрын шүүлтүүрийг нь алгасан орж ирж байгаа мэдээллүүдийг тогтмол авч байдаг. Тухайлбал, бид хүний царай руу харан нүүрний өчүүхэн төдий хувирал, нүдний үл ялиг хөдөлгөөний өөрсдөө ч мэдэлгүй анзааран, тайлбарлаж байдаг. Бид хүнд За түр байж бай даа. Нүүрээ яг түрүүчийнх шигээ хувирга даа. Сайн хараад авъя. Наадах чинь юу гэсэн үг билээ гэж хэлээд анхааралтай ажигласны дараа ухамсарлан дүгнэлт гаргах боломжгүй. Тэгсэн мөртлөө ухамсрыг даван дохио зангаагаар бидэнд орж ирж байгаа тэр мэдээлэл нь ямагт үнэ цэнэтэй хэвээр байдаг. Та хүмүүст өөрийнхөө хүсч, ухамсарлаж байснаас хавьгүй их дохио явуулж, үүнтэй зэрэгцэн хүмүүсээс танд явуулж байгаа асар их мэдээллийг байнга хүлээн авч байх болно.
Дээр өгүүлсэнчлэн ажилд орох ярилцлагын үед эхний зургаан минутанд бүрдсэн сэтгэдлээс эцсийн үр дүн хамаарч байгаа нь өөрийнхөө оюун ухааны чадал, туршлага, мэргэшил зэргийг бүрэн харуулж, сурталчлан ярихад яав ч хангалтгүй. Тиймээс энэ богино хугацаанд таныг хамгийн сайн талаас нь харуулж амжих зүйл бол дохио зангаа юм. Энэ талаар тун энгийн хэдэн зөвлөгөө өгье. Тэдгээрийг ашигласнаар та дохиог зангааг өөрийг тань хүсээгүй байхад гэрэлд цохиулдаг өрсөлдөгч бус харин хамгийн сайн туслах болгох нь гарцаагүй.
Тантай ярилцах хүн орж ирэхэд суудлаасаа өндийн шаардлагатай бол инээмсэглээд өөдөөс нь тайван харж, хүнд тантай мэдлэхээр гараа өгөх боломжийг түрүүлж олгоод гар барина. Зарим эрчүүд эмэгтэй хүн түрүүлэн гараа өгөхийг хэт түрэмгий авир гаргаж байна гэж үзээд эвгүйцдэг. Эмэгтэйчүүд үүнийг бодолцож байхад илүүдэхгүй ч тухай компаний нэг төлөөлөгчөөр нь дамжуулан ерөнхий уур амьсгалыг нь шалгахын тулд өөрөө түрүүлэн гар барихаар санаачлагыг гартаа авахд буруудах зүйлгүй.
Гол төлөв ярилцлагад орж байгаа хүнд суух ёстой газрыг нь зааж өгдөг. Гэхдээ сонгох боломж байвал ярилцлага авч байгаа хүний өөдөөс нь бус харин дэргэд суухыг хичээгээрэй. Ингэвэл цаад хүн чинь таныг хэдтээ санал нийлэх хүн байна гэж үнэлж эхэлнэ. Зэргэцэн суугаа хүмүүс өөд өөдөөсөө харан суугаа хүмүүсээс илүүтэйгээр хамтран ажилладаг гэдгийг олон тооны судалгаа нотолсон байдаг. Хэт урагш тонгойж, эсвэл хэт налайлгүйгээр гараа эвтэйхэн байруулж тайван, чөлөөтэй суух хэрэгтэй. Харин сандлын түшлэгийг хойшлуулан хүний эгц өөдөөс хараа салгалгүй ширтэх нь тухайн хүнтэй ихэмсэг байдлаар хандсан хэрэг болно гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.
Сандарч, тэвдсэн байлаа ч гэсэн өөрийгөө хамгаалах, өөртөө итгэлгүй, хүний яриаг эсэхгүүцэх хүслийг илэрхийлсэн гараа энгэртээ зөрүүлэх, өвдгөө хүчтэй базлах гэх мэтийн хөдөлгөөний хийхгүй байхыг хичээ. Тэвдэх, сандал дээрээ холхих, гартаа үзэг бал эргүүлэх зэрэг нь таныг санадарч байгаа илтгэнэ. Өөрийгөө чин сэтгэлээсээ, сайн санаж ярьж байгаа гэдгийг харуулахын тулд гараа суллан, алгаа харуулж байх хэрэгтэй. Бага зэрэг биеэ барьсан байдал байх нь зүйн хэрэг тул түүнийгээ ч бас бага зэрэг харуулсан нь дээр. Чухал ярилцлагын үед ямар ч сандарч тэвдсэн байдалгүй хэт тайван байгаа хүмүүсийг өөрийгөө дөвийлгөх хандлагатай, анхаарлаа төвлөрүүлэх чадваргүй гэж хүлээн авдаг.
Ярилцлага авч байгаа хүний өөдөөс эгц харах ёстой ч нүдээрээ тайчаад, эсвэл залгих гэж байгаа мэт ширтэх хэрэггүй. Чөлөөтэй, энгийн байхыг хичээж, гөлөгнөсөн харцтай итгэл даахааргүй хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй тулд харцаа ойр ойрхон олон удаа буруулах хэрэггүй. Ийш тийш харц чулуудахыг хүмүүс мөн л хэт зальтай, итгэж болохооргүй хүний шинж гэж хүлээн авдаг. Ярианы ерөнхий өнгө төрх, уур амьсгалд тааруулж хүний үгэнд хариу өгөх хэрэгтэй бөгөөд хэт чухал царайлах эсвэл хэт задгай инээх гэх мэтээр хэтрүүлэхгүй байхыг хичээ.
Ярилцаж байгаа хүнийхээ дохио зангааг хуулбарлах толины тусгалын арга гэгчийг ашиглан өөртөө татаж болдог. Өөрөөр хэлбэл ярилцлага авч байгаа хүн гараа ширээн дээр тавибал та адилхан ширээн дээр тавих гэх мэтээр. Гэхдээ энд тун мэдрэмжтэй байх хэрэгтэй бөгөөд зөвхөн эерэг, нааштай утга дагуулсан дохио зангаа дуурайх хэрэгтэй гэдгийг мартуузай. Ярилцлага авч байгаа хүн сандлынхаа түшлэгийг налж хэн нь босс бэ гэдгийг харуулж байхад дуурайгаад сандлынхаа түшлэгийг налаад эхэлбэл хамар руу нясалсантай адилхан хэрэг болно. Мөн хүний дохио, зангаа үйл хөдлөлийн нүдэнд шууд тусахаар хэт дуурайх хэрэггүй гэдгийг анхаараарай.
Хэрэв та өөрийнхөө хувьд зарчмын гэж боддог асуудлаар санал нийлэхгүй байгаа бол дохио зангаагаа ердийнхөөс илүү харагдах, нүдэнд тусахуйц болгох хэрэгтэй ч заналхийлсэн дохио, зангаа хэрэглэх хэрэггүй.
Бас нэг анхаарууштай зүйл жижиг алдаа гаргасан нөхцөлд биеэ зөв авч явах явдал юм. Хүмүүс голдуу жижиг алдаа гаргасан үедээ улайж, уучлалт гуйн, учир нь олдохгүй зүйл амандаа бувтнаж, салагнах, барьц алдах гэх мэтээр чин сэтгэлээсээ байж чаддаггүй, итгэл даахааргүй хүн гэсэн сэтгэгдэл төрүүлэх бүх зүйлийг хийдэг. Тиймээс үнэхээр л ялихгүй алдаа гаргасан бол түүнийгээ цайруулах энэ тэр гэж хүний анхаарлыг ялихгүй зүйл рүү татах хэрэггүй.
Улмаар ярилцлагын сүүлд ажил олгогч нь таны хувьд таагүй мэдээ дуулгавал тэр хүний буруу гэхээсээ илүүтэйгээр та өөрийн үйлдэл, дохио зангаа, үг яриаг оновчтой ашиглаж чадаагүйгээс болж өөртөө итгэх итгэлээ алдаж, түүнийг чинь хүн мэдэрснээс болж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.
Ингээд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхээр өөрт байгаа бүх мэдлэгээ байлдааны бэлэн байдалд оруулахын өмнө Би итгэл даахаар хүн гэдгээ харуулж чадах уу? гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Таны хэлсэн ямар ч ухаалаг үг, хэллэг байсан дохио зангаа, харц, биеийн хөдөлгөөн гэх мэтийн зан үйлийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдээс зөрөх л юм бол ярилцаж байгаа хүний сэтгэлд нийцэж чадахгүй гэдгийг анхаараарай. Та зүгээр нэг бусдыг итгүүлэх төдий бус харин өөрөө итгэл төрүүлэхүйц харагдаж байх хэрэгтэй. Тиймээс та үг яриагаа, үйл хөдлөл дохио зангаатайгаа дээд зэргээр хослуулж чадвал амжилтанд хүрнэ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button