Ардчиллын тэр хэцүү үед Амьд мэнд ирлээ гэж баярладаг байлаа
-Ойрын хэдэн жил тантай уулзсангүй. Одоо ямар ажил эрхэлж байна вэ?
-Энэ хэдэн жил бусдын адил чимээгүйхэн мөрөөрөө л амьдраад явж байна. Одоо би уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төвд ажилладаг. Хүүхдүүд маань өсч том болоод тус тусдаа амьдралаа хөөгөөд яахав дээ жирийн нэг амьдарч байна.
-Мэдээж тантай уулзсаных Дашбалбар агсны тухай ярилцалгүй өнгөрч чадахгүй нь. Тэгэхээр та хоёрын анх танилцаж учирч байсан тэр сайхан үеийн дурсамжаас тань хуваалцая гэж бодож байна?
-Би ч гэсэн сайхан ханийнхаа тухай дурсахгүй өнгөрч чадахгүй нь. Бид хоёр угаасаа нэг аймгийн нэг сумын хүмүүс. Намайг Дорноговьд АУДуС-ийг төгсөж ирээд аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт сувилагчаар ажиллаж байхад миний хань Омскийн ТМС төгсөөд ирчихсэн байсан. Бид наймдугаар ангиасаа сургууль аваад явчихсан байсан болохоор оройгоор ес, аравдугаар ангид сурна. Бид хоёр оройн ангид хамт сурч байлаа. Тэгээд ч багаас нь таньдаг байсан болохоор нэг ширээнд хамт сууж, орой хичээл тарахаар намайг хүргэж өгөөд л. Тэгж явсаар нэг мэдэхэд дотно болчихсон. Тэр үед манай талийгаач Нэгдэл дундын үйлдвэрт амралтын зохион байгуулагчаар ажилладаг байлаа. 1973 онд бид хоёр тэгж танилцаад удаагүй байхад шинэ жил боллоо. 31-ний орой намайг шөнийн ээлжинд гарч байсан чинь талийгаач маань ирээд л бэлэг өгсөн. Би хажууд нь задалж үзэлтэй биш. Явуулчихаад ороод үзсэн чинь улбар шар өнгөтэй Оросын нөмөрдөг торон алчуур бас нэг шахмал пудртэй өгч билээ. Тэр алчуур их ховор ёстой л моодонд орж байсан болохоор их баярласан. Талийгаач маань шүлэг бичдэг байсан болоод ч тэр үү анх надад өгсөн захиа нь их л гоё үгтэй байж билээ. Нэг тэмдэглэлийн дэвтэртэй түүн дээрээ нэг их юм бичиж чадахгүй буцаагаад л өгнө. Намайг хүргэж өгөхөд нь би гэрээ үнэнээр нь зааж өгөхгүй өөр хашааны өмнө оччихоод л явуулчихдаг байсан чинь яагаад ч юм мэдчихсэн байсан. Гэтэл нэг өдөр аавтайгаа ороод ирлээ. Би ч гайхаад бас ичээд гараад явчихсан. Тэгтэл хадаг сүй тавьж намар гэр орон төхөөрч хурим хийнэ гэчихээд л яваад өгсөн байсан. Тэгээд намар нь Нарын сумын Нарангийн энгэрт гэрээ бариад хуримаа хийгээд хичээн ч өдөр найрласан юм бэ дээ. Анх бид хоёр тэгж л нэгэн гэрт орж байсан даа. Хуримаа хийчихээд аймаг руугаа орж ирээд хойтон нь охинтой болсон. Охин маань төрөх үед хань минь хот руу номоо хэвлүүлнэ гээд явчихсан эзгүй. Намайг төрснийг манай ангийн охиноос сонсчихоод шууд л давхиад ирсэн. Гэртээ ороод ирэхэд нь манай хадам аав, ээж хоёр Хүүхэд чинь хойд орон дээр өлгийтэй байна, хүүхдээ ав гэсэн чинь их л эвгүй санагдаад, тэврээд үзсэн чинь их л хөөрхөн санагдаж байсан гэж хожмоо өөрөө дурсан ярьдаг юм. Том охиноо намайг анх аав гэж дуудсан, миний анхны үр гээд ёстой сайн. Бүр охиндоо зориулаад Мөнгөндалай гэдэг шүлэг хүртэл бичиж байсан.
-Гал голомтоо асаан үр хүүхэдтэй болоход их л сайхан байсан нь мэдээж. Хамгийн сайхан мөчөө эргээд нэг дурсвал ямар вэ?
-Мэдээж бидэнд олон сайхан дурсамж байгаа л даа. Яаж бүгдийг нь тоочих вэ дээ. Хоёр жилийн дараа бид хүүтэй болсон. Хүүтэй болсноо сонсоод хань маань миний хүү ертөнцийн талыг эзэгнэсэн тийм хүү болно гэдэг байлаа. Тэгээд ч бид хоёр Энэтхэгт очиж Ганга мөрний уснаас хүртлээ. Ер нь сайхан аз жаргалтай үеүд олон байгаа. Хоёр охин, нэг хүүтэй болсон. Хүүхэдтэй болж аав, ээж хэмээн дуудуулах тэр мөч чинь хамгийн сайхан үе шүү дээ.
-Хүүгээ дэлхийн талыг эзэлсэн хүн болно гэж хэлсэн нь ямар учиртай юм бол. Одоо хүү чинь хаана юу хийж байна вэ?
-Хүү минь багаасаа лам болно, шашны ухааныг судлана хэмээн хүсч тэр хүсэл мөрөөдлийнхөө дагуу арван настай байхдаа Энэтхэг улс руу явж ном үзэж сургуульд суралцсан. Хүмүүс та хоёр чинь яасан бөх зүрхтэй юм бэ. Өдий жаахан ганц хүүгээ тийм хол хүний нутаг руу явууллаа гэж л байсан. Хоёр жилийн дараа эргээд очиход их том болчихсон, их ч юм сурчихсан биеэ даасан хүн болчихсон байж билээ. Гэрээ их л санадаг байсан байх даа. Хүү минь тэнд очиж дөрвөн жил суралцсан нь асар их мэдлэг боловсрол, хүмүүжлийг өгсөн гэж боддог. Гэхдээ хүү минь лам болоогүй л дээ. Аав нь улс төрд орсноос хойш их ч гүтгүүлж их адлагдсан. Тэгээд ч талийгаач минь хүүгээ хуулийн мэргэжил эзэмш гэснийх нь дагуу хүү маань хуулийн сургуульд суралцаж одоо ч Японд эхнэр хүүхдийнхээ хамт мэргэжлээрээ үргэлжлүүлэн суралцаж байгаа.
-Уран бүтээлчид гэр бүлдээ цаг зав гаргахаасаа илүү үзэг цаасаа бариад суучих нь элбэг. Ер нь гэр бүлдээ хэр зав гаргадаг байсан бэ?
-Зохиолч, яруу найрагчид уран бүтээлдээ илүү цаг гаргадаг нь үнэн л дээ. Гэхдээ манай хүн биднээс тийм ч хол хөндий байгаагүй. Хагас бүтэн сайнд намайг бас хүүхдүүдээ огт босгохгүй. Өглөө эрт босоод хийцтэй цай, нэг их сайхан гурилтай хоол хийчихсэн бидний бүтэн долоо хоногийн ядаргааг тайлтал сайхан дайлна. УИХ-д байхдаа ч гэсэн амралтын өдөр цай хоол хийхээ барагтай л бол мартахгүй. Манай хүүхдүүд бүр амралтын өдөр болохыг тэсч ядан хүлээдэг байсан. Аавынхаа гарын хоолыг идэх гэж тэр ш дээ. Одоо ч гэсэн хүүхдүүд минь аавынхаа цай хоолыг их ярьдаг шүү. Шөнө шүлгээ бичээд суучихна. Миний ч нойр хүрэхгүй. Жаахан байж байгаад л унтсан уу гээд асууна. Тэгснээ би бичсэн шүлгээ уншаад өгөх үү гээд шүлгээ надад уншиж өгнө. Шүлгээ уншчихаад аяга кофе ууна. Бид хоёр ингээд л шөнийг өнгөрүүлнэ. Намайг унтаж амраач өдөр нь эмнэлэг дээр ажиллана, шөнөд нь намайг сахиад унтахгүй ядарчихна гээд их л халамжтай. Миний ханийг манай ээж таван хүргэн дундаасаа хамгийн халамжтай сайн хүргэн гээд их сайн. Их зөөлөн сэтгэлтэй хүн шүү дээ. Намайг өвдөхөөр их сандарч эм тан болоод гүйчихнэ.
-Ханиа улс төр рүү ороход нь танд ямар сэтгэгдэл төрж байв. Дотроо ямар бодолтой байсан бэ?
-Улс төр тун хатуу айхтар алба. Гэхдээ улс орныхоо төлөө би дуугарах ёстой. Дуугарахгүй бөөрөнхийлөөд байвал энэ улс орон, газар нутаг, үр хүүхдүүдийн минь ирээдүй яах юм гэдэг байсан болохоор би дотроо дэмждэг байсан. Ер нь ардчиллын шилжилтийн үе байсан болохоор тэр үү их л хэцүү байсан. Энд тэнд жагсаал цуглаан зохион байгуулна, сонин хэвлэлээр ч янз янзын юм ярина. Би тэгэхэд их л айдаг байсан. Орой ороод ирэхээр нь энэ маань амьд мэнд ороод ирлээ гэж тайвширч баярладаг байлаа. Утсаар элдвээр ярьж доромжилно, гадуур явахаар нь заналхийлнэ. Ер нь их хэцүү байсан л даа. Хүүхдүүдийнхээ боловсролд их анхаарна. Эд баялаг, хөрөнгө мөнгөнөөс илүү сургуульд сургахыг илүүд үздэг байсан болохоор хүүхдүүд нь бүгд 2-3 дээд сургууль төгсч төгс боловсрол эзэмшсэн. Ханийг минь хүмүүс элдвээр хэлэхэд дотроо их л эмзэглэдэг байлаа. Гэвч түүнээ би огтхон ч ил гаргадаггүй байсан юм.
-Ингэхэд танай хүүхдүүдээс аавынхаа авьяасыг өвлөсөн бичгийн хүн байгаа юу?
-Том охин Мөнгөндалай сэтгүүлч. Аав, ээжийнхээ тухай ном бичиж үлдээнэ гэдэг л юм. Бага охин маань загвар өмсөгч. Хүү, охин хоёр минь бас хөөрхөн шүлэг бичнэ. Даанч аавынхаа энд хүрэхгүй болохоороо ичдэг юм шиг байгаа юм. Бага охин Дэжидмаа саяхан талийгаачийн дотны найз Мэнд-Ооёогийн хүүтэй гэр бүл болсон. Одоо Японд байгаа. Мэнд-Ооёо миний хань хоёр ах дүүгийн барилдлагатай найзууд. Одоо худ ураг ч болчихлоо.
-Талийгаачийн уран бүтээлийн, улстөрийн олон найзуудтай өдгөө хэр дотно байдаг вэ?
-Ер нь бид аль алинтай нь их дотно сайхан найзууд. Гэр гэртээ ирж очилцоно. Утга зохиолын найз нөхөд нь дэмжсэнээр талийгаачийн таван боть номыг гаргачихсан ш дээ. Үлдсэн таван боть номыг хүү маань сургуулиа төгссөний дараа эмхэтгэж гаргана гэж байгаа.
-Талийгаачийг нас барахад нь хүмүүс янз бүрээр таамаг дэвшүүлж байсан. Хүнд хорлогдсон гэсэн ярианд та ямар бодолтой явдаг вэ?
-Үнэнийг хэлэхэд би энэ тухай сайн мэдэхгүй байна. Хүмүүс янз бүрээр яриад л байсан. Шинжилгээгээр батлагдаагүй болохоор би энэ тухай элдвийг яримааргүй байна.
-Ингэхэд танай гэрт талийгаачаас үлдсэн хамгийн үнэтэй зүйл юу байдаг вэ?
-Талийгаачаас үлдсэн маш их ном байгаа. Тэр хэдэн номыг би бүрэн бүтэн хүүхдүүдэд нь хүлээлгэж өгнө гэж их хайрлана. Дээр нь ханийн минь зурсан зургууд нь одоо болтол гэрээр дүүрэн өлгөөтэй байдаг. Өөрийн гэрээ ч, хүргэний гэрээ ч гэсэн зургаар дүүргэж үзэсгэлэн шиг болгоно гэж ярьдаг байсан юм. Хамгийн үнэтэй нь зураг, ном хоёр л байна даа.
-Уран бүтээлч хүмүүс хамгийн хайртай хүндээ илүү ихийг зориулдаг. Танд зориулсан нэг сайхан дөрвөн мөртийг хэлэхгүй юу?
-Бичиж үлдээгээгүй, хэлж үлдээсэн нэг гоё шүлэг байдаг юм.
-Зулын гол шиг
Зулзаган хус шиг
Гэрэлтэйхэн гэгээтэйхэн гэргий минь
Гуниггүй залуухан
Гутаагүй ариухан хань минь, хайр минь гэж. Хань минь намайг Амура гэж дууддаг байсан. Энэ нь хайрын тэнгэр бурхан гэсэн утгатай, чи миний хайрын бурхан ш дээ гэж хэлдэг байлаа. Олон ч тэмдэглэлийн дэвтэртээ энэ тухай бичсэн байдаг. Хойно сурч байхдаа шуудан бүрээр бид дөрөвт захиа бичнэ. Ханиа тэнд сурч байсан зургаан жил би тэр захидлуудыг нь уншаад л түүгээрээ сэтгэлийн тэнхээ авч амьдарч байсан даа.
-Халтар, Оюуханд хоёртой та ямар харьцаатай байдаг вэ. Уулздаг уу?
-Бид огт уулздаггүй ш дээ. Тэд чинь өөрсдийгөө манай хүний эхнэр нь гэж нэрлээд байдаг юм билээ. Би эхнэр нь гэж мэдэхгүй юм байна. Албан ёсны гэргий, хань нь би л юмсан. Талийгаач маань надаар л эхэлж надаар л төгссөн шүү дээ. Яахав дээ энэ хоёр бүсгүйг би үгүйсгэхгүй. Олон сайхан уран бүтээл хийхэд нь тэр хоёрын гоо сайхан нөлөөлсөн гэдгийг ч би хүлээн зөвшөөрдөг.
/ 2005/03.Монголчуудын амьдрал/
/