Орчин үеийн Ромео Жульетта буюу мөнхийн хайр хаа байна
Энэ мэт эцэс төгсгөлгүй маргаан залуусын дунд өрнөнө. Английн суут зохиолч, эмгэнэлт жүжгийн хаан В.Шекспирийн *Ромео Жульетта хоёр* үнэхээр л мөнхийн хайр хайр хайр хайр… Өөр хэлэх ч үг алга.
Өстөнүүдийн хүүхдүүд үйл лайгаар бие биендээ дурласан хэдий ч өнгө хуурамч хорвоогоос хагацах хүртлээ хоёр биедээ өгсөн хайраа шүтсээр төгсөх нь гунигтай. Тиймээ энэ хайрыг л мөнхийн гэж хэлэхгүй юм бол өөр юуг би мөнхийн гэж хэлэх билээ. Хэдэн мянганыг дамжин яах аргагүй хайраа шив шинэхэнээр нь хадгалж чадсан байна.
-Тэднийг тэгээд заавал үхүүлж байдаг…
-Энэ чинь зохиол шүү дээ
-Yгүй шүү. Зохиол гэдэг чинь амьдралаас улбаатай.
Дахиад л маргаж эхлэх нь. Хэрэв зохиолч баатруудаа дарданаар биш юм аа гэхэд ямар нэг байдлаар амьдруулах шийдэл төрсөн бол мөнхийн хайрын жүжиг маань эмгэнэлт биш аз жаргалтай төгсгөлтэй болох болов уу? Оролдоод үзье.
…Дурлал хайрын золиос болж нарт хорвоог орхин одохоор нэг нь хор ууж, нөгөө нь буу авч… стоп стоп. Зогсоорой үхэл тийм ч ялдам зүйл биш шүү. Би цааш нь үргэлжлүүлье.
Тэр хор биш кола байж, нөгөө хутга нь ишрүүгээ орчихдог циркийн хутга байжээ. Мэдээж хоёул эсэн мэнд энх тунх тэврэлдээд л үнсэлцээд л… Тохирлцсон ёсоор бүх юм жин тан болж хоёр хосууд орголоо. Хуримаа хийсэн хоёр маань хошуу байтугайгаа холбож хаана ч юм дажгүй сайхан байшинд амьдарваа. Эхний хэдэн жил ч хонгор минь шувуухай минь, хайрт минь гээд л сайхаан сайхан. Гэтэл гэр дотор амьдралын аар саар бэрхшээлүүд ундарсаар, энхийн замаар шийдвэрлэхэд хүндрэл гарч эхэллээ. Ардчиллын салхи ч хүчтэй сэвэлзээд үе үе аяга таваг хага шидлэн хуй болж босоод ээлж ээлжээр төрийн эргэлт гаргамой. Мартагдсан түүх сөхөгдөж манай Монтекки, танай Капуллетийнхан гэсэн лоозон… Энэ мэт амьдралын дов сондуулд бүдэрнэ бүр өвдгөө шалбалж хорсгоно гээч. Удалгүй тэдний хайр дурлалын бяцхан гэрч болсон Ромео Жульеттанууд мэндэлсээр. Бөөн баяр бөөн жаргал бөөн хариуцлага, бөөн зовлон…
Жульетта хүүхдүүддээ санаа тавих нь ихсэж Ромео шоовдор жаал мэт ажил гэрийн хооронд гэлдэрнэ. Энэ үед юу эсийг бодох билээ. Уур уцаартай эхнэр, уйлж чарлах хүүхдүүд, унд хоол, хувцас хунар, мөнгө… Хажуугаар нь хааяа хааяа ажлын нөхөдтэйгээ нийлж зуу татах, тэдний үнэн худал яриа, шургуунд толгой эргэнэ. Тас үсэрнэ.
Гэтэл энэ үед эр хүний нүдэнд эрвээхий суухыг хүлээсэн цэцэг харагдаж, хорвоод бас ийм сайхан цэцэг байдаг аа, би мөн сохор юм аа гэж дуу алдана. Хөл алдана. Ингээд Жульетта толгойноос арчигдаж зүрхний ховдлын харанхуй буланд дурсамж төдий жийгдвээ. Давсгүй бантан шиг амьдрал дундаа хэдэн хүүхдээ тэвэрсэн тэрбээр өрх толгойлсон эхийн тоог нэгээр нэмж хавийн харчуулд ээрүүлж *нуудгай* болон хоцровоо хөөрхий. Харин нөгөө баатар маань энэ үед эрх чөлөө ханхлуулсаар хэний охин өсөж вэ, хэний айраг исэж вэ хэмээн жирийлгэж явсаар ойчих биз…
За за эрхэм уншигч та намайг өршөө. Эмгэнэлт жүжгийг засах гэсэн биш бүр элэг эмтрэм жүжиг болгочихлоо. Өөрөө үүнээсээ айсандаа дотор хачин болчихлоо байз.
Магадгүй Ромео ноён нуруутай жинхэнэ эр хүн шиг, Жульетта халамжит гэргий шиг байвал хаанаас ийм юм болох билээ. Ариун хайр ийм хямдахан байж болохгүй бөлгөө. Тийм ч учраас өнөөгийн зарим залуусын амьдралын төрхийг сэрэмжлүүлэг болгох зорилгоор нуршлаа. Гэхдээ бид ганцхан олдох амьдралдаа мөнхийн хайрыг бий болгохгүй юм бол амьд явсаны хэрэг юусан билээ. Дор бүрээ амьдралаа цэгнэж ариун хайраа дээдэлж нэгэн найрагчийн шүлгээр энэхүү бичиглэлээ өндөрлөе.
Тоост энэ хорвоо дээр дурлал хайр үгүйсэн бол
Тоож би мэндлэхгүй байсан…
Мөнхийн хайр таныг ивээг.
/Olloo.mn/ Болодын Мөнхдөл