Урлагийнхнаас хэн хэн Солонгос явах вэ?
Нэг баг болж, нэг буудалд тухлах урлагийн галд Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Б.Жавзандулам, Ц.Түвшинтөгс, У.Далантай болон концертмейстр Б.Солонго, утсан хөгжмийн дөрвөл багтжээ. Мөн Морин хуурын чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ, Түмэн эх чуулгын 10 бүжигчин явах аж. БНСУ-ын Намъяанжу хотод жилийн гэрээтэй ажиллаж буй Түмэн эх чуулгын 15 уран бүтээлч тэднийг Сөүлд тосон нэгдэх гэнэ. Урлагийнхныг нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Ц.Пүрэвхүү ахлаж буй бөгөөд ДБЭТ-ын захирал Б.Сэргэлэн, Улсын филармонийн дарга Даваасүрэн, Соёлын төв өргөөний дарга Байгалмаа нар явах юм. Тэд өчигдөр цуглаж тоглолтын найруулгаа тохирч, ямар ямар уран бүтээлээ солонгосчуудад сонирхуулахаа бэлтгэсэн байна.
Манай уран бүтээлчид жил бүрийн хавар Сөүлд болдог Hi Seoul наадмын нээлтэд оролцохоос гадна Гуанжин дүүргийн Соёлын төвд хаалтын тоглолт хийх аж. Эл үеэр монгол зураач, гэрэл зурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргана.
Мөн ирэх сарын 20-23-нд болох Улаанбаатар II кино наадамд түрүүлсэн киног сөүлийнхэнд үзүүлэх гэнэ.
Г.ЭНХЭЭ
(өнөөдөр 2005-03-31 076)