Б.ЖАРГАЛСАЙХАН МАХН Н.Энхбаяр гэдэг ганцхан гишүүнтэй
БНН-ын бага хурлын танхимаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэсэн овогтой болоод гарч ирэх үед нь Б.Жаргалсайхантай уулзаж ярилцав.
-БНН сонгуульд оролцох нь нэгэнт тодорхой боллоо. Чухам ямар байр сууринаас энэ сонгуульд оролцох бодолтой байна вэ?
-Сонгуулийг далимдуулан нийгэмд болж байгаа гол том асуудлуудыг хөндөн тавина. Ажилгүйдэл, ядуурал, улс орны тусгаар тогтнол, хүнсний болон эдийн засгийн аюулгүй байдал гээд болж байгаа юм ер алга. Энэ алдааг засч залруулахын төлөө Ерөнхийлөгчийн сонгуульд БНН оролцож байгаа. Улс төрийн хоёр том хүчин 15 жил ээлжлэн төр барилаа. Тэглээ гээд байдал дээрдсэнгүй. Үндэсний аж үйлдвэр уналтад орж, эдийн засгийн гол гол салбаруудаа гаднынханд алдлаа. Энэчлэн нийгэм, улс төрд бий болсон олон завхралыг цэгцлэх, төрийн албан хаагчдын ёс зүй, амьдралын баталгааг дээшлүүлэхийг зорилго болгон ажиллах болно.
-УИХ-д 62-ийн бүлэг бий болсноор тус бүлэгт багтаагуй бусад гишүүд хэн ч биш болж хувирсан. Үүнийг та хэр мэдэрч байна?
-Ер нь УИХ-д олонх болсон нь цөөнхөө хүндэтгэдэггүй, асуудлыг хүч түрэн шийддэг уламжлалтай болчихсон юм билээ. Гэхдээ УИХ-аар бүх юм хязгаарлагдахгүй. Тэмцлийн олон арга байгаа.
-Улс төрийн өнөөгийн нехцел байдал урьд байгаагүй шилжилтийн гэмээр үеийг туулж байна. Энэ талаар парламентад суудалтай намын даргын хувьд та ямар бодолтой явдаг вэ?
-Улс төр хэрүүлтэй, маргаантай, тэмцэл, зөрчил, хуйвалдаантай нэг юм явж л байна. Хамгийн гол нь улс төрийн энэ нөхцөл байдлаас шалтгаалан нийгмийн амьдрал, хүн амын амьжиргаа, орлого, цалинд нааштай өөрчлөлт гарахгүй байгааг бид бүгд харж байна. Цаашдаа ч байдал дээрдэхгүй нь тодорхой. МАХН, АН-ын том том, сайхан амлалтууд сонгуулийн үсэр булт үсэрсэнтэйгээ адил биелэхгүй гэдэг нь одоо нэгэнт ойлгомжтой боллоо.
-БНН байгуулагдсанаас хойш 15 жил өнгөрлөө. Гэтэл ганц хүний нам юм шиг ойлголт байгаад байдаг. Жаргалсайханаас өөр урдаа барих модгүй гэж хэлж болно. Намынхаа залгамж халааг, лидерийг хэрхэн бэлтгэх талаар боддог уу, эсвэл та ганцаарчлан тоглоод байх сонирхолтой хүн үү?
-Яалаа гэж дээ. Ер нь Америк зэрэг ардчилал хөгжсөн оронд гишүүнчлэлийн асуудал байдаггүй, намууд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлж, олонхийн дэмжлэг авсан нь засаг төрөө барьдаг. БНН-ын хувьд яг энэ жишгээр дэмжигчдийн саналыг илүү авах сонирхолтойгоор ажилладаг. Намын лидер, халаагаа ч бэлтгэж байгаа.
-БНН гэхээр л Жаргалсайхан, УИХ-д суудалтай ганц гишүүн нь ч Жаргалсайхан. Дарга нь ч бас Жаргалсайхан. Нэг хуний нам юм биш үү?
-МАХН ч гэсэн Энхбаяр гэсэн ганцхан гишүүнтэй. Тэднийд өөр хэн байгаа юм, хэл л дээ. Харин ч манай намын бага хуралд хот, хөдөөгийнхөн ямар ч хяналтгүй сайн дураараа оролцож, хэн дуртай нь үгээ хэлж, үзэл бодлын индэр чөлөөтэй ажиллаж байгааг саяын хурлаас хэвлэлийнхэн харсан байх.
-2004 оны УИХ-ын сонгуульд БНН МАХН-ын нэг жигүүр болж өрсөлдөнө гэсэн хандлага цухалзаж байсан. Үнэхээр ийм тохиролцоо байсан уу?
-Ер нь АН, МАХН хоёр манай гайгүй сэхээтнүүдийг дандаа өмчирхөн, өрсөн булаацалддаг. Өөрсөдтэй нь нийлээгүй бол нөгөө талынхантайгаа харддаг. Янз бүрийн гүтгэлэг, хардлага тараадаг. БНН ямар МАХН-ын өмч юм уу, АН-ынх ч бас биш. Бид зөв зүйтэйг нь нам харгалзахгүй дэмжиж, бурууг нь шүүмжилдэг. Үүнийг ч ард түмэн мэднэ.
-Таныт Энхбаярын хүн гэж улс төрийн хүрээнийхэн тодотгохыг олонтаа сонссон. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд БНН ялах нь чухал биш, Энхбаярын өрсөлдөгчдийн саналаас хуваалцах, олны анхаарлыг сарниулах зорилготой гэсэн мэдээлэл бас бий?
-Миний аавыг Энхбаяр гэдэггүй, Базарсад гэдэг. Ер ньби Энхбаяртай нийлээд яачихсан юм. Тэр хүн тиим муу биш удирдагч гэдэг нь үнэн. Гэхдээ би эцэгтэй эхтэй, эх оронтой хүн шүү. Сонгуулийн үсэр намайг МАХН-тай нэгдэх гэж байна, хамтрах гэж байна гээд л шуугиад байсан. Эх орон-Ардчилал эвсэлд ороогүйн төлөө гаргасан гүтгэлэг шүү дээ. Одоо тэгээд хар. Хэн нь МАХН-д орчихоод байна? Би биш, АН, МАХН-ын бүлэгт нэгдээ биз дээ.
-Энхбаяр та хоёрын дунд тохиролцоо байхгүй гэсэн үг үү?
-Үгүй дээ, Энхбаярт албан тушаал багадаагүй. Надад бол багадаж байгаа. Үнэхээр би-Ерөн-хийлөгч шиг эрх мэдэлтэй болчих юм бол улс орноо хөгжүүлэхсэн гэж санаж, зорьж явна.
-Аль нэгэн намаас сонгуульд хамтран оролцох санал тавьсан уу?
-Одоохондоо тиим санал ирээгүй байна.
-Хэрэв ирвэл яах вэ?
-Түүхийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэр гаргана. Хэрэгжүүлж болох санал уу, үгүй юу гэдгийг харж байж болно.
-Ингэхэд та яагаад улс төрд хэл тавьсан юм бэ? Буян компанийн ерөнхий захирлын алба хангалтгүй байсан гэж үү? Ер нь танд юу дутаад ингэж улс төржих болов?
-Би өөртөө тодорхой хэмжээний хөрөнгийг бий болгосон. Энэ надад хангалттай л даа. Гэхдээ өөрийн бизнесийн ухаан, туршлагаас ард түмэнтэйгээ хуваалцахыг хүсч байна. Нэг компанийг өндийлгөж болсон юм, улс орноо бас улсын дайтай болгохыг зорьсон.
-Заавал төрийн албан тушаалд хүрэлгүйгээр үүнийг хийж болохгүй гэж үү?
-Төргүй юм гэж байхгүй. Төр ямар бизнесийн орчин бий болгож байна, түүгээр л бизнес хөгжинө, улс орон урагшилна. Бизнесийн зөв орчин, эдийн засгийн эрүүл нөхцөл байдал бий болохыг хүлээгээд, хэн нэг нь энэ завхралыг арилгана гэж найдаад суугаад байвал өөр хэн хийх юм бэ?
-Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэхдээ та бусад улс төрийн хүчнүүдээс өөрийн чинь зүг шидлэх бөмбөгийг тооцоолсон л байх?
-Мэдээж, нэгдүгээрт, Марубенийн асуудлыг босгож тавина. Засгийн газрыг өрөнд оруулсан гээд л бичиж эхэлнэ дээ. 2001 онд Энэбиш агсны тойрогт болсон нөхөн сонгуульд Жаргалсайхан нэрээ дэвшүүлсний хариу болгон зохиосон үлгэр л дээ. Хоёрдугаарт, ерөөсөө Ерөнхийлөгч хүн ямар дүр төрхтэй байх вэ гэсэн асуултаар намайг хайрцаглах гэж оролдоно. Урт, гонжгор, царай муутай, гээд л хэлбэр дүрсээр өөлж баалахаар тохиролцож байна гэсэн. Бас ааш муутай ч гэх шиг.
-Хариуг нь та яаж барих вэ?
-Манай ард түмэн тиим хов жив, явуулгаар сонгуульд оролцохгүй байх гэдэгт итгэж байна. Яг ийм байдалд хөтлөгдөж өчнөөн удаа сонголтоо өглөө, хохирлоо. Дахиж тэгж гэнэдэхгуй байлгүй дээ.
-Жаргалсайхан Монголын Засгийн газрын нэр хүндийг Марубенийн өрөөр дэлхийн төвшинд барьцаалсан тухай хангалттай сонссон. Энэ тухай өөрийн чинь амнаас сонсмоор байна?
-Гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжинэ, урамшуулна, зээл тусламж өгөөч гээд учирлаад байгааг бүгд л соноч, мэдэж байдаг байх. Гэтэл зугээр нэг бизнесмэн залуу Японы талтай яриад гурав, дөрвөн үйлдвэр барьчихлаа. Тиим хэмжээний хөрөнгийг чирээд оруулаад ирлээ. Улсад хэрэггүй юм бол буцаагаад өгчихье л дөө. Монгол Улсад мөнгө алга. Хөрөнгө оруулалт хэлбэрээр гаднаас аваад ирэхээр бурууддаг юм байна. Тэгээд яаж хөгжих гээд байгаа юм бэ? Миний л мэдэхээр дэлхийн бүх томоохон үйлдвэр-лэгчид бүгд зээл авч үйл ажиллагаагаа явуулдаг шүү дээ.
-Та УИХ-ын гишүүний хөрөнгө, орлогын мэдүулгээ гаргасан уу?
-Тэрийг чинь удахгүй авах юм гэсэн. Авахаар нь л өгье.
-Жагаа УИХ-ын гишүүн болчихсон байж компанийнхаа ажлаас салж чадахгүй явна. Одоо ч Буян компанийн захирлын албаа хашсаар байгаа гэсэн яриа чих дэлссэн. Үнэхээр та хувь, хувьсгал хоёрыг хослуулаад яваа юм уу?
-Компанийнхаа ажлыг давхар хашаад байсан юм алга. Хардаад байвал ирээд шалгахгүй юу. Зүгээр би өөрийнхөө ажлын байранд, хамт олон дээрээ ирдэг. Болохгүй юу. УИХ-ын гишүүн боллоо гээд үүдээр нь шагайхаа больчих хэрэг үү. Компанийг миний дүү Батсайхан удирдаж байгаа.
-АН-ын нэр бүхий гишүүд МАХН-ын бүлэгт нэгдсэн явдалд та улстөрчийнхөө хувьд ямар дүгнэлт өгч байгаа вэ?
-АН-ын бүлэгт шалтгаан байсан. Эвслийг байгуулсан удирдлагууд нь хоорондоо зохицож чадаагүйгээс эвсэл задарсан. Эвсэл үгүй болмогц, МАХН-тай харьцах субъект нь алга болчихсон. Тиймээс л тэд МАХН-ын бүлэгт орсон. Урваач, шарваач, дагаар орсон гэдгээр нь дуудаад байх ч хаашаа юм. Ажил хамтарч хийхийг урвалт, ухралт гэж цоллох нь буруу. Гэхдээ сайшаагаад байх ч алхам биш. АН-ынханд дахин бүлэг байгуулах хууль зүйн боломж бий гэж хэлмээр байна.
-Уучлаарай, ИЗН, БНН хоёр тэврэлдэж уулзаад тэрсэлдэж салсан. Одоо ИЗБНН-ын дарга Оюун та хоёрын харьцаа ямар байгаа вэ?
-Оюунтай би ерөөсөө ч юм дуугардаггүй. БНН аль хэдийнэ ИЗН-аас салсан. Гэтэл одоохүртэл тэр эмэгтэй БНН-ын нэрийг зүүгээд яваад байгаа. Зарчимгүй асуудал л даа. Улс төрийн намын хуульд давхардсан нэр байж болохгүй тухай заасан бий.
Хүссэн хүсээгүй нэрээ солих биз дээ, Оюун гуай.
-Элбэгдоржийн Засгийн газрын талаар ямар бодолтой явдгийг чинь сонирхож болох уу?
-Тэд нэг их олигтой юм хийхгүй биз дээ.
-Яагаад?
-Яагаад гэвэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт олигтой бүтээлч зүйл алга.
-Бизнесмэн Жаргалсайхан УИХ-ын гишүүн болоод өөрчлөгдсөн үү?
-Нэг их өөрчлөгдөөгүй.
-Хэрэв ИЗБНН-аас туурга тусгаарлалгүй УИХ-ын болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн бол хоёр нам адилхан илүү амжилт гаргах байсан. Үүнийг мэдэрсэн үү?
-Мэдээж, УИХ-ын сонгуулийн сурталчилгааны өдрөөс мэдэрч эхэлсэн. Ер нь бол Монголын ард түмэн гуравдагч хүчнээс гаралтай улстөрчдиин эгнээнд илүү найдвар хүлээлгэж, чухалчлан үздэг болчихоод байгаа. Хоёр том улс төрийн хүчин өөрсдийн удаа дараагийн шударга бус үйл ажиллагаагаар ард түмний хүндэтгэлийг хүлээж чадахгүйд хүрлээ.
-Гуравдагч хүчний орон зайд олон нам шунан тэмүүлж байгаа. БНН тэднээс илүү байж чадах уу?
-Чадаад л байр сууриа илэрхийлээд явж байгаа биз дээ.
-БНН УИХ-ын сонгуулийн үсэр сонгогчдод юу амласан билээ?
-Төрийн албан хаагчдын хариуцлага сахилга батыг дээшлүүлж, архидан согтуурах явдлыг багасгах, бүтээн босголтод анхаарч, түүнийг хөгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлнэ гэж амласан. Мэн үндэсний үйлдвэрлэл, аж ахуйг өөд нь татаж, ажлын байр бий болгох тухай бас бий.
-Энэ амлалтуудыг бие-лүүлэх боломж алга. Яагаад гэвэл та цөөнхийн цөөнх.
-Амлалтаа биелүүлэхийн төлөө би УИХ-д сонгогдлоо. Биелүүлэх боломжийг байлгах ч болно.
-Таны амласныг биелүүлэх ямар боломж байгаа юм бэ? Зүгээр сэтгэл зовохоос цаашгүй биш үү?
-Тэгвэл МАХН, АН хоёрын амлалтыг биелүүлэх ямар боломж байгаа юм бэ? Тэд анхнаасаа л биелэхгүй зүйлүүдийг амласан. Хүүхэд бүрт 10000 төгрөг өгнө гэсэн. Хэрэв энэ мөнгийг өгөөд эхэлбэл жилд 160 тэрбум болно. Эмч, багш нар цалин авахгүй гэсэн үг. Төсвийн мөнгө чинь хэмжээ хязгаартай шүү дээ.
МАХН-ын амласан 500, 100 мянган төгрөгийг ч бас өгөх боломжгүй. Энэ мөнгийг төсвөөс гаргаад эхэлбэл жилдээ нийт 80 тэрбум төгрөг болно. Хоёр намын амлалтанд зориулж нийтдээ 240 гэрбум төгрөгөө гөвж, төсвийнхөө хагасыг үүнд зориулчихвал ахмадууд тэтгэвэр авах тухай ярилтгүй. Харин БНН-ын зорилго биелнэ. Улс орноо хегжүүлье гэвэл эхлээд аж үйлдвэрээ өед нь татах хэрэгтэй. Ядуурлаас гаръя гэвэл орлого ихтэй үйлдвэр, үйлчилгээний газруудыг олноор бий болгох шаардлагатай.
-Энэ бүхнийг хийхэд мөнгө хэрэгтэй. Тэр их мөнгө чинь хаана байгаа юм?
-Ийм мөнгийг олох бололцоо байна аа. Мөнгийг босгох хэрэгтэй. Монголд байдаггүй юм бол гадаадаас авчиръя. 20-30 тэрбум ам .доллар л шаардагдах юм билээ.
-Тэгээд л тэр чинь дахиад өр болж үлдэнэ. Та энэ улс орныг өрөнд барьж өгөх гээ юу?
-Зээлээс юунд нь тэгж их айгаад байгаа юм. Монгол Улс өнгөрсөн 70 жилд зээл тусламжаар л хөгжсөн. 20-30 тэрбум долларын өр тавьчихаад суүлд нь нэг хувьд нь ч хүрэхгүй мөнгөөр хаасан. Төрийн өндөрлөгүүд маань юу хийж байна. Гадаадад айлчлахдаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав алгаа тосч зээл тусламжаа л гуйдаг биз дээ. Би л ганцхан зээл авч чаддаг юм биш. Угаасаа энэ дэлхий ертөнциин улс орнууд илүү дутуугаа харилцан нөхөж нийтээрээ хөгжье гэсэн зарчмаар урагшилж байна.
Хэрэв хөгжил хэрэггүй юм бол Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч нар нь хөдөө явж аргал түүж, мал маллаж, эхнэрүүд нь үнээнийхээ дэлэнг шувтарч амьдраг л дээ.
-Түрүүн та намынхаа халаа, лидерийг бэлтгэж байгаа гэсэн. Нэр цохож танилцуулах юм биш биз?
-Америкт ажиллаж, сурч байгаа 10000 оюутан залуу манай намын халаа болно гэдэгт итгэлтэй байгаа. Тэд эх орондоо ирэхдээ хөрөнгөтний төлөөлөгч, хөгжлийн төлөөлөгч болж ирнэ. Солонгост байгаа мөн төдий тооны залуус бас л БНН-ын халаа, хойч үе. Тэд лав Монгол Улсыг коммунизмын хөгжилд хөтлөхгүй.
Ардчиллаас суралцаж, ардчиллаар амьсгалж, харихдаа ардчиллыг үүрч ирэх залуусын буух буудлыг БНН бэлдэж байгаа. Тэд бүгд манай намыг дэмжигчид.
-Дэмжиж байгаа, үгүйг нь та яаж мэдэж байгаа юм бэ? Баталгаа нь хаана байна?
-Email шалгаад үзэхгүй юу.
-Саяхан оllоо сайтаар явуулсан судалгаагаар Ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлалтай хүмүүсийг Энхсайхан, Энхбаяр нар тэргүүлж, Жаргалсайхан хамгийн бага оноо авсан байсан?
-Битгий худлаа ярь. Хамгийн өндөр оноог Жаргал сайхан, бага оноог нь Энх-сайхан авсан байсан. Солиод л биччихсэн байна лээ ш дээ.
-Та анх Хөрөнгөтний нам гэж байгуулаад хожим нэрийг нь өөрчилсөн. Хөрөнгөтний гэсэн тодотголыг олон нийт хүлээж авахгүй байв уу?
-Хөрөнгөнөөс бүү ай, хөрөнгөжихөөс бүү эмээ гэдгийг ойлгуулах зорилгоор социализмаас дөнгөж салсан ард түмний айдсыг арилгах гэж зориуд тиим нэр намдаа өгсөн. Тэр айдсаас нь салгасан. Хөрөнгөтний нам гэдэг нэр үүргээ биелүүлсэн учир БНН болгосон юм.
-Та МАХН, АН-ын биелээгүй амлалтын талаар олонтаа ярилаа. Ард түмэн Ерөнхийлөгчийн сонгуулийн үсэр энэ амлалтыг нэхэх болов уу?
-Оюун, Эрдэнэбат, Энхсайхан гурав үйтэн хуар дээл өмсөцгөөгөөд л амлаад байсан. Зураг нь үлдлээ, амлалт нь алга. Анхнаасаа би Оюунд хэлж байсан. Гэтэл Оюун ард түмнээ хууран мэхлэх гэж улайрч гүйсэн. Одоо хаачив, тэр амлалт. Яагаад түүнийгээ ярихгүй байгаа юм. Айл бүрт 10000 төгрөгийн үнэт цаас гарган тарааж, хэрэв 2005 оны нэгдүгээр сарын 1-нээс амлалтаа биелүүлж эхлэхгүй бол УИХ-аас татгалзана гэж хүртэл мэдэгдсэн.
Гэтэл татгалзах нь бүү хэл илүү даварч, Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох гэж байна, МАХН ч гэсэн 500, 100 мянган төгрөгөө яаснаа ярих хэрэгтэй. Түрүүчийнхээ асуудлыг шийдээгүй байж дараагийн сонгуульд оролцох эрх МАХН, АН-д байхгүй. Одоо яаж байна. Ард түмнийг аргалаад л өдөр хоногийг өнгөрөөж байна шүү дээ. Сонгогчдын анхаарлыг өөр юм руу хандуулах оролдлого хийцгээж байна.
-МАХН-ын бүлэгт АН-ынхан нэгдсэн. Удахгуй энэ хоёр нам бүр нэгдэж, шинэ нам байгуулах тухай улс төрийн хүрээнийхэн шуугиж байна. Энэ мэдээг та хэрхэн хүлээж авав?
-Ардчилсан нийгмийн тогтолцоог бий болгохын төлөө улс төрийн бүх намууд ажиллаж байна. Ардчилсан гэдэг нэр зүүчихвэл тэр хэсэгхэн хүн, зөвхөн тэр нам л ардчилсан болчихдог юм биш. Нөгөө хэсэг нь ардын гэдэг тодотгол зүүж, Монгол ардын хувьсгалт нам бол-чихсон. Тэгээд ард түмнийг өмчлөх гээд байдаг. Тэгж болохгүй ш дээ. Яахав АН, МАХН-ууд нэгдэж болно. Дангаараа нэр нүүрээ барчихаад арга ядахдаа шинэ нэр нүүр олж байгаа нь тэр. Гэхдээ ард түмэн намуудыг хийж бүтээснээр нь үнэлнэ. Нэр, гишүүдийн тоо чухал биш.
-Улс төрийн үзэл бодлын хувьд хүмүүс хоорондоо зөрчилдөхийг алийг тэр гэхэв. Оюун гишүүн та хоёр хувь хүнийхээ хувьд ойлголцдог уу?
-Тэрэнтэй элдэв долоон юм ярьж муудалцаж, сайдалцаад байх шаардлага надад байхгүй. Харин ч бүсгүй юм гээд дэмжиж явсан. Намын даргын албыг хүртэл өгсөн. Би Оюунаас юу ч аваагүй.
-Та итгэлийг нь авсан юм биш үү?
-Үгүй ээ, тэр миний итгэлийг авсан. МБНН муу ч сайн ч 15 жилийн түүхтэй. ИЗН хэдэн настай билээ. Хөлд орох гээд л мөлхөж яваа биз дээ.
-Тэр 15 жилийн түүх гэдэг чинь гайхуулаад байх юм мен үү дээ?
-Гайхуулах юмтай хүн гайхуулж байна. Тэгээд яагаав
-Танай нам байгуулагдсанаасаа хойш бүх сонгуульд алгасалгүй оролцсон. Эцэст нь УИХ-д ганц ч болов суудалтай боллоо. Энэ ялалт ямар үнэ цэнтэй вэ?
-УИХ болон орон нутгийн дөрвөн сонгуульд оролцсон. Сонгуульд өрсөлдөх бүртээ олон түмэнд зөвхөн үнэнийг, бас дахин үнэнийг ярьж явсан. Түүнээс биш ард түм-нийхээ сэтгэлээр тоглож даажигнан, ядуу зүдүү байдал, бэрхшээлийг нь далимдуулан ашиглаагүй. Тиймээс энэ ялалт үнэний үнэ цэнтэй.
-Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас Энхбаяр, АН-аас Энхсайхан нарын нэр яригдаж байна. Өрсөлдөгчдийнхөө талаар юу хэлэх вэ?
-Энхсайхан, Дорлигжав, Энхбаяр, Улааны хэн байх нь хамаагүй, надад ердөө ч сонин биш. Ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, улс орондоо юу авчрах нь чухал. Хүн мөнх биш. Харин хийж бүтээсэн зүйл нь ард түмэнд ашиг өгч, улс орондоо үлдэж байх ёстой. Ялж л байвал юу ч ярьж, хэнийг ч дайрч доромжлон гүтгэж, түүнийгээ өрсөлдөөн гэж нэрлэдэг байдал газар авчээ.
Тэрбум 200 сая хүн амтай урд хөршийнхөө хөгжилд атаархсан сэтгэл маань, тэдэнтэй харьцуулахад хоёрхон саяулаа хэрнээ туйлын ядуу амьдарч байгаа ард түмнээ хайрласан сэтгэл минь намайг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийг шаардсан.
-Та түрүүн Монголыг хөгжүүлэхэд 20-30 тэрбум ам.долларын зээл хэрэгтэй гэж хэлсэн. Хэрэв Ерөнхийлөгч болчихвол та энэ мөнгийг яаж олох вэ?
-Зүгээр нэг компанийн захирал байхдаа 30 сая долларын хөрөнгө оруулалт олоод ирж чадсан юм, Ерөнхийлөгч болчихвол 30 тэрбумыг яаж чирч ирэхээ мэдэлгүй дээ.
Р.ЭМҮЖИН
(өнөөдөр 2005-03-31 076)