61-ийн бүлгийн дотоод зөрчил туйлдаа хүрчээ
Анхлан тэднийг бүлэгтээ авахдаа Манай нам ард түмний хийсэн хаан сонголтыг хүндэтгэж үзсэн гэсэн РR-ыг хийнэ гэж тооцоолсон байна. Энэ төлөвлөгөөг намын экс ерөнхий нарийн бичгийн дарга Д.Идэвхтэн, намын дарга Н.Энхбаяр нар боловсруулжээ. Бас нөгөө талаас нь бодож үзвэл бусад намууд МАХН-ын үзэл баримтлалд автаж хүслээрээ дагаж байна гэсэн ойлголтыг ч төрүүлж болохоор байлаа. Ялангуяа өрсөлдөгч гол хүчний гишүүд ийм шийдэл хийсэн нь МАХН-ын хувьд улс төрийн ялалт гэж үнэлж байлаа.
Харин одоо байдал санаанд оромгүйгээр эргэх магадлалтай болоод байна.
Саяхан манайдаа нэртэй судалгааны нэгэн байгууллага намуудаас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал бүхий хүмүүсийг ард түмэн хэрхэн хүлээн авч байгаа талаар судалгаа хийжээ. Гэтэл МАХН-ын дарга Н.Энхбаяр хамгийн бага рейтингтэй гарсан байна. Үүнээс хүчтэй цохилт авсан намынхан нь судалгааны дүнг олон нийтэд цацахгүй байх бүх л арга хэмжээг тун яаралтай авчээ. Ингээд хуулийн хугацаа хүчин төгөлдөр болчихсон энэ сонгуульд хэрхэн оролцох нь тэдний хувьд шүдний өвчин болон хувирав.
Н.Энхбаярын рейтинг унах болсон шалтгаан нь 61-ийн бүлгээс үүдэлтэй аж. Тодруулж хэлбэл энэ бүлгийг МАХН-ын жирийн гишүүд дэмжигчид огт хүлээн авсангүй. Баталгаа нь судалгааны дүн болов. Хагас сарын өмнө хуралдсан Удирдах зөвлөлийн хуралдааны үеэрээ С.Баяр Таныг нэр дэвших юм бол энэ нам чинь сүйд болох нь байна гэсэн үгийн учиг ийн тайлагдаж эхлэв. Одоо МАХН дотор С.Баяр ба бусад гэсэн тоглолт ид явагдаж байна гэнэ. Хаврын чуулганы үеэр 61-ийн бүлгийг задлах, урвагчдыг түлхэн зайлуулах арга хэмжээг нэн яаралтай явуулж намын нэрээ цэвэрлэж авахгүй бол Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах нь байна шүү гэж ноён С.Баяр намдаа анхааруулжээ. Түүний хувьд Засгийн газрыг урвагчдын дэмжлэгтэйгээр бариад байх сонирхол огт байхгүй. С.Баяр бол сонгуулийн авъяаслаг менежер. Түүний удирдсан сонгууль ялалтаар төгсдөг гэдгийг сүүлийн хоёр удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нотолсон. Харин энэ жилийн сонгууль эргэлзээ төрүүлэх болоод байгаа аж. Гэвч одоогоор намын удирдлага бараг түүний мэдэлд шилжчихээд байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн УИХ-ын сонгуулиар намаа ялагдалд хүргэсэн бас МАХН-ын хувьд хар түүх болон үлдэх 61-ийн бүлэг гэгчийг бий болгосон Н.Энхбаяртай хариуцлага тооцохыг санал болгож байгаа аж. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй авч үлдэх нь түүнд ногдох шийтгэл болж магадгүй байна.
Нөгөө талаас 61-ийн бүлэг задрах шалтгаан нь ардчилсан намаас орсон 19 гишүүний зарим нь эргэлзэж эхэлсэнтэй холбоотой аж. Намын гишүүдээсээ ирэх хүчтэй шүүмжлэлийг ухаарчихсандаа ч учир нь байгаа биш гэнэ. Тэд МАХН-ын бүлэг дотор хатуу сэтгэлтэй хойд эхийн гар харсан жаал шиг л байдаг аж. Бүлгийн хаалттай хуралдаан болон даргатайгаа уулзах үеэр тэдгээр гишүүдийн санал, хэлэх үг хаданд хашгирсан цуурай мэт болдог гэнэ. Энэ тухайгаа тэдний зарим М.Энхсайхан болон тэдний фракцын зарим нөхөдтэй уулзах үеэрээ гомдоллосон аж. Хэрвээ уг бүлгээс гарчихвал урьд өмнө нь эдэлж байсан эрх дархаа хэвээр нь эдлэх баталгааг ч шаардсан сурагтай. Бас МАХН-ын бүлэгт ороход Ерөнхий сайдын зүгээс шахалт үзүүлсэн хэмээн муриж ч байгаа гэнэ.
Ийнхүү сүр дуулиан хэрүүл шуугиан араасаа дагуулсан 61-ийн бүлгийн дотоод нягтрал алга болжээ. Угаасаа ч байгаагүй бололтой. Одоо жаахан л хүчлэх юм бол зад татагдахад бэлэн болсон байна. С.Баяр болон МАХН-ын жирийн гишүүдийн дэмжлэгтэйгээр Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон 19 гишүүн парламентад лааз өшиглөж мэдэхээр болжээ.
Л.Мөнхбаясгалан
/Ардын эрх 2005-03-30/