Монгол Улс дөрвөн аймагтай байх уу гэдгийг ард нийтээр шийднэ.
Монгол улсын Ерөнхийлөгчид танилцуулахад бэлэн болоод байгаа төслөөр Монгол Улс дөрвөн аймаг, 61 хушуутай байх юм. Ингэснээр одоогийн 21 аймаг, 330 гаруй суманд хуваарилагдаж байгаа төсөв ихээхэн хэмнэгдэж, төрийн албаны ачаалал хөнгөрөх юм. Санал болгож буй шинэ хуваарилалт нь 1921 оноос өмнө байсан засаг захиргааны хуваарилалтад үндсэндээ тулгуурласан. Аймгуудыг Сайн ноён хан, Түшээт хан, Цэцэн хан, Алтай хан хэмээн нэрийдэх бөгөөд одоогийн зургаагаас долоон сумыг нэгтгэн нэг хошуу болгох юм.
Ерөнхий сайд Ц.Элбэгдоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн шинэ хуваарийн газрын зургийг маш олон удаа үйлдэж байж эцсийн хувилбар дээр санал нэгдээд байгаа аж. Ерөнхийлөгчид танилцуулсаны дараа олон нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа юм. Олон нийтийг санал авалгүйгээр шууд УИХ-д оруулах нөхцөлд 76 гишүүний жалга довны үзэл хүчтэй илэрч ажлын хэсгийхний эцсийн хувилбарыг эвдэх магадлалтай хэмээн болгоомжилж байна.
Засаг захирггаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэ хуваарилалт нь нийгэм, эдийн засаг, байгаль орчин, уламжлал, түүх соёлын хувьд ч өнөөгийн мөрдөж байгаа хуваарилалтаас хавьгүй оновчтой гэж ажлын хэсгийнхэн үзэж байна.
А.Чандмань
2005.03.30,Ардын эрх